Wednesday, January 13, 2010

Алдартай хүний үг алт

Сурагч бүр сургуулиа өөрийн гэртэй зүйрлэж тэр тусмаа гэрээсээ эх эцэгийн хайрыг мэдэрдэг бол сургуулиас ирээдүйгээ мэдрэх тийм том бүр агуу гэж хэлж болохоор мэдрэмжийг мэдэрч, мэдрэхийн төлөө эрмэлзэх хэрэгтэй.

Үнэ цэнэгүй зүйл өөрөө хүчгүй байдаг.

БОЛОВСРОЛЫН ТҮВШИН НЬ ХАРИЛЦААГААРАА ИЛРЭНЭ.


П.Мөнхтуул
2010-01-12

ЕКАТЕРИНБУРГ, ОХУ

Sunday, September 13, 2009

Орчин үеийн "Сэгс цагаан богд"

Нийслэл хотын
Нөмгөн хархүү та
Сайн байна уу
Хөдөө буйдын
Хүрэн бүсгүй би
Сайн байна
Намар та манай нутант
Намын сурталчилгаагаар ирэхдээ
Сэгс цагаан богдод
Сэрүүцэж халууцаж хонохдоо
Мөнхийн сайхан байлгах
Мөрийн хөтөлбөр танилцуулахдаа
Ардчилал ил тодтойгоо
Алив сайхныг аваад явчихвуу
Хуучин бүхнийг хална гээд
Хуй салхи үлдээчихэв үү
Ганган лоозонгоо
Ган зудаар сольчихов уу
Илтгэл тавихдаа гарамгай
Иллэг хийхдээ сурамгай
Нам томилсон түшмэл
Нас тогтсон таныг
Говийн тэмээчин бүсгүй
Горьдож харуулдсаар удлаа
Намар манайд хонохдоо
Намайг ганц түлсэн шүү
Домбон ёотон бишдээ хүнийг та
Долоох хазах дөхсөн шүү
Сээтэгнэж өөрөө өдчихөөд
Сэрүүнээр шөнийг өнгөрөөчихөөд
Баруун хаяанд тухалж
Зүүн орруу мөлхөж
Багийн даргаас ч ичихгүй
Зүггүй авир гаргаж
Барьдаг хаздаг нохой шиг
Хормой хавиар шургалж
Байдас даага бугуйлдах шиг
Хоолой хүзүүгээр оролдож
Байз гэсээр байтал
Балай юм шиг зүтгэж
Байдаг резин таслаж
Баахан хэрэг дэгдээчихээд
Нийслэл хотод очоод
Нарийн резин явуулна
Нээрэн шүү гэж хуурсаар
Намаржин та чадлаа
Удаж удаж нэг захий бичихдээ
Улаанбаатарт резин алга гэжээ
Уншаад ойлгохгүй таны захиаг
Уучлаарай гэж эхлээд
Уучлаарай гэж үргэлжлээд
Уучлаарай гэж төгсчээ
Эрхэм танй араас
Эрээд очъё уу гэтэл
Эрдэнийн тансаг өргөөнд чинь
Яваад оръё уу гэтэл
Бэрхшээл их байна
Бишүүрхэлч бас байна
Тэмээгээ унаад явбал
Тэрэгний замд хаагдах бол уу
Улаан хүрэн атанд мин
Улаан гэрэл хурцдах бол уу
Богдоо орхиод гарвал
Бодох юм бас байна
Нисэх дөхдөг тэрэгний чинь
Нефьт нь дуусвал яана
Есөн давхар харшийн чинь
Лифт нь гацвал яана
Хөдөө хүүхэн хараад
Хөөрхөн эхнэр чинь уурлавал яана
Хөөрөлдөх зав өгөлгүй
Хөөгөөд гаргавал яана
Уучлаарай найз минь
Улаанбаатар сайхан
Мэдэлтэнтэй танилцсан хүүхнүүд
Мисс болдог гэв үү
Минж булга өмсөөд
Мэндгүй зөрдөг гэв үү
бээнз Ландтай харчуул
Бэлээрээ гайхуулдаг гэв үү
Биржийн худалдаа эрхэлж
Биесээ хуурдаг гэв үү
Электрон бараа нь
Кабельтай гэв үү
Э-мейл явуулдаг
Компьютертэй гэв үү
Улаанбаатар сайхан
Улсын минь нийслэл сайхан
Арлын Японы хөгжилтэй
Америк долларын худалдаатай
Арван давхар харштай
Ардчилал даяарчлал лоозонтой
Бүдүүн торон цонхтой
Бүргэд төмөр хаалгатай
Бүсгүй охид нь нүцгэлсэн
Бэлхүүс таазандаа анхаарсан
Жигүүнэ даалимба моодноос гарсан
Жүжиг ший нь Монголоос гажсан
Жүрж ундаа цай болсон
Жүнз тулгаж цагыг өнгөрөөсөн
Улаанбаатар сайхан
Улсын минь нийслэл сайхан
Шанаган тогоонд хооллонхон
Шар айраг шимэнхэн
Караоке бааранд дууланхан
Кабелийн суваг үзэнхэн
Компанийн захирал таньтай
Контактлан суух нь
Хэнээс ч дутахгүй нэгэн жаргал бусуу
Топ модпель үзэнхэн
Поп дуу үглэнхэн
Диско бүжгэнд бүжинхэн
Виски шампаан буудууланхан
Харшийн ёолконд уригдаж
Дарстай ширээнд залагдаж
Градус өндөртэйгөөс нь залгиж
Хархүү чамтай эрхэлж
Хайлан дуулан суух нь
Харин ч нэг жаргал бус уу
Харь үгээр мэндэлж
Хариу хүлээлгүй сэмбэлзэж
Төсөл уралдаанд шалгарч
Тусламжийн мөнгөөр шагнуулж
Иллэг массажаар үйлчлүүлж
Ихэс дээдэстэй үерхэж
Бэлтэй таньтай сугадалцаж
Бээнз Лаандаар зугаалах нь
Биелшгүй нэгэн жаргал бусуу
Гэхдээ надад бэрхшээл их байна
Гэрээс холдох зав хомс байна
Хувьчлалаар авсан
Ижил хэдэн тэмээтэй
хулгайчаас хамгаалах
Илүү жаахан ажилтай
Худгийн ховоо татах
Эрийн үүрэгт ажилтай
Хувцасны оёо шаглах
Гэрийн үйлийн ажилтай
Ноос ноолуурын цагаар
Ногоон цай бор гурил
Жилийн хэрэгцээгээ хангаж
Шилийн богддоо суусаар
Цагийн шуурга сөрж
Цайны уур нүдэж
Ургац хадлан бодож
Унтах амрахаа мартаж
Богд уулаа шүтэнхэн
Борцтой цайгаа өргөнхөн
Таныг бодох завгүй
Тэмээ ботготой ноцолдож
Бүтээж болгохоор мэрийж
Бүсгүй заяатайгаа эвлэрч
Бусдын жишгээр амьдарч
Бурханы төөргөөр гэлдэрч явна
Би алзахгүй ээ
Зах хязгааргүй говийн
Захидлаа үүгээр дуусгая
Намдаа хүчин зүтгээрэй
Намайг тэгээд мартаарай
Баяртай найз минь баяртай

