Thursday, March 12, 2009

“ОЮУТОЛГОЙН ОРДЫГ ИЛ АРГААР АШИГЛАХ ТЕХНИК-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛ”-Д ХИЙСЭН ЭКСПЕРТИЙН ДҮГНЭЛТ

Үйлдвэр худалдааны яамны сайдын тушаалаар 2007 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 248 дугаар тушаалаар Айвенхоу майнз Монголия инк компанийн мэргэжлийн багтай хамтран “Оюутолгойн ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэл” боловсруулах монголын ажлын хэсгийг байгуулсан боловч өнөөг хүртэл хамтарсан ажлын хэсэг ажиллаагүй байна. Харин Айвенхоу майнз Монголия инк компани энэхүү Оюутолгойн ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэл”-ийг дангаараа боловсруулж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд шинжээчийн дүгнэлт гаргуулж, хэлэлцүүлэхээр 2007 оны 11 дүгээр сард хүргүүлсэн байна. Тус компани нь 1997-2005 оны хооронд Оюутолгойн бүлэг ордод эрэл, хайгуулын ажил гүйцэтгэж нийт 183.39 тэрбум төгрөгийн зардал гаргаснаас Өмнөд Оюу ордын судалгаанд 82.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Оюу толгойн бүлэг орд нь Өмнөд оюу, Баруун өмнөд оюу, Төв, Завсрын, Хойд Хюго, Өмнөд Хюго гэсэн үндсэн хэсгүүдээс бүрддэг юм байна. Эдгээрээс Өмнөд оюу, Баруун өмнөд оюу, Төв, Завсрын хэсгүүдийг нэгтгэн Өмнөд Оюу орд гэж нэрлэн энэхүү ТЭЗҮ-ийг бичсэн байна гэж ойлгогдож байна. Өмнөд Оюу ордод 2005 онд баттай/А/ болон бодитой зэргээр/Б/ 930 сая тн хүдэр, 4,029 сая тн зэс, 236,4 тн алтны нөөц батлуулсан байна. Боломжтой нөөцийг /С/ 266.82 сая тн хүдэр, 0.907 сая тн зэс, 61.27 тн алт гэж тогтоосон байна. Энэ үед Хюго Даммит ордын /Хойд, Өмнөд Хюго/ бодитой нөөцийг 581.3 сая тн хүдэр, 11.8 сая тн зэс, 236.98 тн алт, боломжтой нөөцийг 1162.0 сая тн хүдэр, 12.6 сая тн зэс, 270.88 тн алт байна гэж тогтоосон боловч батлуулаагүй. Үүнээс үзвэл нийт Оюу толгойн ордын батлагдсан болон батлагдаагүй нийт нөөц 2940.12 сая тн хүдэр, 29.336 сая тн зэс, 805.45 тн алт болж байна гэжээ. Энэхүү материал нь Тайлангийн хураангуй, Хайгуулын лицензийн талбайн тухай ерөнхий мэдээлэл, Хайгуулын талбайн геологийн тогтоц, Хайгуулын ажлын аргачилал ба гүйцэтгэсэн ажлын хэмжээ, Ордын хүдрийн найрлага, технологийн шинж чанар, Хүдрийн талбайн гидрогеологийн нөхцөл, Ашигт малтмалын ордын нөөцийн тооцоо, Ашиглалт-ашигт малтмалын ордын уул техникийн нөхцөл, Орд газрын ашиглалт, Байгаль орчны болон геоэкологийн үнэлгээ, Дүгнэлт гэсэн 11 бүлгээс бүрэлдэж байна. Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших Оюу толгойн зэс-алтны орд газрын геологийн эрэл, хайгуулын ажлыг Айвенхоу майнз Монголия инк ХХК нь ... оноос эхлэн хийж Өмнөд Оюутын хэсгийн нөөцийг тооцож геологийн нарийвчилсан хайгуулын ажлын тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2007 оны ... хуралдаанаар хэлэлцүүлж нөөцийг Монгол Улсын нөөцийн санд бүртгэж авсан байна. Тус компанид нь Оюутолгойн ордыг ашиглах ...А тусгай зөвшөөрлийг 2003 оны 12 дугаар сарын 23-нд олгожээ. Үүнээс хойшхи дөрвөн жилийн хугацаанд ордыг ашиглах техник-эдийн засгийн тоцоог хэд хэдэн хувилбараар хийсэн нь Монгол улсад мөрдөж байгаа заавар, журмын шаардлагыг хангахгүй, ордыг ашигласнаас гарах эдийн засгийн үр ашгийн тооцоог бодитоор тусгасан хувилбар тооцоог боловсруулаагүй байна. Эдгээр техник-эдийн засгийн тооцоонуудтай талаар өмнө нь байгуулагдаж байсан шүүмж, дүгнэлт өгөх ажлын хэсэг танилцаж санал, зөвлөмжийг тухай бүрд нь өгч байсан. Эдгээр дүгнэлт, санал, зөвлөмжийг техник, эдийн засгийн үндэслэлд хэрхэн тусгасаныг жичид нь дахин нухацтай авч үзэх шаардлагатай байж болох юм. Оюу толгойн ил уурхайн ТЭЗҮ-ийн төсөлд барилгын болон үйлдвэрийн ажилчдыг байрлуулах 2000 хүний багтаамжтай орон сууцны тосгон байгуулахаар тусгагдсан байна. Тийнхүү Оюу толгойн хотхон нь тийм цөөхөн хүнтэй байхаар тооцож байгаа нь уг ТЭЗҮ-ийн төслийн VIII.15.1 Боловсон хүчний зохион байгуулалт хэмээх зүйлд бичсэнээр бол Оюу толгойн ажиллагсад нь ээлжээр, явуулын журмаар ажиллаж байх явдлаас шалтгаалж буй бололтой юм. Тухайлбал, Монголд байх нийт мэрэгжлийн боловсон хүчин болон бусад дотоодын ажиллагсадын 50 орчим хувь нь Улаанбаатарт байрлах, үлдсэн хэсэг нь Даланзадгад болон говийн бусад суурин газарт байх, уурхайн ажилчид уурхай дээр байрлах ба ээлжийн журмаар ажиллана гэж заасан байна. Мөн энэ зүйлд ахлах менежерүүд 5 хоног ажиллаад Улаанбаатар руу буцаж байх, гадаадын иргэд 6 долоо хоног ажиллаад 2 долоо хоногийн хугацаагаар нутагтаа буцах, Монголын ажилчид 14 хоног ажиллаад 7 хоног гэртээ буцаж амарч байхаар дурьджээ. Энэ байдлаас Оюу толгойн хотхон нь үйлдвэрийн ажиллагсадын нийтийн байр төдийхэн байхаар төлөвлөж байгаа юм болов уу гэсэн сэтгэгдэл төрж байна. Ер нь хагас зуун жил шахамын урт хугацаанд ажиллах томоохон үйлдвэрийн цогцолборт ажиллагсад нь байнга л гэр бүлээсээ хол, явуулын байдалтай ажиллаж амьдрах нь хүмүүсийн амьжиргаанд төдийлэн тохиромжтой арга биш байж болох юм. Оюу толгойн ордын үндсэн үйлдвэрлэлийг дагалдан дэд бүтцийн, үйлчилгээний болон бусад үйлдвэрлэлийн газрууд үүдэн бий болох тул аажимдаа нилээдүй олон тооны хүн амтай томоохон хот бүрэлдэнэ гэж үзэж хот төлөвлөлтийн асуудалд анхаарах нь зүйтэй болов уу. Айвенхоу майнз Монголия инк ХХК-ний боловсруулж, Үйлдвэр, худалдааны яаманд /Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд/ ирүүлсэн “Өмнөт Оюутыг ил аргаар ашиглах техник эдийн засгийн үндэслэл”-тэй /цаашид ТЭЗҮ гэж товчлох/ танилцаж дараах шүүмжийг өгч байна. 1. Техник-эдийн засгийн тооцооны иж бүрдэл, монгол улсад мөрдөгдөж байгаа заавар, журмыг мөрдлөг болгосон эсэх талаар “Ашигт малтмалын тухай” хуульд заасны дагуу Монгол улсын геологи, уул уурхайн асуудалыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хэлэлцүүлэхээр Айвенхоу майнз монголия инк компанийн боловсруулж монгол хэл дээр орчуулсан ТЭЗҮ нь техник-эдийн засгийн үнэлгээний хэмжээнд хийсэн байна. Энэ ажлыг монгол улсад мөрддөг стандарт, шаардлагын дагуу бол ТЭЗ үндэслэл гэж үзэх үндэслэлгүй бөгөөд харин техник-эдийн засгийн үнэлгээ эсхүл тооцоо гэж нэрлэж болох юм. Өнөөгийн мөрдөгдөж байгаа заавар, журмаар энэхүү тооцоо нь анхан шатны техник эдийн засгийн судалгаа гэж ойлгогдохоор байна. Энэхүү техник-эдийн засгийн тооцоо нь Өмнөт Оюутын техник-эдийн засгийн үндэслэл, ил уурхай, 213 хуудас тайлбар бичиглэл, ТЭЗҮ-ийн хүснэгт, зураг хавсралтууд (ихэнх нь хуудасны дугааргүй) гэсэн хоёр боть тайлангаас бүрдэл болжээ. Тайлбар бичиглэл, хавсралт нь тайлангийн хураангуй, лицензийн тухай мэдээлэл, дүгнэлт, ашигласан хэвлэл зэргийг оруулсан 12 хэсэг, бүлэгтэй бөгөөд эдгээрийг хасвал 8 үндсэн бүлэг хэсгээс бүрдэнэ. Уурхайн нөөц, түүнийг ашиглах арга технологи, үйлдвэрийн гол бүрэлдэхүүн хэсэг болсон хүдрээс баяжмал боловсруулах, металл зэс, алт ялгах технологи, тэдгээрийн үйлдвэрийн онцлог, инженерийн барилга байгууламжийн шийдэл, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх процесс, эдийн засгийн тооцоонд шүүмж өгөхөд анхаарлаа хандууллаа. Энэхүү эдийн засгийн тооцоог, монгол улсад мөрддөг стандарт, зааврын дагуу бол урьдчилсан хайгуулын дараа нарийвчилсан хайгуулыг үргэлжлүүлэх эсэх, улмаар тухайн үйлдвэрийн ач холбогдлыг тодорхойлох, нөөцийн тооцооны параметрүүдийг үндэслэх зорилгоор боловсруулдаг кондицийн техник-эдийн засгийн илтгэлтэй жишиж болох авч, зарим бүрэлдэхүүн хэсгийн хувьд хагас дутуу, орхигдсон зүйлс нэлээд байна. Үүнд: 1. Захын агуулын буюу NSR-ийн олон хувилбарын тооцоо байхгүй, 2. Үйлдвэрийн хүч чадлын үндэслэл хангалтгүй, оновчтой биш, 3. Ил уурхайн оновчтой гүн буюу хөрс хуулалтын коэффициентийн үндэслэл хангалттай биш, 4. Хүдрийн баяжигдах чанарыг тодорхойлох зорилгоор авсан технологийн дээжийн нөлөөлөх чадварын тухай, түүний технологийн паспортийн талаар тайлбар байхгүй, 5. Захын агуулын олон хувилбарын болон эцсийн бүтээгдэхүүний хувилбарууд, үр ашгийн талаар хийсэн эдийн засгийн дэлгэрэнгүй тооцоо байхгүй зэргээр тайлбарлагдана. Экспертийн дүгнэлт гаргуулахаар өгсөн тайланд нөөцийн тооцооны зүсэлт, план зургууд, уурхайн болон бусад объектүүдийн зураг огт хавсрагдаагүй байна. Шинжээчдийн хүсэлт, шаардсанаар нөөцийн блокчлол бүхий хэвтээ хавтгайд буулгасан уурхайн план зурагтай танилцсан болно. Харин эдийн засгийн дэлгэрэнгүй тооцоог шаардсан боловч, хэдэн жилийн өмнө хийсэн бүрэн гүйцэд биш, дутуу хуучин тооцоог өгсөнийг тэмдэглэж байна. Өмнө шүүмжлэгчдийн 2005 оноос хойш Оюутолгойн ордыг ашиглах эдийн засгийн тооцоо, судалгааны ажлуудтай танилцаж өгсөн зөвлөмж, саналыг тэрбүрчлэн тусгаж ажиллаагүй учир түрүүнд гаргасан алдаа, дутагдалыг давтсан байна. энэхүү ТЭЗҮ нь иж бүрдэл болоогүй, зарим гаргалгаа, үндэслэл нь дутуу дулимаг, эргэлзээтэй байгаа учрыг хойно дэлгэрүүлж тайлбарлах болно. Тайлангийн 7 дугаар хуудсанд: “...судалгааны объектүүдийн техник-эдийн засгийн үндэслэлийн түвшинд хүргэж судлах боломж бүрдээгүй байна.” гэсэн нь энэхүү ТЭЗҮ боловсруулагчид бидний дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж болох юм. Монгол улсад нөөцийг улсын бүртгэлд авахын тулд тодорхой заавар стандартын дагуу хайгуулын явцад техник эдийн засгийн илтгэл буюу түр кондиц, хайгуул дууссаны дараа техник эдийн засгийн үндэслэл буюу байнгын кондиц боловсруулдаг 2 шатны эдийн засгийн үндэслэл хийдэг юм. Шинжээчдийн ойлгосноор энэхүү цогцолбор төлөвлөгөө нь эрлийн ажил дууссаны дараа хийдэг техник эдийн засгийн төсөөлөл тооцооны үе шатны ажилтай дүйж байна. Өөрөөр хэлбэл энэхүү цогцолбор төлөвлөгөө нь “Фийзплит стад” ч биш, “прифийзплит стад” ч биш тэдгээрийн өмнөх үе шатны эдийн засгийн үнэлгээтэй дүйж байна. 2. Техник-эдийн засгийн тооцооны боловсруулалтын онцлог, мөн чанар, агуулгын талаар. Энэхүү техник-эдийн засгийн тооцоо нь 2005 онд ордыг ашиглах цогцолбор төлөвлөгөө (ОАЦТ) нэртэйгээр хийсэн ажлын нэг хэсэг бөгөөд тэхдээ ил уурхайн нөөцийн тооцоог нь дахин нарийвчилж, уурхайн параметрүүдтийг тодотгон тооцоолжээ. Хайгуулын ажил дуусаагүй, энэ ордын (Оюутын хэсэг ба Хюго Даммитын хэсэг) нөөц нь тогтоогдоогүй байхад эдийн засгийн ерөнхий потенциалыг тодорхойлох зорилгоор АММИ компанийн захиалгаар энэ ажлыг боловсруулжээ. 