Thursday, August 2, 2007

Нүүрс боловсруулах төсөл амьдралд хэрэгжтэлээ удах нь

Дэлхий дахинаараа агаарын бохирдол, хүлэмжийн хийгээс үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын хэт дулаарлын талаар ярьж байна. Нуруун дээрх ачааллаа дийлэхээ болиод байгаа манай цэнхэр дэлхийн цаг агаарын бохирдлын гол шалтгааныг түлшний шаталттай холбон үздэг. Тиймээс олон улс орон уламжлалт технологиос түлшний цэвэр технологид шилжихийг эрмэлзэх болов. Өөрөөр хэлбэл, хүрээлэн буй орчинд халгүй техник технологиор үйл ажиллагаа явуулахыг чухалчилдаг болсон гэсэн үг.

Манай улс ч энэ чиглэлээр тодорхой хэмжээнд ярьж эхэлсэн. Ер нь агаарын бохирдлын эсрэг дэлхий нийтээрээ тэмцэж байж үр дүнд хүрнэ гэж олон улсын эрдэмтэд мэдэгдсээр. Манай улсын хувьд Улаанбаатар хот Утаанбаатар болчихоод бүйг олон жил ярьж бичиж ирсэн ч төрөөс дорвитой арга хэмжээ авсан зүйл байхгүй. Агаарын бохирдлын хэмжээгээр ч Улаанбаатар дэлхийд сүүл хормойлон давхиж буйг мэргэжилтнүүд байнга ярьдаг.

Жавар тачигнасан өвлийн улиралд хоолой сэрвэгнүүлэх утаагаар амьсгалахдаа төрийн томчууд аргагүйн эрхэнд агаарын бохирдлын тухай сая нэг ам дуугарна. Харин урин дулааны цаг эхэлмэгц энэ талаар ярих, асуудал дэвшүүлэх хүн олдохоо больдог уламжлал энэ зун ч давтагдав. Ялангуяа аагим халуун үргэлжилж буй энэ өдрүүдэд асуудал шийддэг хүмүүс агаарын бохирдлын тухай бодох манатай яваа биз. Тэгвэл энэ их халуунд бас л нэрвэгдээд буй Европын орнуудын эрх баригчид хувийн эрх ашгаа хойш тавьж, цаг агаарын өөрчлөлттэй хэрхэн тэмцэх тухай цаг алдалгүй ярилцаж, асуудлыг шийдэхийг эрмэлзэж буйг дэлхийн телесувгууд мэдээлж байна. Тэд олон аргаар тэмцэхээр ярьж байгаагийн дотор нүүрсийг боловсруулж хийжүүлэх, байгаль орчинд хал балгүй технологийг нэвтрүүлэхэд ихээхэн анхаарч байна. Уламжлалт технологиос шууд татгалзаж, экологийн цэвэр технологид шилжих бэл бэнчин багатай орнууд хэтэвчнийхээ хэрээр аажим аажмаар орчин үеийн технологийг нэвтрүүлж байгаа аж. Харин манай улсын хувьд өнөөдөр нүүрсийг шууд шатааж дулаан цахилгаан үйлдвэрлэж байгаа.

