Monday, February 4, 2008

Хайр

Хос хун нуурандаа ижилсэн буух нь vзэсгэлэнтэй
Хос залуус хайрандаа vнэнч байх нь жаргалтай
Хоног өдрийн уртад тодрон гэрэлтэх хайрыг
Хонгор минь чамдаа яг одоо л амлъя
Сувдан дусалтай нулимсаа энгэртээ эгшээн санагалзаж
Суунагалзан зэрэглээтэх алсаас хараа бэлчээн ирэхгvй юм бол
Миний хайрлах зүрхээр хэн чамайг хайрлаж
Мичид гудайх шөнөөр хэн чамайг энхрийлэх юм бэ

Tuesday, January 22, 2008

Монгол улсад нүүрс шингэрүүлэх технологи ашиглан нийлэг түлш, шатахууны үйлдвэрлэл байгуулах боломж

Нийтэлсэн: 2008-01-21

Газрын тосны бүтээгдэхүүний найдвартай хангамжийг бий болгох явдал нь дэлхийн ихэнх улс орны түүний дотор манай Монгол улсын хөгжлийн хамгийн
чухал хүчин зүйлүүдийн нэг мөн. Газрын тосны бүтээгдэхүүн нь дэлхийн түлш эрчим хүчний хангамжинд чухал байр суурь эзлэж байна. Сүүлийн жилүүдэд дэлхийн хүн амын болон эдийн засгийн хурдан өсөлтөөс хамааран газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээ өндөр хурдацтайгаар нэмэгдэж байна. 2008 он дөнгөж гармагц нэг баррель газрын тосны үнэ Нью-Йоркийн бирж дээр 100 ам. долларт хүрлээ. Ийнхүү дэлхийн газрын тосны хэрэглээ, олзворлолт улам их нэмэгдэхийн хирээр түүний нөөц нь эрс хомсдож дэлхийн эдийн засгийн өсөлтөнд ноцтой асуудал үүсгэж байна. Газрын тосны бүтээгдэхүүний энэхүү өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад нүүрс боловсруулах үйлдвэрлэл ойрын ирээдүйд голлох байр суурь эзэлнэ гэж дэлхийн тэргүүлэх орнуудын шинжээч нар үзэж байна. Дэлхий даяар газрын тосны бүтээгдэхүүний үнэ огцом өсч ядуу буурай орнуудын эдийн засагт хүнд цохилт болж байна. Манай Монгол улс ч гэсэн энэ бэрхшээлийг амссаар байна. Иймээс өндөр үнэтэй импортын бензин, шатахууны хамаарлаас гарах нэг арга зам нь нүүрс шингэрүүлэх шинэ технологийг ашиглан моторын түлш болон бусад нүүрс устөрөгчийн нэгдлүүдийг гарган авах нь эдийн засгийн хувьд ашигтай болно гэж дэлхийн тэргүүлэгч орны эрдэмтэн судлаачид үзэж байна.

Сүүлийн үед дэлхий нийтээр чихрийн нишингэ, улаан буудай, модны үртэс, сүрэл, нүүрсний үйрмэг гэх мэт органик бодисуудаас техникийн спирт гарган авч түүнийгээ ашиглан моторын шатахуун үйлдвэрлэх асуудалд их анхаарал тавьж байна. 2005 онд дэлхий даяар 36.3 тэрбум литр техникийн спирт үйлдвэрлэсэн. Үүний 45%-г нь Бразил улс, 44.7% –г нь АНУ тус тус үйлдвэрлэсэн. АНУ-н Засгийн газраас моторын шатахуунд ашиглах техникийн спирт үйлдвэрлэгч нарт 1 галлон тутамд нь 0.51 центийн татаас өгч байгаа. 2005 оны 8-р сард АНУ-д “Energy Policy Act of 2005” хэмээх эрчим хүчний тухай хууль болон “Renewle Fuels Standard” (Сэргээгдэх түлшний стандарт) стандартууд батлагдсан. Энэ нь АНУ-н нийлэг шатахуун үйлдвэрлэгч нарт шаардлагатай байсан хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн. Манай Монголын зарим аж ахуйн нэгжүүд хямд техникийн спирт импортлон оруулж ирээд түүнээс моторын шатахуун болон утаагүй түлш үйлдвэрлэх туршилт судалгааны ажлыг өөрсдийн хөрөнгөөр хийж байгаа.