2007 оны 8 дугаар сарын сүүлч, 9 дүгээр сарын эхний өдрүүдэд Монгол улсын ҮХЯ-ны сайдын тушаалаар ТЭЗҮ боловсруулах монголын хэсэг ба АММИ компанийн хамтарсан ажлын хэсгийг байгуулсан боловч, АММИ компанийн зүгээс энэ байдлыг үл хайхарч, зөвхөн АММИ компанийн талаас дангаараа боловсруулсан техник эдийн засгийн тооцоог хийжээ. АММИ компанийн зүгээс техник эдийн засгийн тооцоог хийхдээ ингэж хариуцлагагүй хандсан нь, урд өмнө 4 жилийн турш хийсэн алдаагаа дахин давтаж, монгол улсын эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдолтой төдийгүй, дэлхийд томд тооцогдох энэ ордын эдийн засгийн ач холбогдлыг тодорхойлохдоо, зөвхөн монгол улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа гадаадын нэг компанийн эрх ашгийг онцгойд үзэж, монгол улсын эрх ашгийг хоёрдугаарт тавьж, монгол улсын үндсэн хуулийн 6.1 ба 6.2 дугаар заалтыг зөрчсөн байна. Одоогоор нөөц баялаг нь 32 тонн зэс, 1000-аад тонн алтаар үнэлэгдээд байгаа Оюутолгойн орд бол монголын ард түмний, нийтийн өмч, энэ өмчийг захиран зарцуулах эрхийг төр эдлэх ёстой. Гэтэл Монгол улсын Үндсэн Хууль, Газрын хэвлийн хуулийн холбогдох заалтуудыг зөрчин энэ өмчийг гадаадын нэг компани өөрийн эрх ашигт зохицуулсан бодлогоор Оюутолгойн ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, түүнийгээ монгол улсын Засгийн газарт тулган, үүний дагуу боловсруулсан хөрөнгө оруулалтын гэрээ буюу энэ компанид онцгой эрх эдлүүлж, монгол улсын эрх ашгийг умартуулсан гэрээгээр ордыг ашиглах асуудлыг шийдвэрлэх гэж удаа дараа оролдож байгаа нь олон улсын эрх тэгш хамтын ажиллагааны эрх зүйн хэм хэмжээнд ч, монголын ард түмний эрх ашигт ч үл нийцнэ гэдэг нь ойлгомжтой байна. 3. Оюутын хэсгийн нөөцийн талаар. Аливаа ордыг ашиглах үндэслэл нь баттай тогтоогдсон нөөцтэй байх ёстой. Нөөцийг тогтооно гэдэг нь эрх зүйн болоод техник, технологи, эдийн засгийн олон талын шалгуур, дүрэм, журам, заавар, стандартын нөхцөл, шаардлагыг хангах ёстой. Оюутолгойн ордын хувьд эдгээр нөхцөл, шаардлагыг үндсэндээ, хангасан (бүрэн дүүрэн 100 хувь хангасан гэж бас үзэж болохгүй) нөөц нь Оюутын буюу ил уурхайн хэсгийн нөөц юм. Энэ нөөц нь Оюутолгойн их ордын (Оюутолгойн хэсгүүд болоод Хюго Даммитын хэсгүүд) геологи хайгуулын ажлаар тогтоогоод байгаа нийт нөөц баялгийн дөнгөж 13 хувь болж байна. Ийм хэмжээний нөөц баялагд тулгуурлаж, ордыг иж бүрэн үнэлэх, тэр тусмаа техник эдийн засгийн нарийвчилсан үнэлгээ хийх боломжгүй билээ. Энэ нь монгол улсад ч, канад улсад ч мөрдөгдөж байгаа нөөц баялгийн тухай, техник эдийн засгийн үндэслэл боловсруулах дүрэм, журам, стандарттай нийцэхгүй байгаа юм. Эрх бүхий байгууллагын шаардлагаар Айвенхоу майнз Монголиа инк компаний боловсруулсан энэхүү техник эдийн засгийн үндэслэл нь тооцоог боловсруулахад тавигдах нөхцөл, шаардлага, стандарттай хэрхэн нийцэж байгаа талаар дараах дүгнэлтийг өгч байна. Үүнд: • Тайлангийн 115 дугаар хуудасанд нөөцийн тооцоог NSR-ийн ба эквивалентийн гэсэн 2 аргаар хийсэн гэсэн тайлбар бий. Харин хоёрдахь хувилбараар хийсэн тооцооны үр дүн, аргачлал тооцоонд байхгүй, өөрөөр хэлбэл тооцоог нэг л арга, аргачлалаар хийсэн гэж ойлгогдож байна. • NSR-ийг 3.24-3.59 гэсэн утгаар авсан ба үүний үндэслэл, гаргалгаа алга байна. • Cut-off-grad-ийн олон хувилбар тооцоо байхгүй, зэсийн үнийн нэг хувилбартай, энэ үнэ нь харьцангуй доогуур байсан 1987-2003 онд үнэд тулгуурлаж түүнийг үндэслэсэн нь гол дутагдал төдийгүй, зарчмын алдаа байж болох юм. Үүнээс зайлсхийх нэг арга бол үнийн болон Cut-off-grad-ийн олон хувилбарыг тооцоож тэр болгонд харгалзсан техник эдийн засгийн тооцоо хийж түүнээсээ оновчтой хувилбарыг нь сонгох Монгол улсад мөрддөг заавар журам, стандартын нэг гол шаардлагыг энэхүү ТЭЗҮ-д орхигдуулжээ. • Оюутын хэсгийн ил аргаар ашиглах нөөц нь Хюго Даммитынхтай харьцуулбал ядуу юм. Тайлангийн 2 дугаар ботид ордод хийсэн геологийн судалгааны үр дүн буюу өрөмдлөгөөр тогтоосон хүдрийн биетүүдийн сорьцлолтын үр дүнг хавсаргажээ. Өмнөт Оюутын Техник эдийн засгийн үндэслэл нэрийн дор 2007 оны 10 дугаар сард боловсруулсан Хавсралт В буюу нийлмэл өгөгдлийн жагсаалт нэртэй 81 хуудсанд өрөмдлөгийн ажлын үр дүнд тогтоогдсон хүдэр дэх зэс, алтны агуулгыг жагсааснаас үзвэл, үндсэн бүрэлдэхүүн хэсэг болсон зэсийн агуулга 1,2,3,4... зэрэг бүхэл утгаар илэрхийлэгдэж байгаа нь маш өндөр агуулгыг зааж байна. Гэтэл Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцсэн нөөцийн агуулга нь эдгээрээс олон дахин бага буюу 0,48-0,58 хувь байгаа нь энэ тооцоонд нөөцийг буруу тооцсон байж болзошгүй, эсхүл Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хуурамч материал өгсөн гэсэн дүгнэлтэд хүргэж байна. • Уг ТЭЗҮ-ийн материал нь давхардал ихтэй, үндсэн үйлдвэрлэлийн хүчин чадал, дэд бүтэц, санхүү, эдийн засгийн холбогдолтой асуудлууд хэд хэдэн бүлэг зүйлд дахин давтан бичигдсэн учраас хуудасны тоо нь зохиомолоор олон болсон, уншиж танилцахад их цаг зарцуулж байна. Эл байдлаас үзэхэд, хэд хэдэн хүн бүлэг, зүйлээр нь хуваан авч боловсруулсан хэсэг бусаг материалыг хэн нэгэн хүн нэгтгэн боловсруулаагүй юм уу гэсэн сэтгэгдэл төрж байна. Тийм учраас энэхүү техник-эдийн засгийн үндэслэлийн бүтцийг (бүлэг, зүйлийн) эмхлэн, дэс дараалалыг зөв зохистой болгох, давхардлыг арилгах шаардлагатай байна. • Энэхүү материалд үг хэллэг, нэр томьёо, найрлага зүй, хүснэгт диаграммын хувьд ойлгомжгүй зүйлс олонтой тааралдаж байна. Жишээ нь : “капитал зардал” гэснийг хөрөнгө оруулалт гэж таамаглахад хүрч байна. Мөн “Өнөөгийн цэвэр үнэ”, “Өгөөжийн дотоод төвшин”, “Өрийн санхүүжүүлт”, “Өрөө төлөх харьцаа”, “Өрийг санхүүжүүлэх дээд хэмжээ”, “Уурхайн хүрээн дэх нэгтгэл”, “зардлын нэгтгэл”, нөөцийн нэгтгэл” гэх мэтийн ойлгомжгүй буюу оновчтой бус нэр томьёо олон байна. Уг нь аливаа банкнаас авах хөрөнгө оруулалтын санхүүжилтийн эх үүсвэрийг “зээл” гэдэг болохоос “өр” гэж нэрлэдэггүй. Харин зээлийг төлөх хугацаа хэтэрвэл өр болж хувирдаг. • Зарим хүснэгтийн дээд талд “Татварын өмнөх”, “Татварын дараахь” гэсэн байгаа нь чухам татварын өмнөх юумуу, дараах юу юм бэ гэдэг нь ойлгомжгүй байна. Мөн зарим хүснэгтийн үзүүлэлтүүд нь хэмжих нэгжгүй байна. Түүнчлэн тоо хэмжээ нь үл мэдэгдэх, ойлгомж муутай диаграмм ч тааралдаж байна. 4. Ил уурхайгаар ашиглах арга технологийн талаар. Ил уурхайн хил хязгаар, гүн нь хөрс хуулалтын оновчтой коэффициентээр тодорхойлогддог нь олон улсад мөрддөг жишиг юм. ТЭЗҮ-д ил уурхайн оновчтой параметрүүдийг үндэслэсэн тооцоо, судалгаа хангалтггүй байна. Монголд мөрддөг заавар, журмын дагуу бол ил ба далд уурхайн хил заагийг, олон хувилбарын эдийн засгийн тооцооны үндсэн дээр тодорхойлдог. Ийм тооцоо, үндэслэл байхгүй байгаа нь ил уурхайн хил хязгаар, гүнийг тодорхойлсон байдалд эргэлзээ төрүүлж байна. Монголд мөрддөг стандартаар геологийн нөөц, барууны стандартаар бол “in city” нөөцийг энэ тайланд тусгаж өгөөгүйгээс чухам аль хир нөөц ил уурхайн гадна үлдэж, тэдгээрийг ил аргаар хэрхэн ашиглах судалгаа, дүгнэлт тодорхой бус байна. Ил уурхайн загварыг гаргахдаа NSR-ээр үндэслэсэн боловч, энэ нь уурхайн хаалган дээрх баяжмалд төлөгдөх орлого гэж тайлбарлаад, энэ параметрийг тодорхойлоход баяжмалын гарц, хайлуулалтын суутгал, баяжмал тээвэрлэлт, хайлуулах үйлдвэрийн боловсруулалт, цэвэршүүлэлтийн төлбөр, хортой хольц, байгалийн нөөц ашигласны төлбөрийг тухай тайлангийн 121 дэх хуудсанд өгүүлжээ гэж ойлгогдож байна. Харамсалтай нь, эдгээр параметрийг чухам ямар тодорхой утгаар авсан тайлбар, тодорхойлолт байхгүй байна. Тайлангийн 119 дүгээр хуудсанд ил уурхай цаашид ихээхэн гүнзгийрэх тутам доголуудын тогтвортой байх налуугийн ерөнхий өнцгийн тооцоо харагдахгүй байна. Жишээлбэл: өгөршсөн агуулгатай дээд доголын хувьд тогтвортой өндрийн хэмжээг нийт 60 м өндөр бүхий тус бүр нь 15 м-ийн өндөртэй 4 догол байна гэжээ. Үүнд догол бүрийн талбайн өргөн тодорхойгүй байна. Гэтэл 112 дугаар хуудсанд ерөнхийдөө налуугийн нийтлэг зааварт 15 м-ийн өндөртэй стандарт доголд 6-12 м-ийн өргөнтэй аюулгүйн давцангуудыг хийж өгөхөөр тусгасан гэжээ. Эндээс үзэхэд Өмнөт оюутын ил уурхайн доголуудын тогтвортой байх ерөнхий налуугийн өнцөг хэд байх нь тодорхойгүй гэж дүгнэж болохоор байна. Тайлангийн 121 дэх хуудсанд “Блок загварт зөвхөн хэмжиж тогтоосон болон өндөр магадлалтай гэж ангилагдсан нөөц баялгийг л ил уурхайн оновчлол болон үйлдвэрийн цаг хугацааны төлөвлөлтийг гаргахад ашигласан. Боломжит нөөцийг хөрсөнд тооцсон” гэжээ. Нөөцийг буюу резервийг хөрсөнд тооцсон гэдэг нь ойлгогдохгүй байна. Нөөц л юм бол эдийн засгийн үр ашигтай байх ёстой. Мөн 122 дугаар хуудсанд ил уурхайгаар ашиглах үеийн бохирдолтын талаар тайлбар хийгээд “10 м-ээс бага “өргөнтэй” бүх дэл судлыг бохирдолд оруулсан. Тэг, түүнээс дээш агуулгыг тооцоонд .... “ хамруулсан тухай өгүүлжээ. Уг нь монголд мөрддөг заавар, журмын дагуу бол, техник эдийн засгийн үндэслэлийн тооцоонд бохирдолтын хувийг тооцоолж гаргадаг билээ. Ашиглалтын үеийн энэхүү гол параметрээс болж бүтээгдэхүүний чанарт хэрхэн нөлөөлдөг нь хэн бүхэнд ойлгомжтой. Ер нь бохирдолтын хувь хэмжээ яг хэд байгааг тооцож гаргах ёстой, ядахдаа 0 агуулгатай хүдрийн зузаан хэд болох мөн хоосон чулуулгатай дэл судлын хэмжээ зэргийг кондиц хэмээх шаардлагаар тодорхойлдог нь монголын нөхцөлд хэвшсэн зүйл мөн. Энд тэмдэглэхэд монгол улсад мөрддөг заавраар бол уурхайн хаягдлыг ч тусад нь тооцдог, зарим тохиолдолд үүнийг тодорхойлоход тусгайлан тогтоосон норм, нормативыг хэрэглэдэг. Харин энэхүү ТЭЗҮ-д хийсэн хаягдлын тооцоо үндэслэлийг олж үзсэнгүй. Уурхайд 42 м3 шанагтай 3 экскаватор, мөн хүдэр тээвэрлэх 220 тонн даацтай өөрөө буулгагч автомашинуудыг хэрэглэхээр авсан боловч, тэдгээрийн хүч чадлын үндэслэл-тооцоо тайлбар бичиглэлд байхгүй байна. 