Thursday, April 23, 2009

Монголд хайртай хүн байдаг юм уу?

Монголд хайртай хүн байдаг юм уу?


Монгол гэдэг үг хоёрхон гол утгатай. Нэгдүгээрх нь ази тивийн зүрхэнд орших сая таван зуун мянган километр квадрат хэмжээтэй үзэсгэлэнт сайхан газар нутаг. Хоёрдугаарх нь цөөхөн хэдэн монгол хүн. Монгол гээд хэлэхээр эсвэл хүн бодогдоно, эсвэл газар нутаг бодогдоно.

Энэ нийтлэлийн гарчиган дахь асуултанд би Монгол гэдэг үгийг хоёрдахь утгаар нь асууж байгаа юм. Монгол хүнд хайртай хүн байдаг юм уу? Хариулахаасаа өмнө сайн бодоорой. Би бол байдаггүй гээд хариулчих гээд байгаа юм.

Бодъё л доо... Хятадууд Монголчуудад хайртай юу? Үгүй. Оросууд? Бас л үгүй. Солонгосууд? Бүр ч үгүй. Тэгвэл Монголчууд Монголчууддаа хайртай юу? Би лав эргэлзэж байна...

Хүний нутагт яваа Монголчууд яагаад бие биенийгээ муухай харж явдаг юм бэ? Хайртай болоод тэр үү? Хайртай болохоороо Хятад, Солонгосуудын гар хөл болж элэг нэгт ахан дүүсээ эмийг нь янхан, эрийг нь донор болгож зарах уу? Хүний наймаа нь хайраа илэрхийлж байгаа байдал уу?

Саяхан болсон нэг хэргийг сөхье. Хоёр гуйлгачин хүүг нэг хүүхэн хоолоор дайлж л дээ. Гоё ч хоол авч өгч. Тэгээд "энэ амтлагч байгаан" гээд нэг нунтаг юм хоолонд нь хийчихэж. Хоёр хүү хоолоо идчихээд унтаад өгчээ. Нэг нь өглөө сэртэл нөгөөхийнх нь гэдэс доторыг яраад элэг, бөөрийг нь авчихсан байж... Хүүгийн амь ердөө л нэг аяга хоолны үнэтэй байсан юм уу? Нөгөө хайр чинь тэгээд энэ үү?