Иймээс Монгол улсын төр засгаас эдгээр аж ахуйн нэгжүүд хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хууль эрх зүйн орчныг нэн даруй бүрдүүлж өгөх нь зүйтэй гэж үзэж байна. Юуны түрүүнд техникийн спирт (биоэтанол, метанол) ашиглан хийж байгаа түлшний МУ-н стандартыг бий болгох нь энэ чиглэлийн бизнес эрхлэгч нарт хэрэгтэй байна. Хүрэн нүүрсийг боловсруулан маш их хэмжээний метанол (метилийн спирт) үйлдвэрлэн гаргах үйлдвэрт дээр дурьдсан эрх зүйн зохицуулалт бас шаардлагатай.
Нийлэг түлш, шатахууны үйлдвэрлэл үүсгэхийг сонирхогч Монголын хэдэн хувийн хэвшлийн компаниуд санаа бодлоо нэгтгэж “Монголын нүүрс шингэрүүлэх консорциум” хэмээх байгууллагыг 2006 оны 11-р сард байгуулсан. Монголд нүүрсний гүн боловсруулалт хийдэг үйлдвэрлэл бий болгох зорилготой энэ консорциумын ажилд гар бие оролцох боломж надад олдсон юм. Энэ консорциумын ажлын хүрээнд дараах урьдчилсан үр дүн гарсан. Үүнд:
-Монголын зах зээл дээр нүүрс шингэрүүлэх төслийг хэрэгжүүлэх хамгийн боломжтой;
- Урьдчилсан судалгаанаас харахад нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн санхүүгийн үзүүлэлтүүд маш эерэг сайн гарч байна;
- Үйлдвэрлэлийн байрлал дэд бүтцийн хувьд өндөр шаардлагатай бөгөөд Улаанбаатар хотоос зүүн өмнө орших зарим газрууд уг шаардлаганд нийцэж байна;
- Монгол орны нүүрсний асар их нөөц, дэлхийн хамгийн том зах зээлүүдийг нэг болох БНХАУ-н зах зээлтэй газар зүйн байрлалын хувьд хиллэн оршдог зэрэг хүчин зүйлүүд нь уг төсөлд гадаадын томоохон хөрөнгө оруулагч нарыг оруулж ирэх бүрэн боломжтой.

Энэ төслийн бас нэг томоохон ач холбогдол нь хүрэн нүүрсийг энерго технологийн аргаар боловсруулах хамгийн орчин үеийн технологийг ашиглан нүүрсийг хаягдалгүй иж бүрнээр боловсруулах аж үйлдвэрлэл Монгол улсад бий болгох. Манай оронд хүрэн нүүрсний томоохон бассейнууд байрладаг. Түүний нэг нь Чойр – Нялгын сав газар бөгөөд геологийн тойм нөөц нь 20.4 тэрбум тонн, үйлдвэрлэлийн нөөц нь 6 тэрбум тонн. Энэ байгалийн үнэт баялаг, түүхий эдээ зөв зохистой ашиглах нь Монгол улс эдийн засгийн тогтвортой хөгжилд хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэх нь ойлгомжтой юм. Энэ бүс нутаг нь манай улсын зам тээвэр, эрчим хүчний болон бусад дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, ойрын үед нүүрс шингэрүүлэх үйлдвэрийг байгуулахад хамгийн тохиромжтой болох нь бидний хийсэн судалгаагаар тогтоогдсон. Нүүрс нь дулаан, цахилгааны эрчим хүчний эх үүсвэр төдийгүй нийлэг моторын түлш (шатахуун) , метанол, байгалийн хий зэрэг газрын тосноос гарган авч байсан үнэтэй нүүрс устөрөгчийн бүтээгдэхүүнүүдийг гарган авах чухал анхдагч түүхий эдийн нөөц болохыг дэлхий даяар ойлгон хүлээн зөвшөөрч байгаа үед манай консорциум ажлаа эхэлсэн.

Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг дэвсгэрт хүрэн нүүрснээс моторын нийлэг түлш үйлдвэрлэх томоохон үйлдвэрийн цогцолборыг байгуулах төсөл нь Монголын нүүрс шингэрүүлэх консорциумын хийж байгаа гол ажил. Уг үйлдвэрлэлийн цогцолбор бий болсоноор Багануур, Шивээ Овоо, Төгрөг нуур г.м. ойр хавийн бүх хүрэн нүүрсний уурхайнууд олзворлосон нүүрсээ зах зээлийн үнээр борлуулах худалдагч авагчтай болж энэ хавийн нүүрсний аж үйлдвэр сэргэх боломжтой. Одоогийн байдлаар төрөөс нүүрсний үнийг хатуу барьж байгаагаас дотоодын зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулдаг нүүрсний уурхайнууд ашиггүй, бараг алдагдалтай ажиллаж байна. Энэ нь тухай нүүрсний уурхайнууд ажиллагсадынхаа нийгмийн асуудлыг шийдэх, техник технологийн шинэчлэл хийх, үйлдвэрлэлээ өргөтгөх боломжуудыг ихээр хязгаарлаж байгаа. Манай консорцуимын боловсруулсан мастер төлөвлөгөөгөөр уг үйлдвэр нь жилд 14.6 сая тонн нүүрс хэрэглэнэ. Энэ нь тухайн бүс нутгийн нүүрсний үйлдвэрлэлийн 5-с 6 дахин нэмэгдүүлнэ. Жилд 14.6 сая тонн нүүрсийг зах зээлийн бодит үнээр борлуулах боломж олдоно гэдэг бол тухайн бүс нутгийн нүүрсний үйлдвэрлэл үсрэнгүй хөгжих үндэс.

Монгол улс нь газрын тосны бүтээгдэхүүний импортын хамаарлаас гарах, моторын нийлэг түлш, байгалын хий гэх мэт түлш, эрчим хүчний цоо шинэ эх үүсвэрүүдтэй болж түлш, эрчим хүчний хангамжийн бүтцийн өөрчлөлт хийнэ. Өнөөдрийн байдлаар Монгол улсын эрчим хүчний хэрэгцээг нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцууд дээр тулгууурлан хангаж байгаа нь эдийн засгийн үр ашгийн хувьд туйлын хангалтгүй. Иймээс нүүрс шингэрүүлэх замаар нүүрсийг хаягдалгүй, иж бүрэн ашиглах нь манай орны нүүрсний асар их нөөцийн ашиглалтыг сайжруулах, байгаль орчин, агаар мандлыг бохирдуулж байгаагаас үүссэн гамшигийг зогсоох зэрэг улс орны хэмжээний глобал асуудлыг шийдэх стратегийн ач холбогдолтой асуудал гэж үзэж байна. Төр засгийн зүгээс нүүрсийг иж бүрэн боловсруулах аж үйлдвэрийн салбарыг бий болгон хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгч байгааг нь ажиглагдаж байна. Улсын их хурлаас нүүрснээс шингэн түлш гаргах, хүрэн нүүрсийг гүн боловсруулах явцад гарах давирхай, хийг ашиглан химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийн аж ахуйн нэгжийг дэмжсэн үндэсний хөтөлбөрийг батлах нь зүйтэй гэж үзэж байна.

Манай консорциум нь энэ чиглэлээр дэлхийд тэргүүлэх технологитой Германы компаниудтай хамтран нүүрснээс шингэн түлш гаргах төслийн мастер төлөвлөгөөг 2007 оны дундуур боловсруулж дуусгасан. Энэ консорциумд “Монголын Олон Улсын Хөрөнгийн Корпораци” хэмээх Монголын анхны хувийн хөрөнгө оруулалтын банк, Германы инженерийн зураг төслийн компани, нефть хийн салбарын олон улсын хуульч нар ордог. Энэ консорциум нь Монголын талын хөрөнгө оруулагч болох “Коул Дизель” компаний захиалгаар уг төслийн урьдчилсан техник эдийн засгийн үндэслэл (pre-feasibility study) болон Мастер Төлөвлөгөөг 2007 оны 1-р сараас 6 сар хүртэл хийж гүйцэтгэсэн.

Уг үйлдвэр нь жилд 14.6 сая тонн хүрэн нүүрсийг боловсруулж 1.2 сая тонн бензин, 729 мянган тонн дизелийн түлш болон 475 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий, 126 мянган тонн сульфат аммоний зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Энэ үйлдвэр нь өөрийн хүчин чадлын 50% орчмоор Монгол улсын дотоодын хэрэгцээг бүрэн хангаад үлдсэнийг нь экспортлох боломжтой байна.

