Оюу толгой, Тавантолгойн ордууд монголчууд тєдийгvй дэлхий нийтийн анхаарлыг татаж, эдгээр баялаг ордыг хэрхэн ашиглах асуудал ихээхэн маргаантай байна. Монголын тєр засаг ч асуудалд ул суурьтай хандахыг хичээж, УИХ-ын гишvvд уул уурхайн vйлдвэрлэл хєгжсєн улс орнуудад очиж туршлага судлан vр дvнг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлж байгаа. Саяхан УИХ-ын гишvvдийн ээлжит баг хєрш зэргэлдээ БНХАУ-д зочилж, уул уурхайн хєгжилтэй нь танилцлаа. Тус багийг дагалдан явах зуур тєрсєн сэтгэгдлээ уншигч тантай хуваалцъя.
Нэг. АВАРГА ТЄРVVЛЭХ ХЯТАДЫН БОДЛОГО
Хятадын уул уурхайн салбар асар хурдацтай хєгжиж байна. Тэд хvрз жоотуу барьсан хvний олонд дулдуйддаг хуучин уламжлалаасаа татгалзаж, орчин vеийн техник технологийг эрхэмлэх болсон нь алхам тутамд мэдрэгдэж байв.
Хятадын эрчим хvч, уул уурхайн томоохон компанийн нэг Шиньхуа (Shenhua) групп нvvрс олборлолт, цахилгаан станц, нvvрснээс шингэн тvлш гаргах чиглэлээр голлон ажилладаг аж. Мєн єєрийн гэсэн 1800 км тємєр замтай, тэр нь Хятадын баруун бvсийн нvvрсийг далайд гаргах хоёр дахь том гарц гэгддэг юм байна. Тус группын мэдэлд нvvрсний 13 уурхай байдгийн 3 нь ил уурхай. Энэ жил 280 сая тн нvvрс борлуулсан гэнэ.
Тус компанийн харьяа Шэньдуны нvvрсний далд уурхайгаар орлоо. Жилд 100 сая тонноос дээш хэмжээний нvvрс олборлож буй дэлхийн цорын ганц энэ уурхайд 8430 хvн ажилладаг. Тэдний гурван мянга гаруй нь нутгийн уугуул иргэд. Урьд нь жилд 10 саяас дээш тн нvvрс олборлодог уурхайд 30-40 мянган хvн ажилладаг байсан бол шинэ мянганы эхээр дэвшилтэт технологи бvхий уурхайн хэв загварыг бий болгох зорилт тавьснаар ийм амжилтад хvрсэн гэнэ. Америкийн нvvрсний далд уурхайн нэг ажилчин ээлжиндээ 41.73 тн нvvрс гаргадаг бол эдний нэг хvн 8 цагийн хугацаанд 124 тн нvvрс олборлоно. Аюулгvй ажиллагааны vзvvлэлт нь ч Америкийн дунджаас давсан аж. Энэ бvгдийгээ тэд тэргvvний техник технологитой холбон тайлбарлаж байлаа.
Шэньдун газар нутгийн хувьд Монголын говьтой адил тєстэй бєгєєд усны хомсдлоос зайлсхийхийн тулд хаягдал ус бага гаргах, бохир ус хаяхгvй байх технологид нэгэнт шилжжээ.
Байгаль орчныг хамгаалах асуудалд онцгой анхаарч, нийтдээ 50 ам дєрвєлжин км талбай ашигладаг ч 153 ам дєрвєлжин км талбайг ойжуулснаар нийт нутгийн 11 хувь нь л ургамлан бvрхvvлтэй байсныг 67 хувьд хvргэж чаджээ.