Намайг бага байхад, ердөө аравхан жилийн өмнө маш их гуйлгачин хүүхэд байдаг байсан. Гэрийн хажуугийн траншейнд л гэхэд өсвөр насны 20 хүүхэд байдаг байсан. Одоо гудамжны хүүхдийн тоо цөөрсөн ч юм шиг. Шалтгааныг нь юу гэж бодож байна? Арай асрамжийн газрууд сайн ажиллаж байгаа гэсэн гэнэн бодолтой явдаг юм биш биз дээ? Асрамжийн газрууд ажлаа сайн хийж байгаа. Гэхдээ тэд хөрөнгө мөнгөний гачаалалаас болоод бүх гудамжны хүүхдийг асрарч чадахгүй гэдгийг та мэдэх үү?

Миний төрсөн өдөр 12-р сарын 31-нд болдог. 10-р анги хүртлээ гэрийнхэнтэйгээ, түүнээс хойш найзуудтайгаа эдгээр өдрүүдэд би баярлаж өнгөрөөдөг. Доод тал нь л 10 хоног би төрсөн өдрөө тэмдэглэдэг. Зарим хүмүүсийн хувьд үнэртэж ч байгаагүй амттаныг идсэн, сонсож ч байгаагүй дарсыг би хангалттай уусан. Тэглээ гээд ямар өөрчлөлт гарав? Би таргалчихсан уу? Үгүй. Туранхай хэвээрээ л байна. Магадгүй нэг гуйлгачин хүүгийн бүтэн жил хоол авч идэх мөнгөөр би 10-хан хоног тансаглаад л... Одоо бодохоос ичиж байна.

Монголыг тойрсон Монголчууд гэж байдаг. Хойшоогоо Тува, Халимаг. Баруун тийшээ Хазара Монголчууд. Урагшаагаа бол Дээд Монголчууд, Өвөр Монголчууд гээд л... Тэд жаргалтай амьдарч байгаа гэж та бодож байна уу? Хятадад бизнес хийх гэхээр Өвөр Монголчуудад зээл олгодоггүйг та мэдэх үү? Хятад хүнд бол ямар ч барьцаагүй зээл олгоно. Өвөр Монгол хүнд бол барьцаатай байсан ч зээл олдохгүй. Монголоор ямар ч аялгагүй цэвэр ярьдаг Дээд Монголчууд яаж Хятадуудад хавчигдан зовж амьдарч байгааг та мэдэх үү? Халимагийн ард түмэн эх хэлээ мартсан гэвэл яах уу? Миний ойлгож байгаагаар тэдгээр Монголчууд биднийг сайхан амьдруулахын тулд өөрсдийгөө хилийн цаана үлдээгээд, нэг ёсондоо өөрсдийгөө золиослон байж МОНГОЛ улсыг тусгаар тогтнуулсан. Монгол улсын хоёр сая зургаан зуун мянган хүнийг сайхан амьдруулах гэж бидний ойрын хамаатанууд ямар их золиос гаргаа вэ? Биднийг сайхан амьдаруулах гэж.

Тэгээд бидний сайхан амьдарч байгаа нь энэ үү? Дэргэдэх хүнээ донор эсвэл янхан болгочихоод өөрсдөө тансаглаад л байх уу? Энэ тэгээд сайхан амьдрал мөн үү?

Саяхан телевизээр 2 траншейны хүүхэд гарч байна лээ. Олон хүн үзсэн байх. Өглөө сэрээд, пүнкерүүдээр хэсч байгаад, энд тэндээс гуйлга гуйгаад олсон мөнгөөрөө 2 бэлэн гоймон авч идээд л унтдаг гэж ярьсан. Өдрийн норм ердөө л 2 гоймон. Миний ажигласнаар тэр хоёр хүүгийн нэг нь лав мундаг цэгцтэй ярьдаг хүүхэд байна лээ. Магадгүй, тэр хүү яваандаа уран илтгэгч ч болж магадгүй. Гудамжинд гуйлга гуйгаад сууж байгаа хүүхдүүдийн дундаас дэлхийн хэмжээний эрдэмтэн төрвөл яах уу? Эсвэл мундаг тамирчин гараад ирэх ч юм бил үү? Ирээдүйн олимпийн аврага маань ганц аяга хоолоор элэг, бөөрөө сольчихож байгаа юм биш биз дээ? Айн?

Гэтэл бид шинэ жил, төрсөн өдөр гэх мэт бусад өдөртэй яг адилхан өдөр өчнөөн тансаглаад л... Би ичиж байна. Ойрын хэдэн жилдээ лав төрсөн өдрөө тэмдэглэхгүй байхаар би шийдлээ. Ямар идэж, ууж үзээгүй биш дээ? Мөнгөө цуглуулж байгаад ирээдүйн сэхээтэнүүдийг спонсорлох минь...


Жич: Сайхан сэтгэлт Монгол хүн таныг надтай санаа нийлээд эх орныхоо ирээдүй болсон хүүхэд багачуудад тусламжийн гараа сунгаарай гэж уриалж байна. Бас, хэрвээ хүсвэл миний энэ нийтлэлийг аль болох олон хүнд тараагаад өгөөрэй.

From www.hi5.com mailing