Энэ төслийг цааш нь үргэлжлүүлэх Техник Эдийн Засгийн Үндэслэлийн (Feasibility Study) судалгааны шатыг санхүүжүүлэх хөрөнгө босгохын манай консорциумын зүгээс Хойд Америк, Европын хөрөнгө оруулагчид, Германы засгийн газрын ТЭЗҮ-г санхүүжүүлдэг сангууд зэрэг байгууллагуудад танилцуулж зохих яриа хэлэлцээрүүдийг идэвхтэй хийж байна. Техник Эдийн Засгийн Үндэслэлийн (Feasibility Study) судалгааны шатыг санхүүжүүлэхэд 7 сая орчим ам. долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа ба энэ хөрөнгө оруулалтыг босгох чиглэлээр консорциумын бүхий л гишүүд маш идэвхтэй ажиллаж байна. Eвропын Сэргээн Босголт Хөгжлийн Банк болон Германы засгийн газрын төлөөлөгчидтэй консорциумын хүмүүс уулзсан ба дээрх байгууллагууд төсөлд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд Консорциумд санхүүжилтын зарим аргыг санал болгоод байгаа. Манай консорциумын зүгээс энэ төсөлд оролцох сонирхолтой бүх компаниудын хувьд нээлттэй байна. Энэ төсөл нь өөрөө ойролцоогоор 3.4 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт шаардах аварга төсөл учраас гадаадын томоохон хөрөнгө оруулагчид болон үндэсний компаниудын идэвхтэй хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжэнэ.

Энэ төсөл хэрэгжсэний үр дүнд манай орны түлшний хэрэгцээнд цоо шинэ төрлийн түлш болох шатдаг хийг эрчим хүч, дулаан гарган авахад ашиглах замаар Улаанбаатар хот, аймаг, сумын төв, суурин газрын агаарын бохирдлыг асуудлыг бүрэн шийдэх боломжтой. Бас Улаанбаатар хотын гэр хороолол болон хөдөө орон нутгийн төв суурин газрын түлшний хэрэгцээнд модыг ихээр хэрэглэж Монгол орны ойн нөөц ихээр сүйдэж, цөлжилтийн хүрээ улам бүр ихсэж байгаа нөхцөлд байгаль орчныг авран хамгаалах талаасаа хийн түлшний хангамжийг бий болгох нь маш чухал ач холбогдолтой. Нүүрснээс гарган авсан шатдаг хийг шингэрүүлэх, шахах замаар савлан ахуйн хэрэглээ, тээврийн хэрэгсэл, нийтийн хоол, төвлөрсөн дулааны хангамжинд холбогдоогүй аймаг сумын төвийн сургууль, эмнэлэг, албан байгууллага, худалдаа үйлчилгээний төв, нийт айл өрхийн дулааны хэрэгцээг бүрэн хангах боломж байна. Иймээс нүүрсийг шингэрүүлж газрын тосны бүтээгдэхүүнүүд, шатдаг хий, цахилгаан эрчим хүч гарган авдаг аж үйлдвэрийн цоо шинэ салбарыг хөгжүүлэх нь Монгол улсын хувьд стратегийн чухал ач холбогдолтой зорилт гэж үзэж байна.

Нүүрсний нөөцийн хэмжээгээр дэлхийд 5 –рт ордог арвин их нөөцтэй орны хувьд эрчим хүчний хэрэгцээгээ нүүрснээс гарган авсан шатдаг хий, газрын тосны бүтээгдэхүүнээр бүрэн хангаад илүү гарсаныг нь гадаадын зах зээлд экспортлогч байх бодллого баримтлах нь оновчтой. Манай орны нүүрсний арвин их нөөцийг Монгол улсынхаа ирээдүйн үсрэнгүй хөгжлийн нэг чухал үндэс суурь болгон үр ашигтайгаар ашиглахын төлөө бүгдээрээ хамтран зүтгэе.

Коул Дизель компаний ТУЗ-н гишүүн,
Техникийн ухааны доктор

Н. Батхуяг
2008 оны 1 дүгээр сар 15

Хаанаас
http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=84985&catid=171

Wednesday, January 16, 2008

Хотын утаа хорт хавдар үүсгэх бодисыг их хэмжээгээр агуулдаг

Улаанбаатар хотын утаа жилээс жилд нэмэгдсээр байна. Өнгөрсөн жилд утаагүй болох талаар ярьсаар ирсэн боловч өнөөдөр багассан зүйл алга. Энэ талаар Нийслэ­лийн байгаль хамгаалах газ­раас гаргасан судалгааг үзлээ.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс ялгаран гарч буй утаа нь хүний амьсгалах түвшинд ойр зайд буюу хоёр метр өндөрт цацагддаг бөгөөд түүний найрлагад амьсгалын замын цочмог болон архаг өвчин, харшлын эмгэг үүс­гэх, элэг, бөөр, уушгийг гэм­тээх, зүрх судас, мэдрэл сэтгэхүйн системийн эрхтний үйл ажил­лагааг алдагдуулах, амьсгал боох, хорт хавдар үүсгэх үйлчилгээтэй нүүрс­төрөг­чийн исэл, азотын исэл, нүүрс устөрөгч, хүхэрлэг хий, хар тугалга зэрэг 200 гаруй төр­лийн хорт бодис байдаг.