Шэньдунд нvvрснээс шингэн тvлш гаргах vйлдвэр баригдаж байна. Нvvрснээс шууд шингэн тvлш гаргах, химийн єєр бодис болгож байж гаргах хоёр арга байдаг. Эднийх шууд гаргах vйлдвэр бєгєєд хагас жилийн дараа гэхэд дэлхийн хамгийн том энэ vйлдвэр бvтээгдэхvvнээ гаргаж эхэлнэ. Гурван тн нvvрснээс нэг тн шингэн тvлш гарах бєгєєд 70 хувь нь дизелийн тvлш, 20 хувь нь бензин, vлдэх хэсэг нь химийн янз бvрийн тvvхий эд байх аж. Нефтийн бvтээгдэхvvний vнэ дэлхийн зах зээл дээр нэг баррель нь 35-45 ам. доллар байхад л тус vйлдвэр ашигтай ажиллах гэнэ. Тус vйлдвэр 2020 он гэхэд 30 сая тн шингэн тvлш гаргахаар зорьж, 350 тэрбум юанийн хєрєнгє оруулалт хийхээр болоод байгаа гэж байсан. Цахилгаан гаргахад нvvрсний илчлэг чухал бол химийн боловсруулалтад энэ vзvvлэлт хамаагvй, шинжилгээ хийн тухайн нvvрсийг шингэрvvлэх vv, коксжуулах уу, хийжvvлэх vv, тvлшинд хэрэглэх vv гэдгийг шийддэг юм байна. Нvvрснээс шингэн тvлш гаргах гол технологи нь Хятадынх гэнэ.
Шэньхуагийн нvvрс боловсруулж шингэн тvлш гаргах судалгааны тєв Шанхайд байрладаг. Дэлхийн хамгийн том гэсэн тодотголтой энэ тєвд бvх судалгаа, туршилт хийгдэж, боловсон хvчнээ бэлтгэж, нvvрснээс шингэн тvлш гаргах анхны бєгєєд цорын ганц тєслийн цохилох зvрх нь болж байна.
Хятадууд цахилгаан станцыг тєв суурин газар барьж, нvvрсээ тээвэрлэдэг практикаас татгалзаж эхлээд байна. Станцыг уурхайгаа тvшиглэн байгуулж, цахилгаанаа дамжуулах нь илvv ашигтайг тэд олж харжээ. Шаньси мужийн нvvрс, дулааны цахилгаан станцын цогцолбортой бид танилцсан юм. Нvvрс элбэгтэй баруун бvсэд газар дээр нь цахилгаан vйлдвэрлэж, зvvн бvс рvv дамжуулж буйн нэг жишээ болох энэ цогцолборын тал нь ашиглалтад орсон, ирэх жилээс бvрэн хvчин чадлаараа ажиллаж, жилд 18 тэрбум юанийн борлуулалт хийх гэнэ. Нvvрсээ зєєдєг станцтай харьцуулбал 30-40 хувийн ашигтай гэж байсан. Бидний vзсэн станц гэхэд л уурхайгаас 500 метрийн зайд байх агаад нvvрсээ туузан дамжлагаар татчих юм. Энд сонирхол татсан нэгэн зvйл нь ус ховортой учир агаарын хєргєлттэй, цэвэр, битvv орчинд хєргєдєг болохоор экологид ямар нэгэн хор нєлєєгvй аж. Агаараар хєргєхєд усыг 90 хувь хэмнэдэг гэнэ.
Ордос аймгийн Зvvнгар хошууны Хадай гол хэмээх газар байрлах нvvрсний ил уурхай 9.6 тэрбум тн-ын нєєцтэй. Шиньхуа группын гурван ил уурхайн нэг. Герман технологитой энэ уурхай жилд 20 орчим тн нvvрс олборлодог. Хорин дєрвєн цагийн ажиллагаатай энэ уурхайд 700 орчим хvн ажилладаг. Азийн хамгийн том ил уурхай. Хуулсан хєрсєє туузан дамжлагаар, нvvрсээ 154 тн-ын даацтай “Terex”-ээр зєєнє. Эднийх дэлхийн хамгийн том эксковатортай. Шилдэг технологи нэвтрvvлэх, байгаль орчноо хамгаалж, нєхєн сэргээлт хийх хоёрт гол анхаарлаа хандуулдаг гэж уурхайн дарга Жан овогт ярьж байна.