Нүүрс боловсруулах асуудал ерөнхийдөө цаасан дээр л яригдаж буй билээ. Тухайлбал, Түлш эрчим хүчний яам нүүрс боловсруулах аж үйлдвэрийг хөгжуүлж, улс орны нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах "Нүүрс" хөтөлбөрийг боловсруулж, УИХ-д өргөн барьсан. Энэ хөтөлбөрийг баталснаар нүүрсийг хийжүүлэх, нүүрснээс утаагүй түлш, газрын тосны бүтээгдэхүүн гарган авах, нүүрсийг коксжуулж, баяжуулахад шаардлагатай техник технологийг нэвтрүүлэх зам нээгдэх аж. Мөн тус яамнаас дулааны аргаар боловсруулсан утаагүй шахмал түлшний стандарт боловсруулж, холбогдох мэргэжлийн байгууллагуудаар батлуулсан бол, утаагүй түлш үйлдвэрлэх жижиг хэмжээний туршилтын үйлдвэрийг байгуулахаар Японы Эдийн засаг, үйлдвэр, худалдааны яамны харьяа Шинэ эрчим хүчний хөгжлийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Түүнчлэн Дулааны хоёрдугаар цахилгаан станцаас өөрийн дэд бүтцээ ашиглан, жилд 540 мянган тонн нүүрс боловсруулж, 210 мянган тонн утаагүй түлш, 125,28 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх төслийн санал дэвшүүлжээ. Харин "Багануур" хувьцаат компаниас "Экологийн цэвэр түлш, эрчим хүчний цогцолбор байгуулах" төсөл боловсруулсан нь УИХ-аар дэмжигдсэн билээ. УИХ-аар Агаарын бохирдлыг бууруулах төслийн талаар хэлэлцэх үед гишүүд Багануурын нүүрсний уурхайн мэргэжилтнүүдийн боловсруулсан төслийг сайшаасан хэрэг л дээ. Энэ төслийн гол зорилго байгаль орчинд халгүй шинэ технологиор Багануурын уурхайн хүрэн нүүрсийг боловсруулах үйлдвэр байгуулж, шатдаг хийгээр нь эрчим хүч үйлдвэрлэхэд чиглэх аж. Мөн хагас кокс, идэвхжүүлсэн шүүлтүүр нүүрс, утаагүй брикет түлш гарган авч, гадаад дотоодын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ. Нийтдээ 36,5 тэрбум төгрөгөөр босох уг цогцолборт нүүрс боловсруулах, хийн цахилгаан эрчим хүчний, хийн дулааны эрчим хүчний, утаагүй брикет түлшний үйлдвэр барих юм байна, ОХУ-ын "Карбоника-Ф" технологиор жилд 500 мянган тонн нүүрс боловсруулж, 600 мянган Гкал. цаг дулаан, 160 сая кВт.ц цахилгаан, 150 мянган тонн утаагүй түлш үйлдвэрлэх гэнэ. "Карбоника-Ф" технологи нь илчлэг багатай нүүрсийг боловсруулахад давирхай, үнс гаргадаггүй аж. Мөн нүүрс боловсруулах явцад ялгарах шатдаг хийг цэвэршүүлэхгүйгээр шатааж, дулаан, цахилгаан үйлдвэрлэхэд хорт хийн агууламж маш бага тул байгаль орчинд халгүй технологи гэж үздэг байна. Цогцолборыг нийслэлийн зүүн талд буюу Амгалангийн орчимд барьснаар 23 жижиг уурын зуухыг халааж, 35822 тонн нүүрс хэмнэж, 726,1 тонн хорт бодис, 6268,8 тонн үнсний хаягдлаас ангижрах тооцоо хийжээ. Мөн жилдээ 50 мянган өрхийн хэрэгцээг хангах утаагүй брикет түлш үйлдвэрлэх, бөгөөд ийм түлшний үнсийг нь зам барилгын ажилд ашиглах гэнэ. Дэлхийн улс орнууд утаагүй түлшний үнсийг барилга болон замын суурийг тавихад өргөн ашигладаг байна. Мэргэжилтнүүдийн ярьснаар утаагуй түлшийг нийслэлийн гэр хорооллынхон болон жижиг уурын зуухууд хэрэглэснээр Улаанбаатар хотын агаарын бохирдол 80 хүртэл хувиар буурна гэсэн. Мөн мод түлэх шаардлагагүй болж, ой мод сүйтгэхээс сэргийлэх ач холбогдолтойг тэд онцолсон. Үнийн хувьд нэг тонн утаагүй түлшийг 30 мянган төгрөг байхаар тооцоолж байна. Өнөөдөр нэг тонн нүүрсний үнэ 25-30 мянган төгрөг байгаа. Гэхдээ байгаль орчинд хортой, хоргүй гэдгээр нь үнийн дүнг харицуулж үзэх нь зөв болов уу. Цаашид төрөөс энэ салбарт татварын хөнгөлөлт, урт хугацааны зээл олгох зэрэг бодлого авч хэрэгжүүлбэл утаагүй түлшний үнэ буурах боломжтой гэнэ.

"Экологийн цэвэр түлш, эрчим хүчний цогцолбор"-ын зураг төслийг хийхэд хоёр тэрбум төгрөг хэрэгтэй. Энэ мөнгийг төрөөс шийдэх шаардлагатай байгаа. Харин цогцолборыг барих хөрөнгийг хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэх нь зөв гэж УИХ үзсэн. Эдгээр санхүүгийн асуудлыг шийдсэнээс хойш 2.5 жилийн дотор цогцолборыг барьж ашиглалтад оруулна. Зардлаа найман жилийн дотор ТӨЛӨХ ТООЦОО ХИЙСЭН" гэж "Багануур" компанийн Маркетинг судалгаа, хөгжлийн албаны дарга Д.Алтангэрэл ярилаа.

Улс орон, ард иргэд, байгаль орчинд ашиг тустай энэ төслийг одоо Засгийн газраар хэлэлцэж, хэрэгжүүлэх тухай тогтоол гаргах юм байна. Дараа нь яамнаас тогтоол гаргах аж. Олон хуудас цаас шаарддаг манай төрийн байгууллагуудын ажлын жишгээр энэ төсөл амьдралд буутлаа өдий бололтой. Засгийн гаэар энэ асуудлыг хав дараад байлгүй хэлэлцэж хэрэгжүүлэх ажлыг шуурхайлаад өгөөсэй. Тэгвэл хоёр жилийн дараа цогцолбор ашиглалтад орж, нийслэлийн агаарын бохирдол бага ч болов буурах магадлалтай юм биш үү. Хугацаа алдах тусам агаарын бохирдол ихэсч, нийслэлийнхний эрүү мэндэд хор учруулсаар байх нь мэдээж.



/Өнөөдөр сонин 2007-07-31/

1 comment:

Anonymous said...

Почитаемый пользователь интернет читающий сей коротенький очерк.
Сословие Мегаполиса Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила предположим это "[url=http://www.pi7.ru/dom2/31188-novye-devochki-na-polyane.html ]Романтические комедии разрушают женское счастье [/url]" - Канечно вы можете найти и ради себя много интерестного
Ну а однако лучшее специи через скуки это анекдотец.
[IMG]http://www.my.pi7.ru/images/photos/medium/fc3ed22c063f63ce74de46bd2dce96d3.jpg[/IMG]
[b]Чего все радуются.. Сочи-2014.. я не знаю на что завтра водку купить,
а представьте сколько она будет стоить в 2014 году! [/b]