Улаанбаатар хотын зарим хорооллын агаар дахь бохир бодисын агууламжийн явцаас харахад Толгойт, Баянхошуу, Сүхбаатар дүүр­гийн долоо, аравдугаар хороо, Яар­маг, Зурагт орчмын агаарын бо­хир­дол хотын бусад хэс­гээс харьцангуй их, хүхэрлэг хийн агууламж мөн л их хэм­жээ­гээр байдаг байна.

Утаанд хүүхэд бүр илүү хорддог
Хүүхэд агаарын бохир­долд маш их мэдрэг, насанд хүрсэн хүнтэй харьцуулахад хурдан амьсгалж биеийн нэг кг жиндээ амьсгалаар авах хортой бодисын хэмжээ илүү байдаг нь тэдний уушиг агаа­рын бохирдолд илүү өртдөг байна. Нөгөө талаас хүүхэд хөдөлгөөн ихтэй учир амаа­раа амьсгалдгаас агаарын хор нь хамраар шүүгддэггүй нь тэдний хөгжиж гүйцээгүй уушигны эд, эсийг гэмтээх магадлал өндөр гэж үздэг байна.

Улаанбаатар хотод хүүх­дийн нийт өвчлөлд агаарын тоос хамгийн их буюу 38.3 хувь, нийтдээ бохирдуулагч хүчин зүйлс 43.1 хувь болдог. Судалгаагаар хүүхдийн амьс­галын эрхтний өвчлөлт агаа­рыг бохирдуулагч хүчин зүй­лийн үзүүлэх нөлөө 93.7 хувь, хүүхдийн бронхитын өвчлөлд агаарын бохирдол 91 хувиар нөлөөлж байгаа судалгаа байна.

Манай орон жилд 8.2 сая тонн нүүрс олборлож ашиг­ладгаас 5.2 сая тонн нь Улаан­баатар хотод тээвэр­лэг­дэн ирж утаа болдог.

Үүнээс 3.6 сая тонныг дулааны цахилгаан станцууд, нэг сая тонн илүү нүүрсийг бага оврын халаал­тын зуух, 600 мянган тонн нүүрсийг гэр хорооллын айл өрхүүд хэрэг­лэж байна гэсэн тооцоо гар­сан байна. Нийслэлийн есөн дүүрэгт бага болон дунд ов­рын нам даралтын зуух 1378, иргэн, аж ахуйн нэгж, бай­гуул­лагын ердийн зуух 128100, дулааны цахилгаан станц гурав, тээврийн хэрэг­сэл 92706 байна. Үүнээс гадна хотын агаарыг бохир­дуу­­лахад хувь нэмрээ оруул­даг тоосгоны үйлдвэр 19, хайр­ганы үйлдвэр 32, арьс шир боловсруулах үйлдвэр 76, автомашин засварын га­зар 314, асфальтын үйлдвэр дөрөв, шатахуун түгээх газар, нефть хадгалах агуулах 166 байна.

Нийслэлд Багануур, На­лайх, Алаг толгойн нүүр­сийг голдуу хэрэглэж байгаа бө­гөөд эдгээр нүүрсэнд хүний биед хортой олон төр­лийн бодис агуулагдаж байдаг. Өглөө бүр хотыг битүү хучсан энэ их утаанд мөнгөн ус, хар тугалга ч хүртэл байдаг гэнэ. Нүүрснээс жилд дунджаар силициум 134.81 тонн, мөнгөн ус 0.0038 тонн, хар тугалга 0.086 тонныг агаарт цацаж бидний уушиг хүрээлэн бай­гаа орчинд шингэдэг гэсэн үг. Эдгээрээс хавдар үүсгэгч нь кадми, хар тугалга, мөнгөн ус, никель, диоксин зэрэг най­ман төрлийн бодис харшлын өвч­лөлд хром, мөнгөн ус, зэс, никель, бериллм зэрэг боди­сууд байдаг аж.

Д.Одонцэцэг
From:
http://news.gogo.mn/r/15607#goh_header_table