Шиньхуа группын vйл ажиллагаатай танилцаж байхад Хятадын тєрийн бодлого нь чиглэл чиглэлээр тєрєлжсєн салангид олон компаниас татгалзаж, нэг компани, нэгдмэл удирдлагатай цогц vйл ажиллагаа явуулдаг аваргууд тєрvvлэх тийшээ хандаад байна уу даа гэх бодол тєрсєн. Шиньхуа гэхэд л єєрийн уурхайнуудаасаа олборлосон нvvрсээ єєрийн тємєр замаар тээвэрлэн далайн боомтод хvргэж, эсвэл єєрийн станцад vйлдвэрлэсэн цахилгаанаа дамжуулж байх жишээтэй.
Шанхай хотын “Баошань” (Baosteel group corporation) ган тємєрлєгийн vйлдвэр Хятаддаа нэг, дэлхийд тавд ордог том vйлдвэр. Тус vйлдвэрийн зохих албаны хvмvvс Хятад дахь тємрийн тархай бутархай олон зуун vйлдвэрийг худалдан авах, нэгтгэх бодлого барьж байгаагаа нуусангvй. Ингэж байж бид 2010-2012 онд жилийн хvчин чадлаа 80 сая тоннд хvргэж, дэлхийд гуравт орох том vйлдвэр болно гэж байна билээ.
Сvvлийн vед Хятад улс жилд 1.5 сая тонноос доош хvчин чадалтай гангийн vйлдвэрvvдээ хааж эхлээд буй нь ч салбар салбартаа аварга тєрvvлэх бодлогын илрэл гэлтэй.
Хоёр. АВАРГА ТЄРVVЛЭХ МОНГОЛЫН БОЛОМЖ
Дэлхий єнєєдєр эрчим хvчний хомсдлоор амьсгалж байна. Нvvрс, нефть, байгалийн хийн нєєц эдийн засаг тєдийгvй геополитикийн чухал хэмжvvр болж байна. Ийм нєхцєлд Тавантолгой, Оюу толгой болон бусад ордыг хэрхэх асуудал анхаарлын тєвд байна. Эдийн засгаа хєгжvvлэх хэрэгцээ шаардлагыг бодсон ч, геополитикийн томоохон тоглогч болох боломж нєхцлийг бодсон ч бид хєл дороо хэвтээ энэ баялгийг ашиглах ёстой. Yvнээс олсон орлогоор эдийн засгийн бусад сег
ментийг дэвжээх ёстой. Yvнийг бvгд ойлгож, ярьдаг. Гагцхvv яаж гэдэгт л асуудлын гол байна.
Монголын эдийн засгийн сэтгэлгээний гол тєлєєлєгчдийн нэг Дандаа Чинсан (Чимидийн Дэмчигдорж) абугай “Эрдэнийн толь” хэмээх бvтээлдээ хорьдугаар зуун хаяанд ирж, дэлхийн тэргvvний хєгжилтэй улс орнууд уурын машинт vйлдвэрлэлээс цахилгаан хєдєлгvvрт шилжиж байгаа єнєє vед монголчууд бид малынхаа тvvхий эдийг боловсруулалгvй гадаадад худалдах нь гарзтай хэмээсэн байдгийг энэ удаад ч сануулмаар.
Дэлхий ертєнц даяаршиж, Америкийн нийтлэлч Томас Фрийдманы бичсэнчлэн хавтгайрч, хvн тєрєлхтєн тоглолтын нэг л талбайтай болж буй єнєє vед бид энэ vvцийг харамлан хав дарах нь утгагvй. Зєвхєн монголчууд л олборлоно гэж хийрхэх нь шаазгай зvv олоод хийх газар ололгvй хатгуулж vхэв гэгчийн vлгэр болох. Тэгэхээр хэнтэй ямар нєхцлєєр хамтарч, хэдий хугацаанд ашиглаж, бvтээгдэхvvнээ ямар тvвшинд боловсруулж, хэнд хэдээр зарах вэ гэдэг л чухал. Хаанахын хэн ажиллахдаа чухал биш, харин эцсийн vр шимийг монголчууд хvртэж, иргэн нь ч улс нь ч баян болох нь чухал.
Хятадын уул уурхайгаа хєгжvvлж буй туршлагаас харахад экологийн хувьд хор хохиролгvй, хамгийн шилдэг технологийг нэвтрvvлж, анхнаасаа далайцтай хєдєлж байж л амжилтад хvрдэг нь тодорхой байна. Тэгэхээр бид ч гэсэн дээрх ордуудыг ашиглахдаа тємєр зам, цахилгаан станц, дагуул хот зэрэг дэд бvтцийн асуудлыг цогцоор нь шийдсэн, далайцтай, томоохон бvтээн байгуулалт єрнvvлэх нь зvйтэй болов уу.
Нvvрсийг нvvрс чигээр нь биш, харин Хятадын туршлагаар цахилгаан станц барьж, эрчим хvч болгон єєрийн хэрэгцээг хангах, илvvдлийг нь экспортлох, шингэн тvлш хийх талаар анхнаас нь бодолцвол ямар вэ.
Єнєєдєр бид Тавантолгойн коксжих нvvрсийг л яриад байна. Гэтэл коксжих нvvрсийг боловсруулах явцад 20-25 хувь нь илчлэг бага, чулуулаг ихтэй нvvрс гардгийг яах вэ? Зєвхєн Євєр Монголын Ордос гэхэд л 230 тэрбум тн эрчим хvчний нvvрсний нєєцтэй гэхээр зах зээлийн єрсєлдєлдєєний асуудал аяндаа гарч ирнэ.
Оюу толгойн ордын хувьд зэсээ баяжуулах уу, боловсруулах уу гэдэг зарчмын ялгаатай асуудал. Зэс маань тvvхий эд болохоос эцсийн бvтээгдэхvvн биш гэдэг єнцгєєс харвал техник технологийн илvv нарийн шийдэл яригдана. Гадаад зах зээлийн тухайд ч илvv єргєн боломж нээгдэнэ.
Энэ бvгдэд мэдээж хєрєнгє мєнгєний асуудал хурцаар тавигдана. Гэвч єнєєгийн нээлттэй, єргєн боломжтой зах зээлээс мєнгє босгох нь тийм ч хvнд асуудал биш. Алаагvй баавгайны арьсыг хуваахаар мєрєєдєж байна гэж та шvvмжилж болох л юм. Гэвч нєхцєл байдлыг эрvvл саруулаар дvгнэж цэгнэе л дээ.
Эрчим хvчний єлсгєлєнгєєс хvн тєрєлхтєн сална гэж vгvй. Атомын эрчим хvч гэхэд л тvvхий эд болох ураныхаа нєєцийн гуравны нэгийг залгичихаад байна. Биотvлшний vлгэр 150 жил яригдаж байгаа ч олигтой vр дvнд хvрэхгvй байна. Сэргээгдэх буюу нар, салхины эрчим хvч, биоэнерги зэрэг нь нийт эрчим хvчний єчvvхэн бага хувь, тодруулбал 1.6 хувийг л эзэлж байна. Устєрєгчийн хувьсгал хямд эрчим хvч бэлэглэнэ гэсэн єєдрєг vзэл бас л батлагдсангvй. Тэгэхээр нvvрсний хэрэглээ єндєр хэвээр байх болно. Тэгээд ч дэлхийн хамгийн том зах зээлтэй орон болох БНХАУ-тай бид дєрвєн мянган км газраар хаяа нийлдэг, энэхvv мєнхийн хєршид маань эрчим хvч, нvvрс, зэсийн хэрэглээ байнга єсєн нэмэгдэж байгаа нь бидний хувьд таатай боломж бий болгож байна. Гагцхvv олдсон баялгаа улам баялаг болгохын тєлєє зєв сэтгэлээр зvтгэвэл Говийн ноён хутагт Данзанравжаагийн “Хураахын баханд бvv шуна, хэрэглэхийн зохист мэрэгш” хэмээх сургаал биеллээ олж эрчим хvчний хаант улс болох боломж Монголд байна бус уу.
No comments:
Post a Comment