130 дугаар хуудсанд “Тоног төхөөрөмжийн тооцоог Засвар үйлчилгээний гэрээлэгчдийн тендерийн процессын дүнд тоног төхөөрөмж нийлүүлэгчдийн гаргаж өгсөн өгөгдөл, техникийн үзүүлэлтэд суурилж гүйцэтгэсэн” гэжээ. Уурхай, түүний проект, тоног төхөөрөмжийн сонголтыг зөвхөн үйлдвэрлэл зураг төслийн, эсхүл судалгааны байгууллага л гаргадаг. Түүнээс өнөөгийн Айвенхоу майз моголиа инк компаний засвар үйлчилгээний байгууллага энэ чухал үзүүлэлтийг гаргана гэдэг нь монголд мөрддөг заавар, журамтай харшилж байна. Таллак программ ашиглан энэ тооцоог хийсэн гэх боловч түүний үр дүнг тайлбар бичиглэлд хавсаргаагүй байна. 126 дугаар хуудсанд Ил уурхайн ашиглалтын хугацааг, өдөрт 85000 тонноор авахад 29 жил болж байгаа аж. Аажмаар далд уурхайн хүдрийг ил уурхайн хүдэртэй хольж, дундажлах (жигдрүүлэн дундажлах) замаар үйлдвэрийн үр ашгийг дээшлүүлэх тухай өгүүлжээ. Энэ хандлага нь ордыг ашиглах үр ашгийг дээшлүүлэх гол үзэл баримтлал бөгөөд нэг талаас ил уурхайг дангаар нь авч үзэж болохгүй, нөгөө талаас Оюут ба Хюго Даммитыг хамтад нь авч үзэж байж л энэ ордын эдийн засгийн үр ашгийн тухай бодит дүгнэлт хийж болно гэсэн дүгнэлтэд хүргэж байгаа юм. Энэ нь нөгөө талаас Ил уурхайг ашиглах ТЭЗҮ-ийг тусад нь хийх нь ямарч утгагүй зүйл гэдгийг нотлох бас нэг баримт гэж үзэхэд хүргэж байна. Бага агуулгатай хүдрийг зөвхөн 25-30 дахь жилд ашиглахаар (134 дүгээр хуудас) төлөвлөсөн нь үндэслэл муутай бөгөөд харин тооцоонд авсан үнийн хязгаараас төдөн хувиар давсан тохиолдолд ашиглана гэвэл зах зээлийн зарчимд нийцэх байсан бус уу. 136 дугаар хуудсанд ашиглалтын 17 дахь жилд дизель экскаватор худалдаж авна гэснийг тооцоогоор харуулаагүй байна. Ил уурхай нь 30-аад жил ажиллах юм байна. Энэ хугацаанд жилд олборлох, боловсруулах хүдрийг 140-143 хуудсанд, 28-29 дүгээр хүснэгтээр үзүүлжээ. 30-аад жилийн турш жилд 31-35 сая хүдэр олборлохоор төлөвлөсөн нь хүч чадлыг харьцангуй тогтвортой байлгах, улмаар үйлдвэр жигд ажиллах зарчмыг хэрэгжүүлэх боломжийг олгож байна. Харин таваарын хүдэр дэх агуулга харьцангуй хэлбэлзэл багатай байхад жил бүр гаргах баяжмалын хэмжээ өөр хоорондоо ихээхэн ялгаатай байгааг дээрх хүснэгтээс ажиглаж болно. Жишээлбэл, 3 дахь жилд 0,59 хувийн зэсийн агуулга бүхий 31,025 сая тонн хүдэр олборлоход 24,69 хувийн зэсийн агуулгатай 536 мянган тонн баяжмал үйлдвэрлэж байхад, 9 дэх жилд 0,56 хувийн зэсийн агуулгатай 34,869 мянган тонн хүдэр олборлож, 24,88 хувийн зэсийн агуулгатай 1173 мянган тонн баяжмал буюу боловсруулсан хүдэр, түүний агуулга нь төдийлөн өөрчлөгдөөгүй байхад үйлдвэрлэсэн баяжмал нь өөр хоорондоо 2 илүү дахин зөрөөтэй байгаа нь ойлгогдохгүй байна. Баяжмалын тооцоог бид өөрсдийн аргачлалаар шалган үзэхэд ийм их зөрөө гарахгүй байгаа юм. Тэхдээ зарим анхдагч үзүүлэлт тодорхой биш учраас бид өөрсдийн тооцоог энд өгүүлсэнгүй. Энэ бүхэнтэй шууд уялдаад жил бүр гаргах металл зэсийн хэмжээ ч мөн өөр хоорондоо эрс өөрчлөлттэй байна. Тухайлбал, эхний 10 жилд, жилд 128-246 мянган тонн зэс үйлдвэрлэхээр төлөвлөжээ. 11-30 дахь жилүүдэд жилд 88-140 мянган тонн зэс үйлдвэрлэхээр тусгагдсан байна. 29 дүгээр хүснэгтэд, 25 ба 30 дахь жилд, жилд үйлдвэрлэх бүтээгдхүүний хэмжээ асар их байна. Энэхүү ил уурхайн техник эдийн засгийн үндэслэл гэж нэрлэсэн тайлан нь 2005 онд боловсруулсан Оюутолгойн ордыг ашиглах цогцолбор төлөвлөгөөнд тулгуурласан бөгөөд энэхүү баримт бичиг, хожим нь Монгол улсын Засгийн газар ба АММИ компанийн хооронд байгуулах хөрөнгө оуулалтын гэрээний үндэс болсон юм. ОАЦТ-ний агуулга мөн чанарын тухай, эрх зүйн талаас нь ч, техник-эдийн засгийн тооцооны бодит байдлын талаас нь ч бид үнэлэлт, дүгнэлтээ нэгэнт гаргасан учир энд дэлгэрүүлж нурших шаардлагагүй. Харин ил уурхайн төлөвлөлттэй холбоотой нэгэн баримтыг энд арай дэлгэрүүлж авч үзэх шаардлагатай болж байна. Оюутолгойн ордыг эзэмшихэд монголын талын онцгой анхаарал тавих гол асуудал бол жил бүр тус үйлдвэрээс гарах бүтээгдхүүний тоо хэмжээ бөгөөд үүнийг хөрөнгө оруулалтын гэрээнд яаж тусгасныг доор хуулбарлан үзүүлэв. “Талууд доорхи зүйлийг зөвшөөрөв. Үүнд: 3.3.1 Энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр боловсруулсан байсан Оюу Толгой ордыг ил уурхайн хэсгээс олборлох, боловсруулах ашигт малтмалын тухай техник, эдийн засгийн үндэслэл болон Оюу Толгой ордын далд уурхайн хэсэгт хайгуул, үнэлгээний урьдчилсан тооцоонд үндэслэн Хөрөнгө оруулагч нь Оюу Толгой ордын ил, далд уурхайн хэсгээс үйл ажиллагааныхаа эхний гучин (30) жилд дор дурдсан хэмжээний хүдрийг олборлож боловсруулахаар тооцсон бөгөөд уг хүдрийг боловсруулснаар Хөрөнгө оруулагч нь дор дурдсан хэмжээний зэс, алт, мөнгө үйлдвэрлэнэ. Олборлох хүдэр болон зэс, алт, мөнгөний урьдчилан тооцоолсон хэмжээ дараахь байдлаар байна.
Жил Он сар өдөр
Олборлох хүдрийн хэмжээ /мянган тонноор/ Алт/ унц Зэс/ тонн Мөнгө/ унц
2009 20,000 280,000 113,000 635,500
2010 43,000 1,017,000 306,000 1,685,600 3
2011 43,000 475,000 317,000 1,899,000 4
2012 43,000 814,000 438,000 2,543,000 5
2013 44,000 383,000 578,900 3,190,700 6
2014 60,000 715,000 816,800 4,428,300 7
2015 60,000 630,000 877,700 4,870,700 8
2016 60,000 636,000 924,600 5,163,500 9
2017 60,000 575,000 871,800 4,659,900 10
2018 20,000 280,000 113,000 635,500 11
2019 54,000 613,000 810,100 3,928,800 12
2020 47,000 496,000 639,200 3,092,500 13
2021 56,000 496,000 632,600 3,237,700 14
2022 60,000 438,000 594,800 3,137,900 15
2023 60,000 336,000 493,100 2,669,100 16
2024 64,000 290,000 486,000 2,613,200 17
2025 72,000 292,000 607,500 3,322,500 18
2026 72,000 275,000 619,300 3,245,500 19
2027 64,000 231,000 552,100 2,639,700 20
2028 60,000 195,000 530,100 2,479,800 21
2029 60,000 195,000 596,800 2,674,800 22
2030 60,000 225,000 673,600 2,937,400 23
2031 60,000 256,000 654,600 3,086,400 24
2032 60,000 297,000 620,300 3,100,500 25
2033 60,000 315,000 576,200 2,960,400 26
2034 60,000 326,000 537,100 2,886,400 27
2035 60,000 385,000 538,800 2,958,300 28
2036 60,000 414,000 509,700 2,821,600 29
2037 59,000 406,000 505,300 2,729,800 30
2038 60,000 364,000 460,300 2,375,300 31
2039 57,000 337,000 416,400 2,206,800
Энд үзүүлсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ нь монгол улсын засгийн газарт тус компаниас санал болгож байгаа тоо хэмжээ бөгөөд үүнийг монгол улсын Засгийн газар, тухайлбал, Сангийн сайд асан Н.Баяртсайхан, төрийн нарийн бичгийн дарга асан Ч.Хүрэлбаатар нар сайшаан дэмжсэн Оюутолгойн ордыг ашиглах эдийн засгийн гол үзүүлэлт гэж ойлгогдож байгаа юм. Яг үнэн хэрэгтээ Оюутолгойн ордыг ашиглах энэхүү хүч чадал нь монгол улсын эрх ашигт нийцэж байна уу гэдгийг юуны түрүүнд тодорхойлох хэрэгтэй. Юуны өмнө, олборлох үйлдвэрийн хүч чадал нь дэлхийн хэмжээний ийм том үйлдвэрийн хувьд ч, ерөөсөө жирийн нэг үйлдвэрийн хувьд ч, эдийн засгийн оновчтой шийдвэр мөн үү гэдгийг тодотгох хэрэгтэй. Хүдэр олборлох хүч чадлыг аваад үзье. 2-5 дахь жилд 43-44 сая хүдэр олборлож байснаа 6-9 дүгээр жилд хүч чадлаа 50 хувиар өсгөж, 60 сая болгож байна. 10 дахь жилдээ энэ хүч чадлаа огцом, 3 дахин бууруулж, 20 сая болгож, дараа жилээс нь эхлэн мөн огцом нэмэгдүүлж, 2,5 дахин өсгөж байна. Энд жилд гаргах баяжмалын тоог үзүүлээгүй байна. Харин жилд гаргах металл зэсийн хэмжээ бүр ч их хэлбэлзэлтэй байгааг хүснэгтээс харж болно. Юуны өмнө, бүтээгдхүүний хэмжээг ингэж төлөвлөх нь хэнд ашигтай вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Гучаад жилийн ашиглалтын хугацаанд жилд, доод тал нь 306 мянган тонн, дээд тал нь 924 мянган тонн зэс буюу жил болгон өөр хоорондоо эрс ялгаатай тоо хэмжээний металл гаргахаар төлөвлөжээ. Энэ нь монгол улсад зэс хайгуулах үйлдвэр байгуулах боломжийг үгүйсгэж байна гэх дүгнэлтэд ч хүргэж болох бөгөөд үүнийг, тогтмол хүч чадлаар урт хугацааны турш ажиллах зэсийн үйлдвэр байгуулах боломжийг энэ төлөвлөгөөгөөр няцааж байна гэж тайлбарлаж болох юм. Үүнээс гадна эхний арваадхан жилд, тухайлбал, үйлдвэрийн үйл ажиллагааны 6-9 дэх жилд жил бүр 816-924 мянган тонн зэс гаргахаар төлөвлөж байгаа нь нэг талаас татвар төлбөрөөс чөлөөлөгдөх эхний жилүүдэд аль болох их металл авах, нөгөө талаас ордын аль баян хэсгийг сорчлон авах бодлого биш байгаа гэж эргэлзэхэд хүргэж байна. Оюутолгойн ордыг ашиглах хүч чадлын энэхүү хувилбар нь зөвхөн нэг компанийн бодлого, тэхдээ монгол улсын эрх ашигт харшилсан хандлага, үүнийг монгол улсын эрх бүхий байгууллага хүлээж авах ёсгүй гэж үзэж байна. Ил уурхайгаас жилд 31-35 сая тонн хүдэр олборлохоор төлөвлөсөн бол Засгийн газар ба АММИ компанийн урьдчилан тохирсон гэрээгээр эхний жилүүдэд 43 сая тонн, үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлсэнээс хойш 5-6 жилийн дараа 60 сая тонн хүдэр олборлож, ил уурхайгаар эхний жилүүдэд авахаар төлөвлөсөн тоо хэмжээг 2-3 дахин өсгөсөн нь бодит байдалд огт нийцэхгүй бөгөөд, нөгөө талаас энэ нь Хюго Даммитын нөөцийг 2 дахь жилээс эхэлж, аж ахуйн эргэлтэд оруулахаар тайлбарлагдаж болох авч, энэ нь өнөөгийн нөхцөлд бүр биелэгдэшгүй оролдлого гэхээс өөрөөр тайлбарлаж болохгүй юм. Хүч чадлын ийм огцом, эрс өөрчлөлтүүд эдийн засгийн үзүүлэлтүүд, ялангуяа хөрөнгө оруулалт, ашиглалтын зардалд, улмаар эдийн засгийн үр ашигт сөрөг нөлөө үзүүлнэ гэдэг нь ойлгомжтой. Оюутын хэсгийн хүдрийг ил уурхайгаар ашиглах технологи, улмаар хүч чадлын үндэслэлийн талаар товч дүгнэж үзвэл, нөөц ашиглалт, уурхайн технологи, үндсэн үзүүлэлтүүдийн үндэслэл нь Монгол улсад урьдчилсан хайгуулын үе шатад хийдэг эдийн засгийн үнэлгээний шаардлагыг ямар нэг хэмжээгээр хангасан ба харин уурхайн үйлдвэрийн техник-эдийн засгийн тооцооны гол үндэс, амин сүнс нь болсон ил уурхайн болон нийт ордыг ашиглах хүч чадлын чадлын үндэслэл нь бидний ойлгодоггүй, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт аргачлалаас гажсан, магадгүй дэлхийд байдаггүй аргачлалаар хийгджээ гэж үзэж байна. 