Saturday, December 8, 2007

Ерөнхий сайд Оюутолгойн ажлыг эхлүүлнэ гэсэн

Дуулиан тарьсан Оюутолгой, Тавантолгой асуудлаар иргэд ямар байр суурьтай байдаг. Улстөрчид болохоор ард түмэн ингэж хүсч байна гэж ирээд л яриад байх. Ард түмний төлөөлөл хэмээх иргэний хөдөлгөөний “гол дүр”-ийн тоглогчид “Харийнхан зайл…” энэ тэр гэлцэх.

Ийм эргэлзээ байдаг учраас “Рио тинто” компани “Сант марал” судалгааны төвөөр судалгаа хийлгэжээ. Асуудал нь мэдээж хэрэг Оюутолгой төслийг яаралтай эхлүүлэх шаардлагатай эсэх талаар. Харин судалгааны дүн тэднийг ч өөрсдийг нь гайхашруулсан гэнэ. Учир нь судалгаанд оролцсон Улаанбаатар хот болон Хэнтий, Хөвсгөл, Өмнөговь Ховд, Баян-Өлгий аймгийн 1665 хүний 1025 нь буюу 79,5 хувь нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг нэн даруй батлах нь зүйтэй гэсэн байна. Бүр нас хүйс, шашин шүтлэг, боловсрол харгалзахгүй тэгш “төлөөлөл”-тэйгаар шүү. “Сант марал” төвийн тэргүүн Л.Суматигийн хэлснээр бол хот хөдөөгийн 1665 хүн хамруулсан судалгаа харьцангуй том бөгөөд 20-оос 19 хувийн магадлалтай юм байна.

Монголд Засгийн газар солигдож, бужигнаж байх зуур дэлхий томоохон акул компаниуд нэгдэх тухай гэрээ хэлэлцээр хийж, Оюутолгой, Тавантолгой хөрөнгө оруулагч хийгээд мөнхийн сонирхол Хятад бүгд нэгдэж ч магадгүй гэсэн мэдээлэл гараад байгаа билээ. Ингээд “Рио тинто” корпорацийн суурин төлөөлөгч Эндрю Катбертсоноос цөөн зүйл тодрууллаа.

-Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажил ямар шатандаа байна?
-Шинэ Засгийн газар эмхлэгдэн байгуулагдаад ойрын хугацаанд гэрээ батлагдана гэж найдаж байна. Шинэ Ерөнхий сайд энэ ажлыг эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн шүү дээ.

-Та нартай уулзаж хэлсэн юм уу, хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэлсэн үгнээс нь ингэж ойлгож байна уу. Шинэ Ерөнхий сайд танхимаа байгуулаагүй байхдаа л “Энержи рессурс”-ийнхэнтэй уулзсан?
-Биечилж уулзаж амжаагүй байна. Ирэх долоо хоногт уулзаж үйл ажиллагаагаа танилцуулах боломж олдоно байх гэж найдаж байна.

-Гэрээ гол нь 68 хувийн татварын асуудлаас болоод гацсан шүү дээ. Тэгээд одоо байдал ямар байна?
Хөрөнгө оруулалтын гэрээг хариуцан ажиллаж буй Сэм Рэгал:-Бидний байр суурь өөрчлөгдөөгүй. Хэрвээ 68 хувийн татвар авах юм бол энэ төсөл ямар ч үр ашиггүй болно.

-Харин УИХ –ын ажлын хэсгийн байр суурь нь өөрчлөгдсөн болов уу?
-Бидэнд албан ёсоор мэдэгдсэн зүйл байхгүй.

-“Би эйч би Биллитон” “Рио Тинто”-г худалдан авах санал тавьсан. Хятадууд бас санал гаргаж байгаа гэсэн. Энэ талаар та ямар мэдээлэлтэй байна?
Эндрю Катбертсон:-Энэ талаар санал бодлоо илэрхийлэх нь миний эрх үүргийн асуудал биш. “Би эйч би Биллитон”-той гэрээ хэлцэл явагдаж байх байх. Хятадууд санал гаргасан гэсэн интернэтийн мэдээлэл л байна. Гэхдээ яг албан ёсоор санал тавиагүй байх. Тавьсан бол төв оффист л хандсан байх.



From:

http://www.news.mn/news?section=news&page=show&content=news&id=3845

No comments: