Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших Асгатын мөнгөний ордыг ашиглах тухай асуудлыг хэлэлцээд Стратегийн ач холбогдол бүхий Асгатын мөнгөний ордын төрийн эзэмших хувь хэмжээг 50 хувь байх нь зүйтэй гэж үзэж, холбогдох шийдвэрийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхийг Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүү, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарт өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас даалгалаа. Энэ талаар Засгийн газрын хэвлэл мэдээллээс албанаас ирүүлсэн мэдээнд “Монголросцветмет” ХХК нь Асгатын мөнгөний ордыг хамтран ашиглах талаар ирсэн бизнесийн саналуудаас ОХУ-ын Бүс нутгийн шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Полиметалл” нэгдлийг сонгож, улмаар “Монголросцветмет” ХХК-ийн Зөвлөлийн Монголын болон Оросын хэсгүүдээс олгосон зөвшөөрлийн дагуу хамтарсан “Асгатполиметалл” компанийг үүсгэн байгуулах гэрээг 2006.12.08-ны өдөр байгуулсан байна.
Дээрх гэрээг байгуулах үед мөрдөгдөж байсан “Ашигт малтмалын тухай” хуульд стратегийн ач холбогдол бүхий ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох тухай тусгасан. Гэвч стратегийн ач холбогдол бүхий ордод ямар ордыг хамруулах асуудал шийдэгдээгүй байсан юм. УИХ 2007.02.06-нд Асгатын мөнгөний ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулснаар эрх зүйн шинэ орчин бий болсон тул уг ордыг ашиглах асуудлыг хуульд нийцүүлэх шаардлага гарсныг үндэслэн дээрх асуудлыг хэлэлцсэн юм” гэжээ.
From:
http://www.news.mn
No comments:
Post a Comment