5. Хүдэр боловсруулах арга, технологийн талаар. Тайлангийн энэ хэсэгт хүдрийг баяжуулах лабораторийн болон хагас үйлдвэрийн туршилт хийсэн тухай өгүүлжээ. Харамсалтай нь, эдгээр туршилтуудыг хийх сорьц, дээжийг хаанаас, ямар хэмжээтэй авсан, тэдгээр ордын хүдрийн төрөл зүйлийг хэрхэн төлөөлж байгаа, бүхэлдээ төлөөлөх чадвартай эсэх нь тодорхой бус байна. Ялангуяа хагас үйлдвэрийн туршилтын мэдээлэл нилээд дэлгэрэнгүй байх ёстой. Монгол улсад хагас үйлдвэрийн болон үйлдвэрийн туршилтын дээжийг хэрхэн авах, түүний технологийн паспортын талаар тодорхой шаардлага, стандарт байдаг бөгөөд үүнийг мөрдсөн эсэх нь тодорхой бус байна. Хагас үйлдвэрийн туршилтын дээж нь хэдэн арав зуун тонн байх бөгөөд ихэвчлэн уурхайн хүнд малталт буюу шахт ухаж байж авах бөгөөд тэр нь бас ордын бүх төрлийн хүдрийг төлөөлөх чадвартай байх ёстой. Хэрэв эдгээр шаардлагыг хангахгүй бол үйлдвэрийн нөөцийн зэрэглэл ч буурах заавар бий. Ордын хүдрийн найрлага, технологийн шинж чанар гэсэн 5 дугаар бүлэгт энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна. Үйлдвэрийн хүч чадлыг жилд 85000-100000 тонн байх нь тохиромжтой байх тухай технологийн туршилтаар тогтоосон гэжээ. Зөвхөн энэ үзүүлэлтээр хүч чадлыг үндэслэх нь цорын ганц зөв үнэлгээ гэж үзэхгүй байна. Тайлангийн 85 дугаар хуудсанд хүдэр баяжуулах технологийн үндсэн үзүүлэлтийг тодорхойлсон боловч, тэр нь чухам ямар төрлийн хүдэрт хэд болсон, яагаад заавал тийм үзүүлэлт байх ёстой гэдэг нь ойлгомжгүй байгаа юм. Cut-off буюу нөөцийн тооцооны захын агуулга нь баяжуулсан хүдрийн хаягдалд гарах агуулгаар тодорхойлогддог нэг арга бий. Гэтэл баяжмалаас гарах хаягдал дахь зэсийн агуулгын талаар мэдээлэл олж үзсэнгүй. Энэ мэтийн гол гол үзүүлэлтүүдийг энэхүү тайланд орхигдуулсан байна. Энэ хэсэгт баяжуулах фабрикийн эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг өгчээ. Үүний капитал зардал нь 1201.5 сая ам. доллар гэж байгаа боловч, нийлбэрийг шалгаж үзэхэд 1021.5 сая ам. доллар болж даруй 180 сая долларын зөрөө гарч байна. Энэ зардлын тал илүү хувь нь буюу 546.4 сая нь магадлашгүй хэмээх барагцаагаар тодорхойлдог ангилалд орж байгаа нь энэ тайланг ТЭЗҮ биш, харин анхан шатны техник эдийн засгийн тооцоо буюу монгол улсад мөрддөг ангиллаар “Техник эдийн засгийн урьдчилсан тооцоо” хэмээх эдийн засгийн анхан шатны үнэлгээ гэж үзэхэд хүргэж байна. Тус компани нь Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээний төсөл, түүний танилцуулгад, Монгол Улсын нутаг дэвсгэрт эцсийн бүтээгдэхүүн гаргах тухай тусгасан боловч энэхүү тайлангийн 98 дугаар хуудсанд 40 тонн даацтай 50 гаруй автомашинаар 24 цагийн турш жил бүр 0,5-0,9 сая тонн баяжмалыг Хятад улсад орших зэс хайлуулах заводууд уруу 1800-2300 км зайд тээвэрлэхээр тооцсон нь Монгол улсын эрх ашигт харшилсан байна гэж үзэж болохоор байна. Оюу толгой төслийн эхний ээлжийн арга хэмжээ нь үндсэн үйлдвэрлэлийн хувьд Оюутын бүлэг ордыг түшиглэн ил уурхай, баяжуулах үйлдвэр байгуулах явдал нь зүй ёсны асуудал юм. Тэхдээ баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг ил уурхайн хүдэр олборлолтын хэмжээнд тохируулан эхний ээлж болгон байгуулах, дараа нь Хюго Дамметтын ордын далд уурхай байгуулахтай холбогдуулан баяжуулах үйлдвэрийн хүчин чадлыг хэзээ хэрхэн нэмэгдүүлэх зэрэг асуудал тодорхойгүй байна. Энэхүү ТЭЗҮ-д баяжмалыг боловсруулж зэс ялгаруулах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах эсэх нь төдийлэн тодорхой бус байна. Оюу толгойн ордын баяжмалыг Хятадын зэс үйлдвэрлэдэг таван үйлдвэрт нийлүүлж байхаар бичсэн байна. Тухайлбал, ТЭЗҮ-ийн төслийн 188-р хуудаст : “Оюу толгойн уурхай нь … баяжмалаа өөрийн зэс хайлуулах үйлдвэрт бус, нээлттэй зах зээлд борлуулахаар үйлдвэрлэх юм. Оюу толгойн бүх бүтээгдэхүүн анхандаа Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүдэд нийлүүлэгдэх боловч, төслийн арилжааны нөхцөл нь олон улсын баяжмалын зах зээлийн нөхцлөөр тодорхойлогдоно гэсэн байна. Үүнтэй холбогдуулан зэс хайлах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах асуудлыг тодруулах нь зүйтэй байна. ТЭЗҮ-ийн төслийн VIII.11.4 “Хайлуулах үйлдвэр” гэсэн зүйлд Монголд зэс хайлуулах цэвэршүүлэх үйлвэрүүдийг барьж байгуулах талаар нарийвчилсан судлагаа хийх хэрэгтэй гэж шинжээчдийн баг үзэж байна. АММИ-ийн хувьд жилд 1.5 сая тонн баяжмалыг тээвэрлэх зардлыг 500,000 тонныг хайлуулах хүчин чадалтай үйлдвэр байгуулах зардалтай харьцуулбал эргэж бодолцохуйц санал байна хэмээн бичжээ. Мөн энэ зүйлд тийм хэмжээний зэс хайлуулах үйлдвэрийг байгуулахад шаардагдах 250-300 сая ам. долларын хөрөнгө оруулалтыг Өмнөт Оюутын нөөцийн ашиглалтаас гаргахад их хүндрэлтэй, мөн зэс хайлуулах үйлдвэрийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хэрхэн хангах талаар судлагаа хийгдээгүй, хамгийн гол нь хайлуулах үйлдвэрээс гарах хүчлийг борлуулах явдлыг ямар аргаар шийдвэрлэх зэрэг асуудлаас шалтгаалах тухай дурьдсан байна. Уг нь Хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд Монголд жилдээ 500,000 тонноос доошгүй хэмжээний баяжмал боловсруулах үйлдвэр байгуулах асуудал байж болохоор дурьдагдсан байсан. Энэ бүх байдлыг харгалзан, Оюу толгойн ордын зэсийн баяжмалыг боловсруулж, цэвэр зэс гаргах үйлдвэр байгуулах зарчмын тодорхой чиглэлийг анхнаасаа тууштай баримтлаж, бодитой арга хэмжээг судлаж төлөвлөх нь зүйтэй байна. Зэс хайлах, цэвэршүүлэх үйлдвэр байгуулах талаар дараахи саналтай байна. Үүнд : Оюу толгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийн тооцоогоор, уг ордыг ашиглах 45 жилийн хугацааны дундажаар жилд 52.8 сая тонн хүдэр олборлох, 1 сая 476 мян. тонн баяжмал үйлдвэрлэхэд, баяжмал дахь зэсийн агуулга хамгийн багаар бодоход 24-25 хувь байхаар тооцсон байгаа болно. Тийм нөхцөлд цэвэр зэсийн хэмжээ 355-370 мянган тонн орчим байхаар тооцоо гарч байгаа юм. Мөн Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсэг болон АММИ ХХ Компаний хооронд Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцэн тохиролцох явцдаа үндэслэл болгосон тооцоогоор, тус ордын ашиглалтын эхний 12 жилд баяжмал дахь зэсийн агуулга 32-36 хувь, дараачийн 15 жилд 28-32 хувь байх нөхцөлд зэсийн хэмжээ 410-470 мянган тонн байх магадлалтай байгаа ажээ. Гэхдээ Оюу толгойн ордын ашиглалтын хугацааны сүүлчийн жилүүдэд зэсийн баяжмалын агуулга буурах нөхцөл байдлыг харгалзан хамгийн багаар бодоход, жилд дундажаар 300-350 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах боломжтой гэж үзэх үндэслэлтэй байгаа болно. 6. Инженерийн байгууламжийн талаар. Усан хангамжийн талаар Ус хангамжийн зориулалтаар хийж буй гидрогеологийн судалгаа Гүний хоолой, Галбын говийн хотгорт их хэмжээний гидрогеологийн ажил хийсэн. Тухайлбал: Нийт 1052 тууш км урттай 56 профилоор геофизикийн цахилгаан хайгуул, нийт 28144 тууш метр өрөмдлөгийн ажил буюу гидрогеологийн 143 цооног өрөмдөж, тэдгээрийн 36 цооногт нь шавхалт-туршилтын ажил хийсэн. Уг ажлаар Гүний хоолойд 800 л\с-ийн газар доорх усны нөөцийн үнэлгээ хийсэн боловч УХЭГ-ын мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэн судалгааны түвшин нь усны нөөцийг үйлдвэрлэлийн зэргээр хүлээн авах шаардлагыг бүрэн хангаагүй байгаа тул 210 л\с-ийн нөөцийг нь үйлдвэрлэлийн С1 зэргээр, үлдсэнийг нь прогнозын нөөц гэж хүлээн авсан. Үлдсэн нөөцийг үйлдвэрлэлийн зэрэгт оруулахын тулд гидрогеологийн нэмэлт ажил хийж баталгаажуулах шаардлагатай гэж үзсэн. Үүний дагуу нэмэлт ажил хийж байгаа юм байна. 350-400 м-ийн гүнтэй 25 ширхэг хайгуулын болон мониторингийн цооног нэмж өрөмдөн, 10 хүртэл хоногийн хугацаатай гидрогеологийн дагалдах шавхалт – туршилтын ажил гүйцэтгэн нөөцийн дахин үнэлгээ хийж байгаа гэнэ. Урьдчилсан байдлаар Гүний хоолойн 523,4 кв км талбайгаас 71452,8 метр куб \хоног буюу 827 л\с-ийн усны нөөцийг 40 жилийн хугацаанд авч болохыг тогтоогоод байна гэжээ. Эхний ээлжинд энэ тоог эрх бүхий мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн баталгаажуулах ёстой. Шинжээчид өрөмдлөгийн торын нягтралыг хангалтгүй гэж үзсэн. Усны ордын үзүүлэлтэнд горизонталь болон вертикаль томоохон өөрчлөлт байгаа тохиолдолд ийм шаардлага тавьж болно. Усны ордын шинж төрх нь уялдаа холбоотой тохиолдолд торыг сийрүүлж болно. ОХУ-ын стандартыг Монголоос өөр улс хэрэглэдэггүй юм. Акуатерра компани дэлхийд хэрэглэдэг түгээмэл аргаар усны нөөцийг үнэлсэн. Түүнийг нь нэр хүндтэй 3 зөвлөх компани шалгаж баталгаажуулсан гэсэн байна. Геологийн тогтоц, тектоник структур, хурдас хуримтлалын тухайн цаг үеийн байгаль цаг уурын нөхцлийн хувьд манай говийн бүсийн хотгоруудыг дүүргэсэн цэрдийн галавын хурдас чулуулаг нь блоклог тогтоцтой, фацын өөрчлөлт ихтэй байдаг тул талбайн болон гүний орон зайд маш хувирамтгай байдаг. Ийм нөхцөлд 10 км-ийн зайтай 2 цооногыг хооронд нь шууд холбоход эрсдэлтэй, тэгээд ч цооногуудын геологи, гидрогеологийн үзүүлэлтүүд ихээхэн хэлбэлзэлтэй байгаа. Тэр тусмаа ямарч тэжээгдэлгүй, бараг нөхөн сэргээгддэггүй геологийн нөөц ярьж байгааг тэмдэглэе. ОХУ-ын аргачлал, стандартыг өөрчлөх албан ёсны шийдвэр одоогоор гараагүй байгаа. Иймд шинжээчид мөрдөгдөж буй хууль, журмын дагуу л дүгнэлтээ өгсөн болно. Уурхай ба үйлдвэрийн ус хангамж Төслийн ажлыг шуурхайлах зорилгын үүднээс (нэмэлт судалгааны явцаа ажиглаж байгаа байх) уулын үйлдвэрийг технологийн усаар хангах байгууламжийн зураг төсөл хийгдсэн юмуу, хийгдэж байгаа юм байна. Ус татах байгууламж 48 худгаас бүрдэнэ. Үүний 20 нь оргил хэрэгцээг хангах зориулалттай. Усны оргил хэрэгцээг (эргэлтийн ус ашиглах боломжгүй өвлийн цагт) 1865 метр куб\цаг (518 л\с) ба 2624 метр куб\цаг (729 л\с) гэж тооцсон байна. Хоёр дахь нунтаглах шугам ашиглалтанд орж хоногт 140000 тонн баяжмал үйлдвэрлэх нөхцөлд Галбын говь буюу өөр ямар нэг нэмэлт усны эх үүсвэр хэрэгтэй болох юм байна. Ус татах байгууламжийн хүчин чадал, худгуудын байршлын бүдүүвч, бусад байгууламжийн техникийн үзүүлэлтүүд ТЭЗҮ-д тодорхойгүй байна. Усыг эргэлттэй ашиглана, хиймэл нуур байна гэнэ. Хиймэл нуурын ёроолын бүтэц ямар байх, ууршилт маш их явагддаг бүс нутаг, түүнээс яаж хамгаалах нь бас бүдэг байна. Хайгуулын ажлаар газар доорх усны ашиглалтын нөөцийг тогтоож, ус татах байгууламжийн бүдүүвч дизайныг гаргадаг. Өөрөөр хэлвэл худгуудын оновчтой байршил, хийц загвар, хүчин чадал болон ус татах байгууламжийн бусад техникийн үзүүлэлтүүдийг усны нөөцийн чадавхи боломжид тохируулан сонгож боловсруулдаг талаар тооцоо хийхдээ ямар нэгэн зүйл тусгаагүй байна. Байгаль орчны хувьд ISO-14001 стандартад заасан нарийн чанд шаардлагад нийцсэн буюу шаардлагаас илүү давсан хэмжээнд ажиллана гэсэн хачирхалтай амлалтууд хүртэл байх юм. Хууль эрх зүйн дагуу зохих газруудаар батлагдсан төсөл, тайлан байх шаардлагатайг анхааруулж байна. Уурхайн тосгоны ус хангамж ба уурхайн ус зайлуулалт ТЭЗҮ-д хөрсний усыг судлаж, нэгдүгээрт тосгонд ашиглах боломжийг үнэлсэн, хоёрдугаарт ил уурхайг хуурайшуулахын тулд зайлуулах усны тоо хэмжээг тогтоосон. Уурхай байрлаж буй газар хайгуул хийж, зайлуулах усны хэмжээг 18 худгаас нийт 49,4 л\с ус авч ашиглах боломжтойг үнэлэн тайлан бичиж УХЭГ-т хүргүүлсэн (VIII.6.7) гэсэн атлаа ТЭЗҮ-ийн VIII.9-д: ус зайлуулалт 4 жилийн дараа 125 л\с (140000-ыг олбрлоход 140 л\с) хүрч, 11 дэхь жилээс (бололтой) аажмаар буурч 60 л\с болно .. гэжээ. Их зөрөөтэй тоо байна. ТЭЗҮ-ийн үзүүлэлтүүдийг зөвхөн өмнөд оюутын ордоороо авбал илүү тодорхой болмоор байна. Хэтдээ гүний ордруу орж үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх асуудлыг түр хойш тавимаар байна. Баруун өмнөд участкийн карьерын гүн 770 м, Төв уурхайн гүн 550 м гээд энэ хүртэл усны түвшинг бууруулж хуурайшуулахад хэдэн цооног, ямар байрлал, хийц загвартайгаар байгуулж ажиллуулах вэ гэдэг тооцоо хэрэгтэй. Хийсэн байх. Танилцуулга материалд мэдээлэл алга. Тосгоны ус хангамжийн асуудлыг яаж шийдэх гээд байгаа нь ойлгомжгүй байна. Төсөл хэрэгжүүлэх явцад 10000 орчим хүнтэй хот байгуулагдана. Эхний удаа хот биш гэхэд уурхайн тосгон байгуулагдана. Тосгоны хүн ам , ахуй үйлчилгээний салбарын унд ахуйн усны ирээдүйн хэрэгцээ хэд, түүний эх үүсвэрийн асуудлыг яаж шийдэх вэ гэдэг асуудал гарч ирж байна. ТЭЗҮ-д бичсэн байдлыг ажиглавал уулын үйлдвэр байгуулах орчинд усны нөөцийн үнэлгээ өгсөн бололтой. Энэ нөөц нь хүрэлцээтэй юу, унд ахуйн усны стандартад нийцэж, хэрэглээний чанарын шаардлага хангаж чадахуу гэдэг асуудал бүрэн шийдэгдээгүй бололтой. Гүний Хоолойн ордын ус нь өндөр эрдэсжилттэй (1.1 - 5.5 г/л), сульфат-хлор-натри, хлор-сульфат-натрийн найрлагатай, 3.6-21.1 мг-экв\л хүртэл хатуулагтай байгаа тул хүн амын унд - ахуйн хэрэгцээнд тохирохгүй байна. Өөрөөр хэлвэл усны чанар ундны усны стандартад нийцэхгүй. Ундайн голын грунтын усны эрдэсжилт бүр 500 мг\л-ээс бага гэж бичсэн байна. Ундайн голын аллюв-пролювын хурдаснаас их хэмжээний усны нөөц гарахгүй л боловуу. Гүний хоолойгоос татах технологийн усаа (2,8 г\л эрдэсжилттэй) цэвэршүүлэх, цэнгэгжүүлэх, зөөлрүүлэх байгууламж барих байх. Энэ чиглэлийн техникийн тооцоо, технологийн шийдэл, усны чанар, найрлагын талаар бидэнд үзүүлсэн ТЭЗҮ-д тодорхой ороогүй байна. Бохир ус цэвэрлэх төхөөрөмж: 1000 хүний хэрэгцээг хангах 2 цуваагаас бүрдэнэ гэжээ. Хаана байрлах, ямар цэвэрлэгээ хийгдэх .. гэх мэт тодорхойгүй зүйл бас байна. Голын гольдрол өөрчлөх Ирээдүйн ил уурхайн талбайд үндсэндээ орж байгаа Ундайн голын хуурай сайрын чиглэлийг тодорхой зайд шилжүүлэн өөрчлөх шаардлага гарч байгаа. Гадаргын урсацыг сувгаар, газар доорх урсгалыг (шүүрэлтийг) хоолой татаж, чиглэлийг өөрчлөх техникийн шийдэл гарч байгаа тухай дурьджээ. Гольдролын чиглэл өөрчлөх хэсэгт орж ирэх үерийн урсацын хамгийн их хэмжээг (1200 л\с гэсэн байх) ямар үндэслэлээр авсан, сувгийн техникийн тооцоо нь үүнтэй дүйцэж байгаа эсэх, мөн газар доорх усны шүүрэлтийг труба хоолойгоор шилжүүлэн явуулах (сайн ойлгохгүй байгаа) тооцоо, үндэслэлийг сайн шалгаж шийдэх хэрэгтэй. Өөр нэг асуудал бол: Хөрсөнд ойр байрлах ус нь гүний уснаас тусдаа урсгалтай тул уурхайн усыг зайлуулснаар голын урсгалд (Ундайн голын аллюв-пролювийн хурдасны уст давхрагын газар доорх шүүрэлтэнд гэсэн байх) нөлөөлөхгүй ... гэснийг баталгаажуулах шаардлагатай. Байгаль орчны болон геоэкологийн үнэлгээ Энэ бүлэгт Байгаль орчны эрсдлийн үнэлгээ, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ, цаашид хийгдэх хяналт-шинжилгээний хөтөлбөрүүдийн талаар дурьдсан байна. Гүний ус гадаргуу орчмын грунтын устай гидравлик холбоогүйг тогтоосон гэх. Гүний хоолойд 72 худаг бий, үүний 6 нь газар доорх усны түвшингийн бууралтын бүсэд оршдог. Нарийвчлан судалсны дүнд малчдын гар худгуудад бага хэмжээний эрсдэл учрахаар байна, тэгвэл АММИ хариуцна гэсэн нь зөрчилдөөд байна. Ер нь Гүний хоолойгоос багаар бодоход 518 л\с хэмжээтэй ус 40 жилийн турш тасралтгүй авна, усны түвшин статик түвшингээсээ 75,0 м-ээр буурна .. гээд бодохоор грунтын ус сорогдохгүй гэсэн баталгаа олж харахгүй байна. Нөлөөлсөн тохиолдолд хөрсний чийгшил тодорхой талбайд багасана, улмаар ургамалын нөмрөгт сөрөг нөлөө үзүүлнэ. Мөн усны нөөц барагдах, газрын өнгөн хэсгийн суулт үүсэх процесс явагдана. Гэхдээ бүгдийг сөрөг талаас нь хараад байх утгагүй. Уулын үйлдвэр байгуулахад байгаль орчинд заавал сөрөг нөлөөлөл үзүүлнэ. Түүнийг зөвшөөрөгдөх хэмжээнд л байлгах шаардлагатай. Иймд төсөл хэрэгжүүлэх хугацаанд Байгаль орчны хяналт-шинжилгээний цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэх ёстой. ТЭЗҮ-д төслийн объектуудын байршлын зураг үгүйлэгдэж байна. Хаягдлын овоолгоо хаана байрлуулах, байршуулах талбайн геологи орчин, инженер-геологийн судалгаа хийгдсэн эсэх, карьерын геодинамик судалгааны үр дүн ямар гарсан, овоолго чулуулгыг задгай хүчилтөрөгчийн орчинд гаргаснаар задралт, уусгалтын ямар процесс явагдах зэрэг асуудлыг сайн судлах, цаашид ашиглалтын явцад ажиглаж, туршиж байх шаардлагатай. Одоо нээгдэхээр зэхэж буй Өмнөд оюу ил уурхай нь хойноос урагш 2974 м, зүүнээс баруун тийш 2213 м, газрын гадаргуугаас доош 735 м гүнтэй. Уурхайн гадна талд овоолох хөрс чулуулгийн овоолго, хаягдал хадгалах нуур, тосгон, баяжуулах үйлдвэр зэргийг оруулбал нийт 6400 га /8км х 8км/ газрыг хамрах аж. Хөрсний овоолго нь 50-60 м өндөртэй байна гэсэн байна. Энд байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэх нилээд олон хүчин зүйл байна. Эдгээр хүчин зүйлүүдийг тухайлан судалсан судалгааны материалыг огт дурсаагүй боловч сөрөг нөлөөлөл үзүүлж магадгүй гэж тэмдэглэсэн байгаа нь анхаарал татаж байна. Ил уурхай орчмын геологийн тогтцыг харахад нилээдгүй тектоник хагаралд өртөж байсан болон хэд хэдэн том хагарал дайран өнгөрч байгаа нь уулын цулын нягт бага байх магадлалтай. Мөн ил уурхайн гүнзгийрэлт нь асар их хэмжээний тэсэлгээний ажлаар явагдана. Үүний улмаас уурхайгаас эхлэлтэй чулуулгийн сулрал, хуучин хагарлын улмаас бий болсон ан цавууд идэвхжин, техноген ан цав шинээр бий болно. Ингэснээр өнгөн хөрсний ус дээрхи ан цаваар доош нэвчиж ил уурхайд хуримтлагдан тэндээс технологийн ус болон татагдах болж байна. Энэ уурхай нилээд том талбай хамарсан учир уурхай орчмын хөрсний ус уурхай уруу чиглэсэн урсгалтай болох ба улмаар 735 м хүртэлх бүх ус уурхайгаар дамжин технологийн ус болон татагдана. Ингэж уурхайгаар хөсний ус татагдаж хуурайших үзэгдэл асар том талбай хамарч экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулна. Энэ төсөлд ийм үзэгдэл болохыг хүлээн зөвшөөрч тэмдэглэсэн байна. Энэ сөрөг нөлөөллийг бууруулах талаар арга хэмжээ авах шаардлагатай. Усны түвшин доошилсны улмаас ойр орчмын хөрсний усаар хангагдаж байгаа худаг, булаг, шанд хатаж ширгэн усны хомсдол бий болсны улмаас малчдад үүсэх хохирлыг компани хариуцах тухай дурьдсан нь сайшаалтай боловч хэрхэн шийдвэрлэх тухай дурсаагүй байна. Усны эх үүсвэр, үйлдвэрийн усан хангамжийн асуудал үндсэндээ шийдэгдсэн гэж ойлгогдож байна. Гидрогеологийн судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийсээр байгаа бөгөөд энэ нь юуны өмнө нөөц өсгөх, илүү өндөр зэрэглэлийн нөөц тодорхойлох, нарийвчлан тогтооход чиглэгдэж байгаа юм. Одоогоор тогтоогдоод байгаа нөөц нь ил уурхайн хүч чадлыг хангахаар тооцсон буюу жилд 35 сая тонн орчим хүдэр боловсруулахад зориулагдсан байна. Харин тайланд 516л/сек хэмжээний усны нөөц бэлтгэсэн тухай тодорхойлсон. Гэтэл дээр үзүүлсэн өндөр хүч чадлаар буюу жилд 72 сая тонн хүдэр боловсруулахад усны нөөц хүрэлцэхгүй байж болзошгүй байна. Түүнээс гадна үйлдвэрийн усан хангамжийн тооцооны инженерийн байгууламжийн талаар тайланд тусгаагүй байна. Тухайлбал ямар диаметртэй ямар хоолойгоор ямар хүч чадалтай хэдэн насосаар ус дамжуулах, түүний цахилгааны болон барилга байгууламжийн тооцоо, судалгаа байхгүй байна. Ийм тооцоогүй техник эдийн засгийн үндэслэл байж болохгүй. Иймд усан хангамжийн талаар дараахь дүгнэлтийг өгч байна. Үүнд: • Гүний хоолойн газар доорх усны ордын нөөцийг баталгаажуулах • Газар доорх усны ордын онцлог, чадавхид нь тохируулан ус татах байгууламжийн хүчин чадал, худгуудын байршил, бусад техникийн шийдэлүүдийг зөв сонгох • Ундны усны хэрэглээний прогноз хийх, түүнийг хангах эх үүсвэрийг тодорхой болгох • Усны эх үүсвэрийн чанар, найрлагыг тодруулсны үндсэн дээр ус цэвэршүүлэх, цэнгэгжүүлэх, зөөлрүүлэх байгууламжийн техникийн сонголт хийх • Ундайн голын гольдролыг өөрчлөх ажлын зургийн тооцоо үндэслэлийг сайн тодруулах • Хоосон чулуулгын овоолго , шингэн хаягдлын аж ахуйн суурь талбайн судалгааны мэдээллийг хавсаргах, мөн хиймэл нуурын ёроолын бүтэц, усны толионоос явагдах ууршилтыг бууруулах арга хэмжээг тодорхой болгох • Гүний ус, грунтын усны гидравлик холбоогүй болохыг зураг, зүсэлтээр илүү сайн баталгаажуулах шаарлагатай байна. Тээврийн аж ахуйн талаар Оюу толгойн ил уурхайн ТЭЗҮ-д Зам тээврийн талаар дараахи чиглэлийн санал тусгагдсан байна. Оюу толгойн ил уурхайн баяжмалыг эхний хэдэн жилд Монголын хилийн Гашуун сухайтын боомтоор дамжуулан авто машинаар тээвэрлэх тухай дурьджээ. Мөн ТЭЗҮ-ийн төсөлд баяжмалын хэмжээ нэмэгдэх нөхцөлд Оюу толгойгоос Монголын хил хүртэл төмөр зам тавих, улмаар Монгол-Хятадын хилээс 260 км зайтай байдаг Хятадын Вуюуан хот хүртлэх төмөр замтай холбох, тэрхүү хятадын төмөр замыг сайжруулах хувилбарыг санал болгожээ. Оюу толгойн уурхайн баяжмалыг бүхэлд нь Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүдэд нийлүүлэх тээврийн зардлыг хэмнэхийн тулд уг ордоос Монголын хил хүртэл төмөр зам барих саналыг дэвшүүлсэн явдал нь Монгол улсын эрх ашигт төдийлэн таатай бус хувилбар юм. Тийм учраас Оюу толгой, мөн цаашдаа Таван толгойн ордын бүтээгдэхүүнийг Хятад улсад болон Азийн бусад бүс нутагт хүргэхийн тулд эдгээр ордыг Монголын магистраль төмөр замтай холбохоор төмөр зам тавих нь илүү зохистой болно. Үйлдвэрийн гадаад тээврээр бүтээгдэхүүнийг БНМАУ-ын хил хүртэл 40 тонн даацтай 50 гаруй автомашин тээвэрлэхээр тайланд бичсэн. Гэтэл энэ нь бүхэл бүтэн авто аж ахуй бөгөөд үүнийг яаж зохион байгуулах, засвар үйлчилгээг хийх, гараж, талбайн талаар ямар ч тайлбар байхгүй байна. Дулаан хангамжийн талаар Хүйтэн уур амьсгалтай монгол орны нөхцөлд дулаан хангамж онцгой ач холбогдолтой. Ялангуяа өндөр хүч чадалтай, нүсэр том барилга байгууламжтай баяжуулах фабрикийг жил тойрон ажиллуулахад ихээхэн хэмжээний дулаан шаардагдана. Дээр нь олон мянган хүн амьдрах ажиллагсдын суурин, бусад барилга байгууламжийн дулааны асуудал, түүний тоо хэмжээний талаар ямар ч тайлбар алга байгаа нь энэ тайлангийн нэг гол дутагдал мөн. Тайланд зөвхөн 12-20 мянган тонн нүүрс хэрэглэх тухай дурдсан нь үндэслэл багатай байна. Ядахдаа хаанахын ямар илчлэгтэй нүүрсийг хаанаас, хэдэн км тээвэрлэх, ямар уурын зуух хэд хичнээнийг барих зэрэг наад захын тооцоо үндэслэл байхгүй байна. Эрчим хүчний хангамжийн талаар ТЭЗҮ-ийн төсөлд Эрчим хүчний хангамжийн талаар дараахи чиг баримтлал тусгагдсан байна. Тухайлбал, Хөрөнгө оруулагч эхний таван жилийн хугацаанд Өвөр Монголын Халиут хотоос Оюу толгой хүртэл 220 км зайнд 220 кВ-ийн шугамаар цахилгаан эрчим хүч импортлон авч хэрэгцээг хангах, энэ хугацаанд Таван толгойн ордын нүүрсэнд түшиглэн цахилгаан станц барих хувилбар тусгагдсан байна. Тийм учраас Оюу толгойн ордын үйлдвэрлэлийн цогцолборын болон өмнөт говийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангах хамгийн оновчтой хувилбар бол Таван толгойн нүүрсний ордыг түшиглэн шаардагдах хэмжээний хүчин чадалтай цахилгаан станц барих, мөн Таван толгой–Оюу толгойн хооронд 140 км-ийн зайнд 220 кв-ийн давхар шугам татах явдал мөн гэж үзэж байна. Энэ зорилгоор Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Банк (ЯОУХАБ)–ны хөрөнгөөр Таван толгойн ордод барих 300-400 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станцын ТЭЗҮ, зураг төслийн судлагааг 2006 онд хийлгэсэн байгаа тул уг станцыг мөн Япон улсын Засгийн газрын харьяаны тэрхүү Банкны зээлийн хөрөнгөөр Японы Компанийн хүчээр бариулах асуудлыг яаралтай шийдвэрлэх нь зүйтэй байна. Эрчим хүчний эх үүсвэрээр хангах өөр нэг хувилбар нь ТЭХЯ-наас боловсруулсан Оюу толгой, Таван толгойн тусгай зөвшөөрөл эзэмшигч тус бүр ДЦС барих ТЭЗҮ болно. Иймд тус яам ДЦС барих эдгээр ТЭЗҮ-г нэгтгэн авч үзэж Таван толгойн ордыг түшиглүүлэн 2х300 МГв-ийн ДЦС станц барихаар төлөвлөж байна. Улаанбаатар хотоос Мандалговь-Таван толгой-Оюу толгойн 220 Кв-ийн өндөр хүчдэлийн дамжуулах шугамын ТЭЗҮ-лэл боловсруулж дууссан. 2008 онд зураг төсөл хийж барьж эхлэл өөр нэг хувилбарыг боловсруулсан. Энэ бүхнээс үзвэл Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг үндэслэн Оюу толгойн шаардагдах эрчим хүчийг энэ бүс нутагт цаашид хэрэгжих бусад уул уурхайн төсдүүптэй уялдуулан хийж байгааг энэхүү тооцоонд тусгах нь зүйтэй байсан. 7. Эдийн засгийн тооцооны талаар 166-р хуудсанд “Нийгэм улс төрийн үнэлгээ” гэсэн гарчигийн дор үндсэндээ ажиллах хүний тоог тайлбарлажээ. Түүнээс гадна, уурхай 35 жил ажиллах хугацаанд, нийт хөрөнгө оруулалтын 30,6 хувь нь ил уурхай, баяжуулах үйлдвэрт, 18,2 хувь нь дэд бүтцэд (энэ нь ойлгомжгүй бөгөөд монгол хэлд дэд бүтцийг өргөн хүрээгээр ойлгодог), үлдсэн нь буюу тал илүү, 51,2 хувь нь шууд бус ба магадлашгүй зардалд хувиарлагдсан нь монгол улсад мөрддөг журам, стандартад нийцэхгүй байна. ТЭЗҮ гэж нэрлэж буй энэ бичиг баримтын хамгийн ойлгомжгүй хэсэг бол эдийн засгийн тооцоо юм. Үүний үндсэн 1 дүгээр ботид байгаа хөрөнгө оруулалт, ашиглалтын зардал, өөрийн өртөг, үр ашгийн талаарх эдийн засгийн үндсэн тооцоонд монгол улсад ийм тооцоо хийхэд баримталдаг заавар, журмын дагуу хийсэн тооцоо, үндэслэл байсангүй. ТЭЗҮ-ийн тооцоонд энэ бүхэн маш дэлгэрэнгүй байх ёстой. Эдийн засгийн тооцоонд ашиглалтын зардалд нилээд хувь эзэлдэг, дизелийн түлшний үнийг 49 центээр буюу өнөөгийн үнээс 2 дахин доогуур 2-3 жилийн өмнө монгол улсад мөрдөгдөж байсан үнийг авсан нь нэг талаас эдийн засгийн үзүүлэлтийг ноцтой гажуудуулах нөхцлийг бүрдүүлэхээс гадна, нөгөө талаас энэ тооцоо нь 2-3 жилийн өмнө хийсэн өнөөгийн ба ирээдүйн нөхцлийг харгалзаагүйн нэг баримт юм. Энэхүү ил уурхайн тооцоо, түүний хавсралт, Засгийн газартай хийсэн хөрөнгө оруулалтын гэрээний төсөл, мөн уул уурхайн салбарын зарим мэргэжилтнүүдийн өмнө нь гаргаж байсан хүсэлтийн дагуу 2008 оны 1-р сард тус компаний төлөөлөгчөөс ирүүлсэн хувилбар тооцоо зэрэг нь тус бүрдээ өөр, өөр хоорондоо харьцуулж болохооргүй байна. Иймээс энэхүү ордыг ашиглах эдийн засгийн тооцоо нь монгол улсад мөрддөг заавар, журмын дагуу хийгээгүй, канадад мөрддөг зааврын дагуу хийсэн тооцоо ойлгомжгүй учир энэ тайланд эдийн засгийн нэг мөр тооцоо алга байна гэсэн дүгнэлтэд хүрч байна. Харин 40-өөд жилийн турш 15-17 тэрбум ам. доллар буюу жилд 300-гаад сая ам. доллар монгол улсын төсөвд орох, тэр нь бүх орлогын 55 хувь болох тухай сурталчилгаа нь, үндэслэлгүй гэж үзэж байна. Уг эдийн засгийн үндэслэлийн төсөлд Оюу толгойн үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийн тооцоог тодорхой, ойлгомжтой болгох шаардлагатай байна. Ялангуяа эдийн засгийн үзүүлэлтийн нэр томьёо, хэмжих нэгжийг манай улсын төлөвлөлт, статистикийн үзүүлэлтийн системд тохируулан хийх нь зүйтэй юм. Зөвхөн нэг зүйлээр л авч үзвэл, үзүүлэлтийн хэмжих нэгжийг барууны улсуудад болон манай оронд хэрэглэдэг байдлаар зэрэгцүүлэн үзүүлбэл илүү ойлгомжтой байх болно. Тухайлбал: зэсийн үнийг $/фунт болон $/тонн гэсэн хэмжигдэхүүнээр зэрэгцүүлэн үзүүлэх нь зүйтэй байна. Зарим үзүүлэлтийн тоо хэмжээ нь ихээхэн эргэлзээ төрүүлж байна. Жишээ нь : ил уурхай, баяжуулах фабрик барьж байгуулахад зарцуулах хөрөнгө оруулалтын 51.2 хувь нь магадлашгүй ажлын зардал байна гэжээ. Аливаа тодорхой обьектын хөрөнгө оруулалтын 50-иас илүү хувь нь магадлашгүй зардал байхаар төлөвлөн тооцдог буюу ТЭЗҮ-д тусгадаг явдал байж таарамгүй байна. 8. Монгол улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын хуулийг зөрчсөн зарим баримтын талаар. Монгол улсад одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу Оюутолгойн орд нь Монгол улсын төрийн өмч гэж ойлгогдож байна. Гэтэл гадаадын компаниуд манай төрийн өмчийг өөр хоорондоо наймаалцдаг үйл ажиллагаа эхэлсээр нилээд хугацаа өнгөрсөн бололтой. Энэ тухай тайланд байгаа бодит баримтыг дор сиирүүлэв. Тайлангийн 8 дугаар хуудсанд: “Айвенхоу Онтрэ Гоулд Инк. (Онтрэ)-ийн эзэмшдэг 19,518 гектар талбайг хамарсан 3148Х дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл (цаашид Шивээ толгойн тусгай зөвшөөрөл гэх) 20,346 гектар талбайг хамарсан 3150Х дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөс (цаашид Жавхлантын тусгай зөвшөөрөл гэх) хувь худалдан авах эрхтэй. Цааш нь, Айвенхоу Онтрэ компанитай 2004 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан 2004 оны 11 дүгээр сарын 10-нд нэмэлт өөрчлөлт хийсэн “Ашиг авах, өмчийн оролцооны тухай” гэрээний дагуу эдгээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөс хувь эзэмших эрхтэй. Энэхүү ашиг авах гэрээний дагуу АММИ 560 метрээс доош байгаа ашигт малтмалын 80% хүртэл, энэ түвшнээс дээш байгаа ашигт малтмалын 70%-ийн ашиг эзэмших эрхтэй. АММИ тус талбайгаас олох хувиа бүрэн авахын тулд АММИ групп 2004 оны 11 дүгээр сараас эхлэн найман жилийн хугацаанд эрэл, хайгуулын ажил болон ашиглалтад бэлтгэх ажилд 35 сая ам. доллар зарцуулах ёстой гэжээ. Мөн тайланд: “Хоёр тусгай зөвшөөрлийг ашиглалтын лиценз болгохгүй бол хоёулаа 2008 оны 3,4 дүгээр сард хугацаа нь дуусна. Ашигт малтмалын тухай шинэ хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын нөөц тогтоосон бол тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах үед ашиглалтын тусгай зөвшөөрл болгож болно гэж заасан” гэжээ. Ийнхүү монгол улсын өмчийг Айвенхоу нэртэй хэд хэдэн компани өөр хоорондоо наймаалцаж, ашиг орлогыг нь хувааж эзэмших гэрээ хийжээ. Тайланд үзүүлсэн зарим мэдээллээс үзэхэд Айвенхоу Онтрий гоулд компаниуд нь хамтарсан үйлдвэр байгуулсан ч байж болох баримт байна. Өмчийн эзэн болсон Монгол улс 34 хүртэл хувиа олж авах гэж зовж байхад, Айвенхоугийн хоёр компани 20-30 хувийг төвөггүй эзэмшиж, тохиролцож байгааг баримтаас харж болно. Тайлангийн 27 дугаар хуудсанд: “Хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсанаар Айвенхоу ВНР Minerals Exploration Inc. (BHP) компанид эцсийн бүтээгдэхүүнээс олох ашгийн 2%-ийг төлөх үүрэг хүлээжээ. Харин уг 2 хувийн төлбөрийн үүргийг Айвенхоу дараа нь худалдаж авсан байна.” гэжээ. Мөн Оюутолгойн ордоос гарах баяжмалыг БХНАУ-ын хэд хэдэн зэсийн үйлдвэрт нийлүүлэх тухай урьдчилсан тохиролцоог Айвенхоу компани хийсэн тухай мэдээлэл бий. Монгол улсын өмчийг барьцаалан худалдах ба худалдан авах гэрээ хийсэн тухай, мөн наймаалцсан тухай бүх мэдээлэл, тэдгээрийн дэлгэрэнгүй, нарийвчилсан судалгаа, материалыг энэхүү техник эдийн засгийн тооцооны салшгүй хэсэг болгон хавсаргахыг шаардаж байна. Эдгээр материалыг бодит үнэн зөвөөр нь техник эдийн засгийн тооцоонд тусгасны дараа уг ордыг ашиглах эдийн засгийн үндэслэл бүрэн гүйцэд болно гэж үзэж байна. Ерөнхий дүгнэлт АММИ компаниас 2007 оны 12 дугаар сарын дундуур ирүүлсэн, монгол хэл дээр орчуулсан, “Өмнөт Оюутын техник-эдийн засгийн үндэслэл, ил уурхай” гэсэн 213 хуудас бүхий тайлбар бичигтэй тайлан, мөн түүний хавсралт болох хуудасны дугаар нь бүрэн биш, ойролцоогоор мөн тийм хэмжээний хавсралт, хүснэгтүүд зураг бүхий тайлангуудтай танилцаж дээр хийсэн дүн шинжилгээ, дүгнэлтүүдэд үндэслэн дараахи ерөнхий дүгнэлтийг өгч байна. Үүнд: 1. Энэхүү ирүүлсэн тайлан нь Монгол улсад мөрдөгдөж байгаа заавар, журам, стандартын дагуу нарийвчилсан хайгуулын ажлын дараа хийдэг ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл гэж үзэж болохгүй бөгөөд харин хайгуулын эхний үе шатад боловсруулдаг, аливаа ордыг ашиглах техник эдийн засгийн урьдчилсан тооцоо гэх баримт бичигтэй дүйцүүлж болох юм. Ил уурхайгаар ашиглах нөөцийн хэмжээ нь энэ ордын бүх нөөц баялгийн дөнгөж 13 хувь болж байгаа, одоо хийж байгаа хайгуулын ажлын үр дүнд Оюутолгойн ордын нөөц цаашид ч өсөх хандлагатай байгаа, хөрөнгө оруулалтын болон эдийн засгийн бусад үзүүлэлтүүд, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн үндэслэлийг зөвхөн нөөцийн 1/10%-д боловсруулсан зэргийг харгалзан үзвэл, өнөөгийн байдлаар энэ ордыг ашиглах иж бүрэн техник эдийн засгийн үндэслэл хийх боломж бүрдээгүй байна. 2. Нөөцийн үнэлгээг “Хайгуулын буцах зардал”-аар авч тооцоолон Баяжуулах үйлдвэрт орж буй товарын хүдэр дэх зэсийн агуулгыг 0,5% байхаар авч үзэж буйтай санал нийлэхгүй байна. Нөөцийн тооцоо хийх кондици байгаа эсэх, тэдгээрийн үзүүлэлтүүд тодорхойгүй байна. Нөөцийн хяналтын тооцоо, ил уурхайн хил дэх кондицийн бус хүдрийн тооцоо хийгдсэн эсэх тодорхойгүй байна. 3. Баяжуулалтын схем олон янз байдаг. Энэ ТЭЗҮ-д зөвхөн “Тоног төхөөрөмжийн хэлхээ”-ний схемыг үзүүлсэн нь хангалтгүй байна. Хамгийн гол схем нь ордын хүдэр баяжуулалтын зарчим-тоон үзүүлэлтүүдийн, ус-шламын схемүүд байх ёстой. Тэдгээр схемүүд тусгагдаагүй байна. Баяжуулах фабрикийн тоног төхөөрөмжийн тооцоо, сонголтын үндэслэл байхгүй, хайлуулах үйлдвэрээс гарах их хэмжээний хүчлийг хэрхэх тухай шийдээгүй байна. 4. Томруулсан хагас үйлдвэрийн туршилтыг Австралийн Перт дахь Ammtec дээр хийсэн боловч тэнд баяжмалыг цэвэрлэх төхөөрөмж байгаагүйгээс Канадын Лэйкфильд ачуулсан гэсэн мэдээлэл “Металлургийн ажлын явц” гэсэн тайланд 2005 онд тусгагдсанаас хойш одоо хүртэл хагас үйлдвэрийн туршилтын тайлан бидэнд ирээгүй. Энэ тайлантай танилцаж судлах шаардлагатай. 5. “Оюутолгой” төслийн хүрээнд зэсийн баяжмалд ялгах металл зэсийн хэмжээ тодорхой бөгөөд металл зэсийн хэмжээ урт хугацаанд онцын хэлбэлзэлгүй тогтмол байх ёстой. Энэ тооцоо ТЭЗҮ-д тусгагдаагүй байна. 6. “Таван толгой”-н нүүрсний ордоос БНХАУ-ын Вуюуан өртөө хүртэл төмөр зам тавьж нүүрс тээвэрлэх энэ замаас 40 км орчим салаа зам байгуулж “Оюутолгой”-той холбох энэ саналыг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. “Таван толгой”-гоос нүүрс, “Оюутолгой”-гоос зэсийн баяжмал төмөр замаар тээвэрлэх энэ асуудал Монгол улсад төмөр замын тээвэр хөгжүүлэх төрийн бодлоготой уялдаатайгаар ашигт малтмалын ирээдүйтэй ордууд, “Цагаан суварга”-ын зэсийн одоо баригдаж буй үйлдвэр, орон нутгийн ачаа тээвэрлэлт, Монголын говийн нутгийг төв хэсэгтэй төмөр замаар холбох зэрэг асуудлыг нарийн бодож төлөвлөгдөж байгуулагдах ёстой. Энэ тооцоонд тусгагдсан шийдэл нь уулын баяжуулах үйлдвэрийн явцуу эрх ашгаар хязгаарлагдсан бүс нутгийн хөгжилд дорвитой хувь нэмэр болхооргүй байдал харагдаж байна. 7. Оюу толгойн үйлдвэрийн эрчим хүчний хэрэгцээг Хятадын цахилгаан станцаас өндөр хүчдлийн шугам татаж хангах, мөн Оюу толгойн үйлдвэрийн зэсийн баяжмалыг Хятад улс уруу тээвэрлэхийн тулд уг ордоос шууд урагш нь Хятадын хил хүртэл төмөр зам барих явдал нь Монгол улсын үндэсний аюулгүй байдлын эрх ашигт үл нийцэх асуудал мөн гэдгийг онцгой анхаарах нь чухал байгаа юм. Угаасаа Монгол улсын үндэсний аюулгүй байдлын эрх ашиг нь Оюу толгойн ордын хэрэгцээг арай хямд, хялбар аргаар цахилгаан эрчим хүчээр болон зам тээврээр хангахтай зүйрлэхийн аргагүй том асуудал гэдгийг гол зарчим болгож аль аль талдаа ойлгох нь зүйтэй байна. 8. Усны судалгаа хийж буй “Акуатерра” компани нь Монгол Улсын холбогдох хуулийн дагуу тусгай зөвшөөрөл аваагүй байгаа нь цаашид хариуцлага хүлээх хууль, эрх зүйн орчин бүрдээгүй болохыг анхааруулж байна. Ахуйн хэрэгцээт болон бусад бараа материалын хангалтыг Хятад улсаас нийлүүлэхээр төлөвлөгдсөн байна. Гүний хоолойн газрын доорхи усны орд өнгөн хөрсний устай холбоогүй тухай бичжээ. Энэ дүгнэлт эргэлзээ төрүүлж байна. Хоолойд хуримтлагдсан газрын доорхи ус тархалтын талбайн хэмжээнд дээд уст үетэйгээ холбоогүй мэт боловч алсын тэжээгдлийн мужид зайлшгүй холбоотой. Тэжээгдлийн мужаас хөндий тийш урсах өнгөн хөрсний ус эхлээд газрын гүний уст давхрагын тэжээнэ, гүний уст давхарга усаар ханаснаар түүний дээр орших уст үеийг тэжээнэ. Энэ мэтээр Гүний хоолойн газрын гүний уст давхарга өнгөн хөрсний усаар тэжээгдэж байгаа. Иймд Гүний хоолойн усыг их хэмжээгээр авснаар алсын тэжээгдлийн мужид хөрсний усны түвшин доошлох процесс явагдана. Энэ нь Байгаль экологийн том хохирол дагуулна. 9. Энэхүү техник эдийн засгийн тооцооны үндсэн шийдлүүд нь зөвхөн энэ ордын ашиглах тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа компанийн эрх ашгийг тусгасан өрөөсгөл бодлогоор хийгдсэн, түүхий эдийг урд хил давуулан тээвэрлэх хувилбараар боловсруулсан байна. 10. Уг ордыг ашиглах үндэс болсон, мөн харилцан зөвшилцөж, ойлголцсон, техник эдийн засгийн үндэслэл боловсрогдоогүй учир Монгол улс, АММИ компанийн хооронд хөрөнгө оруулалтын буюу бусад аливаа гэрээ хэлэлцээр хийх боломж, нөхцөл бүрдээгүй байна. 11. Оюутолгойн ордыг ашиглах техник эдийн засгийн цогц үндэслэлийг боловсруулахад зөвхөн иж бүрэн уурхайн үйлдвэрийг байгуулах бодлогыг тусгаад зогсохгүй, түүнтэй уялдан гарах дэд бүтцийн асуудлыг бүрэн тусгасан, Монгол улсын эрх ашгийг дээд зэргээр харгалзсан, мөн энэ ордыг ашиглах компанийг аливаа эдийн засгийн хохирол болон алдагдалд оруулахгүй байх нөхцөлөөр боловсруулсан техник эдийн засгийн үндэслэлийг ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч компани ба Монгол Улсын Засгийн газартай хамтарч боловсруулсны дараа ордыг ашиглах гэрээг хийх нь зүйтэй. 12. Мөн орд ашиглах гэрээг одоо хийх боломжгүй болсон нөхцөл бол 2006 оны “Ашигт малтмалын тухай хууль” монгол улсын эрх ашигт харшилсан, мөн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 1 дүгээр сарын Их суудлын хуралдааны шийдвэрээр Үндсэн хуулийг зөрчиж засвар хийгдсэн нь тогтоогдсон нь нэгэнт нотлогдож, энэхүү хууль хүчингүй болсон учир стратегийн ач холбогдолтой аливаа ордыг ашиглах гэрээ хэлэлцээр хийх боломжгүй болжээ. Энэ хууль шинэчлэн өөрчлагдсөний дараа, ордыг ашиглах монгол улсын төрийн бодлогыг тусгасан ордыг ашиглах Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах хэрэгтэй. 13. Оюу толгойн уул уурхай- металлургийн цогцолборын бүрэн хэмжээний техник-эдийн засгийн үндэслэлийн зэрэгцээ, угаасаа өмнөт говийн энэ бүс нутгийн эрдэс баялгийн орд газруудыг (Таван толгой, Цагаан суврага, бусад ордууд ) эдийн засгийн эргэлтэд оруулах, тэдгээрийн дэд бүтцийн асуудлыг иж бүрнээр, харилцан уялдаатай шийдвэрлэх цогц төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах шаардлагатай бөгөөд илүү үр дүнтэй байх болно. Тийм хөтөлбөрийг гуравдагч орны оролцоотой буюу Монгол, Японы хамтын ажиллагааны шугамаар боловсруулах нь илүү оновчтой болох бөгөөд тийм асуудлыг Монгол улсын Засгийн газраас Японы талд албан ёсоор тавих нь зүйтэй байгаа юм.

Экспертиз хийсэн: 1. Х. Бадамсүрэн ҮХЯ-ны Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын дарга, доктор
2. А. Хүрэлбат ҮХЯ-ны Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын мэргэжилтэн
3. Б. Нэргүй ҮХЯ-ны Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын орлогч дарга
4. Ж. Билэгсайхан Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын Уул уурхайн газрын дарга
5. Т. Намжим Ерөнхийлөгчийн зөвлөх, академич, доктор
6. Д. Баяр Үйлдвэр, худалдааны сайдын зөвлөх, доктор
7. З. Төмөрбаатар Түлш, эрчим хүчний яамны газрын орлогч дарга
8. Л. Үндэс Байгаль орчны яамны газрын орлогч дарга
9. У. Борчулуун Эрдэнэс МГЛ ХХК-ний хэлтсийн дарга
10. Н. Бямбадорж Эрдэнэт үйлдвэрийн ил уурхайн дарга, Монгол улсын зөвлөх инженер, доктор
11. Я. Пүрвээ Монголросцветмет нэгдлийн хэлтсийн дарга
12. Ч. Хурц Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд асан, Ричмогол ХХК-ний төлөөлөн удирдах зөвлөлийн дарга
13. Д. Рэнчинханд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны орлогч сайд асан, зөвлөх инженер
14.М. Дамдинсүрэн Эрдэс боловсруулалтын технологийн хөгжлийн төвийн завлах, доктор 15. Ш. Энхтөр Монголын барилгын инженерүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн
16. С. Авирмэд МУИС-ын багш, доктор, дэд профессор
17. М. Тодбилэг ҮХЯ-ны Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн газрын мэргэжилтэн
18. Ч. Энхбаяр Улсын мэргэжлийн хяналтын газрын Геологи уул уурхайн хяналтын хэлтсийн дарга
2007 оны 3 дугаар сар 01

Оюутолгойн орд газрын талаар дутуу дулимаг гэрээ хийгдсэн тухай шүүмж

- УИХ-д өргөн бариад байгаа Монгол Улсын Засгийн газар, Айвенхоу Майнз Монголиа Инк ХХК хоёрын хооронд байгуулах Оюутолгойн орд газрыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний талаарх санал шүүмж -

Монгол Улсын хөгжилд ихээхэн нөлөө үзүүлэх боломжтой Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, Айвенхоу Майнз Монголиа Инк ХХК (АММИ) компанийн хувь нийлүүлэгчдийн гэрээг батлах тухай хуулийн төслийг Засгийн газар УИХ-д 2009 оны 3 дугаар сарын 3-ны өдөр өргөн барьсан гэж бид ойлгож байна. Хэдийгээр гэрээг олон нийтэд албан ёсоор ил тавиагүй ч иргэний нийгмийн байгууллагууд УИХ-ын зарим гишүүдээр дамжуулан дээрх гэрээнүүдийн хувийг авч байна. Гэрээг хууль болгон батлах эсэх нь УИХ-ын эрх мэдлийн асуудал тул гэрээний зүйл, заалт бүрийг нарийвчлан хэлэлцсэний үндсэн дээр эцсийн шийдвэрээ гаргана гэдэгт Нээлттэй Нийгэм Форумын зүгээс итгэж байна. УИХ-ын гишүүдэд шийдвэрээ гаргахад дэмжлэг үзүүлэх үүднээс гэрээтэй холбоотой анхаарал татаж буй асуудлуудын талаар өөрсдийн байр суурийг үүгээр хүргүүлж байна. Хариуцлагатай шийдвэрийг эцсийн байдлаар гаргахад зайлшгүй танилцах шаардлагатай мэдээллийг гэрээнд оруулаагүй байна Гэрээний эдийн засгийн үндэс болсон хөрөнгө оруулалтын хэмжээ, үйлдвэрлэх бүтээгдэхүүний хэмжээ зэргийн талаар мэдээлэл гэрээнд тусгагдаагүй байгаа нь тус гэрээг байгуулах нь Монгол Улсын хувьд ашигтай эсэхийг үнэлэх боломжийг хязгаарлаж байна. Техник эдийн засгийн үндэслэлийг гэрээнд хавсаргаагүй нь Ашигт малтмалын тухай хуулийн: “30.1.1. эхний 5 жилд оруулах хөрөнгийн хэмжээ, хугацаа, үйлдвэрийн хүчин чадал, бүтээгдэхүүний нэр төрөл, орд ашиглах арга, технологийн талаархи мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл”-ийг гэрээний төсөлд хавсаргана гэсэн заалтыг зөрчиж байна. 5 жилийн хугацаанд 5 тэрбум долларын хэмжээтэй хөрөнгө оруулалт хийнэ гэж гэрээний 9.5-р зүйлд заасан ба харин хуваарийг нь техник эдийн засгийн үндэслэлд тусгана гэж заасан байгаа нь үнэндээ иж бүрэн мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргах боломжийг хязгаарлаж байгаа хэрэг юм. Мөн 125 сая долларын урьдчилгаа авах тухай гэрээ, гэнэтийн ашгийн татварыг орлохоор санал болгож буй нөөцийн ашгийн нэмэлт төлбөрийн тухай хуулийн төсөл зэргийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд хавсралт байдлаар танилцуулах учиртай. Монгол Улсад одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг тухайн гэрээгээр өөрчилж байгаа нь цаашид гэрээгээр дамжуулан хуулийн заалтыг биелүүлэхгүй байх нөхцлийг хөрөнгө оруулагч, Засгийн газрын аль алиных нь хувьд бүрдүүлж байгаа нь анхаарал хандуулах зүйл мөн хэмээн бид үзэж байна Тухайлбал, уг гэрээг батлах тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулинд “шаардлагатай тохиолдолд татварын дэглэм тогтоох”, “Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгах эсэхийг талууд гэрээгээр харилцан тохиролцож болно” гэсэн нэмэлт, өөрчлөлт оруулах нь цаашид байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ болгоны хувьд өөр өөр татварын дэглэм тогтоож, татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлэх, мөн гэрээний хугацааг хуулиар биш гэрээгээр тогтоох боломжийг олгож байна. Түүнчлэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хувьд 30 жилийн хугацаатай байгуулж байгаа мэт харагдавч дахин хоёр удаа тус бүр 20 жилээр сунгах боломжтой байгаа нь үндсэндээ 70 жилээр гэрээг байгуулж байгаагаас өөрцгүй сонстож байна. Татварын харилцааны хувьд гэрээний нөхцлүүд нь хөрөнгө оруулагчийг дээд зэргээр хамгаалсан, харин Монгол Улсын үүрэх эрсдэл хэт өндөр байхаар байна Татварын хувь, тооцох аргачлалыг гэрээнд заасан нөхцлөөр тогтворжуулахдаа хөрөнгө оруулагчдад таатай нөхцөл ирээдүйд үүсвэл, тухайлбал татварын хувь хэмжээ буурвал тус таатай нөхцлийг хөрөнгө оруулагч эдлэхээр заасан ч татварын орчин хөрөнгө оруулагчийн татварын ачааллыг нэмэгдүүлсэн хууль тогтоомж гарсан тохиолдолд түүнд ийм өөрчлөлт хамаарахгүйгээр заасан нь нэг талын тогтворжуулалт болсныг харуулж байна. Мөн “Хөрөнгө оруулалтын гэрээнд татварын хууль тогтоомжид зааснаас өөрөөр заасан бол хөрөнгө оруулалтын гэрээний заалтыг дагаж мөрдөнө” гэсэн утгатай өөрчлөлт оруулж байгаа нь татвар ногдуулахдаа тэгш, үл ялгаварлах зарчмыг баримтлах үзэл санаатай зөрчилдөж байгаагаас гадна цаашид хөрөнгө оруулагчдад гэрээгээр дамжуулан хуулийн шаардлагыг биелүүлэхгүй байх сонирхлыг төрүүлж, төрийн холбогдох албан тушаалтнуудад ихээхэн хэмжээний эрх мэдлийг олгож байгаа явдал гэж үзэхээр байна. Хөрөнгө оруулалтын гэрээний хоёрдугаар хавсралтад “Нөөцийн ашгийн нэмэлт төлбөр”-ийн тухай дэлгэрэнгүй тайлбарласан ч 1.4-р заалтад “хөрөнгө оруулагчийн төлөх ёстой бүхий л татварын хэмжээ нь татвар ногдуулах нийт орлогын 68 хувиас илүүгүй байна” гэж тухайн жилд ногдуулж болох бүх татварын хэмжээний дээд хязгаарыг тогтоосон нь анхаарал татаж байна. Ийнхүү ногдуулж болох татварын дээд хязгаарыг заасан нь тусгаар улсын татвар ногдуулах эрхийг хязгаарлаад зогсохгүй ялангуяа бүтээгдэхүүний үнэ өндөр үед үүсэх эдийн засгийн рент буюу хэвийн ашгаас давсан “гэнэтийн”, эсвэл “өндөр” ашгийг Засгийн газар илүү хувиар хүртэх боломжийг хааж байна. Рентийн ашгийг Засгийн газар бүрэн хэмжээгээр татан авсан ч хөрөнгө оруулагчийн эдийн засгийн шийдвэрт онолын хувьд нөлөөлдөггүй учир татварын дээд хязгаарыг ийнхүү тогтоосон нь нэн зохимжгүй юм. Мөн нөгөө талаас төлөх ёстой татварын доод хэмжээг зааж өгөөгүйг санах хэрэгтэй. Хөрөнгө оруулагч үндсэндээ хайгуулын, үйлдвэр барих, үйл ажиллагааны зэрэг бүх хөрөнгө оруулалт, зардлаа бүрэн нөхөж болохоор татварын дэглэмийг тус гэрээгээр тохирч буйг тооцвол энэ нь бас л нэг талын үйлчлэлтэй тогтворжуулалтын нэгэн хэлбэр гэж үзэхээр байна. Ногдол ашгаа хөрөнгө оруулагч хил давуулан гаргахад авах ёстой суутгал татварыг ногдуулахгүйгээр тохирсон байна. Энэ татвар нь аль ч улсад байдаг, гадаад валютын урсгалыг хянах болон дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжихэд чухал ач холбогдолтой, мөн Канадтай байгуулсан татварын хэлэлцээрийн дагуу хуулинд заасан 20 хувь биш таван хувиар ногдуулах ёстой татвар юм. Өмнөх гэрээний төсөлд байгаагүй учир энэ удаа ч авахгүй байхаар тохиролцсон гэх тайлбар нь УИХ-ын 40 дүгээр тогтоолд заасан өнөөгийн үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд гэрээг байгуулах удирдамжаас шууд зөрж байна. Алдагдлыг ирээдүйн татвар ногдох орлогоос хасч тооцох тухайд өнөөгийн татварын хууль тогтоомжийн дагуу дараагийн хоёр жилд шилжүүлж тооцох, харин шилжүүлэх алдагдлын дээд хэмжээ төлөх татварын 50 хувиар хязгаарласан хуулийн заалтыг зөрчиж, дараалсан найман жилийн туршид ямар нэгэн хязгаарлалтгүйгээр алдагдлаа ирээдүйн ашгаасаа нөхөх бололцоог олгосон байна. Ингэснээр цаашид бусад компани ч татварын энэ заалтыг биелүүлэхгүй байх үндэслэл бүрдэж болох юм. Нэмүү өртгийн албан татвар (НӨАТ)-ын тухай хуулийн 13.1.13-т “борлуулсан алтыг НӨАТ-аас чөлөөлнө гэж заасан байгаа. Харин гэрээний төсөлд НӨАТ-ыг тэг хувиар тогтоохоор заасан байна. НӨАТ-аас ямар нэгэн байдлаар хөнгөлөх тохиолдолд чөлөөлөх хэлбэрийг сонгох нь оновчтой. Учир нь тэг хувиар тогтоосон НӨАТ-ын хувьд компани бусдаас авсан бүтээгдэхүүний үнэнд шингэсэн НӨАТ-ыг эргүүлэн авах юм. Оюутолгойн төслийн хувьд алтандаа НӨАТ-ыг тэг хувиар төлөх тохиолдолд бусад алтны компани ч чөлөөлөх бус, тэг хувийг төлөх сонирхолтой байх болно. “Татвар” гэдэгт торгууль зэрэг татвар ногдох орлогоос хасагдахгүй зүйл орсон байна. Тухайн компанийн төлж байгаа бус, хувь хүний орлогын татвар, нийгмийн даатгал зэргийг ч “татвар” гэсэн нэр томьёонд оруулж, хөрөнгө оруулагчийн татварын ачаалал мэтээр үзүүлсэн байна. Зөвхөн Оюутолгойн ордын хувьд гэрээ үйлчлэх тусгаарлалтыг тодорхой хийж өгөөгүй нь цаашид гэрээнд Оюутолгойд хамааралгүй хайгуулын болон ашиглалтын үйл ажиллагааг хамаатуулах боломжийг олгож байна Хөрөнгө оруулагчийн Монголд явуулах бусад үйл ажиллагаа, бусад эрэл хайгуул, орд газрыг ашиглах үйл ажиллагааг ч уг гэрээгээр зохицуулахаар байна. Оюутолгойн орд газрыг ашиглахад, өөрөөр хэлбэл өнөөдөр олгогдсон байгаа гурав хүртэлх ашиглалтын лицензийн хувьд л уг гэрээ үйлчлэх ёстой. Харин гэрээн дэх заалтууд энэ тал дээр бүрхэг байна. Тухайлбал, “ашиглалтын лиценз” гэдэгт олгогдоод байгаа гурван ашиглалтын лиценз дээр нэмж лиценз авах боломжийг тусгасан байна. Хөрөнгө оруулалтын гэрээний 16.3-р заалт болон хувь нийлүүлэгчдийн гэрээнд 6709А лицензийг тойрсон газар нутагт хайгуул хийж, тус гэрээнд хамаатуулах боломжийг зааж өгчээ. Ингэх нь хөрөнгө оруулагчийн бусад төсөлд гаргах хайгуулын болон бусад зардал, алдагдлыг уг гэрээний хүрээнд ашгаасаа нөхөх, мөн тусдаа төслийн хувьд гэрээнд заагдсан хөнгөлөлт чөлөөлөлт, бусад таатай нөхцлүүдийг эдлэх боломжийг олгох эрсдэлтэй. Монгол Улс өндөр хүүтэйгээр их хэмжээний зээл авах нөхцөлтэйгээр компанийн 34 хувийг худалдан авч байгаа нь ирээдүйд төсөвт хүндээр нөлөөлж, эдийн засгийг уул уурхайгаас улам хүчтэй хамаатуулсан шийдвэр болжээ Төрийн өмчийн 34 хувийг ирээдүйд өөрийн хувьд ногдох ногдол ашгаас хүүтэйгээр тооцохоор тохиролцжээ. Харин хүү нь 9.9 хувь дээр АНУ-ын инфляцийн ойролцоо үзүүлэлт болох хэрэглээний үнийн сагсын нэгэн хэмжүүрээр авахаар болжээ. Энэ хүү дунджаар 3-4 хувийн хэмжээнд ч хүрч болдог тул үндсэндээ 13-14 хувийн хүүтэйгээр “оруулах хөрөнгө” гэж байгаа таван тэрбум долларын 34 хувь болох 1.7 тэрбум долларын зээл авах асуудал уг гэрээг баталснаар баталгаажих юм. Энэ нь том хэмжээний, урт хугацаатай зээлийн хувьд эргээд Монгол Улсын хувьд хэтэрхий үнэтэй, ихээхэн дарамт болох өндөр магадлалтай. Түүнчлэн урьдчилгаа төлбөр 125 сая доллар авна гэж танилцуулж байгаа ч хөрөнгө оруулалтын гэрээнд уг төлбөрийг заавал авна гэсэн заалт байхгүй ба энэ төлбөрийг ямар үнээр буюу хүү төлж авах нь тодорхойгүй байна. Дээрх асуудлуудаас гадна байгаль орчны, усны, дэд бүтцийн зэрэг олон асуудал байгаа нь ойлгомжтой. Бусад анхаарал татаж буй асуудлаас нэгийг дурьдахад Оюутолгойгоос Гашуун сухайт хүртэл зам барих ба уг замын засвар үйлчилгээг Монгол Улсын Засгийн газар хариуцахаар байна. Компаниас өөр цөөн тооны байгууллага, хүн ашиглах, мөн ашигласан ч төлбөр төлөх магадлалтай уг замын засвар үйлчилгээг төр хариуцах нь зохимжгүй юм. Тэр тусмаа уг замыг барих зардал нь хөрөнгө оруулагчийн татвар төлөх орлогоос хасагдан тооцох билээ. Нэгтгэн дүгнэхэд, Монгол Улс уг гэрээг байгуулснаар татварын, ашигт малтмалын зэрэг олон хуульд өөрчлөлт оруулахад хүрч байна. Ингэхдээ цаашид байгуулагдах гэрээнүүд ч хуулиас давсан эрхтэй байх үндсийг бүрдүүлж байна. Мөн Монгол Улс хөрөнгө оруулагч компанийн 34 хувийн хувьцааг арилжааны нөхцлөөр, өндөр хүүтэйгээр зээлж авч байгаа бөгөөд үүний төлөө хөрөнгө оруулагчид хөнгөлөлт үзүүлэх, буулт хийх үндэслэл байхгүй юм. Гэсэн хэдий ч үйлчилж байгаа хууль тогтоомжоос давсан олон хөнгөлөлт чөлөөлөлтийг хийсэн нь харагдаж байна. Мөн УИХ-аас өгсөн удирдамжид “Хөрөнгө оруулалтын гэрээний төслүүдийг боловсруулах болон хэлэлцээ хийх ажлыг ил тод явуулах”-аар заасныг Засгийн газар хангалтгүй биелүүлсэн гэж үзэхээр байна. Тухайлбал, олон нийтэд гэрээний талаар дутуу мэдээлэл өгч, төөрөгдүүлж ирсэн. Жишээ нь, хөрөнгө оруулагчийн 34 хувийг шууд эзэмших болсон гэж мэдэгдэж байсан ч уг хувийг өндөр хүүтэйгээр худалдаж авч байгааг мэдэгдээгүй. Цаашид гэрээний төслийг УИХ-д өргөн барих үед олон нийтэд мөн ил тод мэдээлэх эрх зүйн механизмыг бүрдүүлэх нь олон нийтийн санал бодлыг тусгах, гэрээг дэмжих итгэлийг бүрдүүлэхэд нэн чухал юм. Нээлттэй Нийгэм Форумын зүгээс Гэнэтийн ашгийн татварыг цуцлан “Нөөцийн ашгийн нэмэлт төлбөр”-ийг тогтоох нь эдийн засгийн ямар үр нөлөөтэйг шинжлэн, дүгнэлтээ бодлого боловсруулагч, олон нийтэд тусгайлан хүргэхээр төлөвлөж байна.

Н. Дорждарь
Нээлттэй Нийгэм Форум