Monday, December 10, 2007

Асгатын ордыг эзэмших монголчуудын хувь нэмэгдэж, оросуудынх багасчээ

-З.Х.Рустамова: Орон нутгийн мянгаад иргэдийг байнгын ажлын байраар хангана-

Асгатын ордын өмнөх гэрээтэй нь харьцуулсан ийм нэгэн шинэ мэдээ Монгол Оросын бизнесийн форумын сүрд дарагдлаа. Засгийн газар тус ордын лицензийг “Монголросцветмет” ХХК-иас авахаар болжээ. Энэ тухай ТӨХ-ны дарга Д.Сугар мэдэгдэв. Монгол, Оросын тавь тавин хувийн хөрөнгө оруулалттай хамтарсан компани байгуулж Асгатын ордыг ашиглах талаархи саналаа Засгийн газрын хуралдаанд удахгүй оруулна. Ингэснээр Монголын талын хувь эзэмшил өмнөх гэрээнийхээс хавьгүй илүү нэмэгдэнэ гэж ТӨХ-ны дарга ярилцлагадаа дурджээ. Өмнөх гэрээгээр бол тус ордыг “Монголросцветмет” ХХК, Оросын “Полиметалл” компани хоёр тавь тавин хувиар хамтран эзэмших байв. “Монголросцветмет” ХХК өөрөө Монгол, Оросын 51: 49 хувийн эзэмшилтэй. Тийм учраас хоёр тал Асгатын ордын “Монголросцветмет” ХХК-ийн 50 хувийг мөн 51:49-өөр хувааж эзэмшинэ гэсэн үг. Ингэхээр Оросын тал \хамтарсан компанийн 50 хувь + “Монголросцветмет” ХХК-ийн 50 хувийн 49 хувьдаа ногдох 24 хувь\ нийтдээ Асгатын ордоос 74 хувийг эзэмших болоод байсан юм. Харин тус ордын лицензийг Монголын Засгийн газар өөртөө авснаар монголчууд Асгатын ордын 50 хувийг эзэмшихээр болж байна. Энэ саналыг Оросын “Полиметалл” компани ч хүлээн зөвшөөрч байгаа ажээ. Энэ тухай болон бусад асуудлаар “Полиметалл” компанийн ерөнхий захирлын орлогч Рустамова Зумруд Хандадашевнатай ярилцлаа. Тэрээр Монгол Оросын бизнесийн форумд оролцсон юм.

-Танай компани Асгатын ордыг урьдын адил сонирхсоор байгаа юу?
-“Полиметалл” компани Асгатын орд газрыг сонирхож байгаа. “Монголросцветмет” компанийн лицензийг Монголын Засгийн газар өөртөө авч, төрийн өмчийнхөө компанид шилжүүлэх гэж байгаа тухай бид мэдээлэл авсан. Бид шинээр лиценз эзэмших компанитай ажил хэргийн холбоо тогтоож уг ордыг ашиглах талаар хамтран ажиллах болно.

-Та бүхэн төрийн өмчийн шинэ компанитай гэрээ байгуулсан тохиолдолд өмнө нь Монголросцветмет ХХК-тай байгуулж байсан гэрээний заалтуудаа хэвээрээ үлдээх үү. Жишээ нь, Ногооннуур сумаас орд хүртэл авто зам тавих, орон нутгийг цахилгаанаар хангана гэсэн заалтууд анхны гэрээнд байсан?
-Олборлолт явуулах болсон тохиолдолд хоёр талын ярилцан тохиролцсон хуучин гэрээний заалтуудыг бүгдийг хэвээрээ үлдээнэ гэж манай компанийнхан бодож байгаа. Жишээ нь, авто зам тавих, цахилгаан эрчим хүчний байнгын эх үүсвэртэй болох, Баян-Өлгий аймгийн төвийн нэгдсэн эмнэлгийг эмччилгээ, оношилгооны орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж, эмч нарыг нь сургана, Ногоонннуур сумын сургуульд хөрөнгө оруулалт хийнэ. Орон нутгаас мянгаад иргэдийг байнгын ажлын байраар хангана гэх мэт.

- Асгатын орд танай компанийн хувьд тийм ашигтай бизнесийн төсөл үү?
-Энэ төсөл ашигтайн талаар одоо ярихад арай эрт байна. Учир нь, геологи хайгуулын ажилд нэлээд хөрөнгө гаргах шаардлагатай байгаа. Орд газарт бүрэн нарийвчилсан шинжилгээ судалгаа хийсний дараа, өөрөөр хэлэх юм бол илүү мэдээлэлтэй болсон тохиолдолд л ашгийн тухай яригдана. Яг өнөөдөр бол энэ орд ганцхан зүйлээр л бидний сонирхлыг татаж байгаа. Өнөөдөр дэлхийн зах зээл дээрх мөнгөний үнэ ханш өндөр байгаа нь л бидний сонирхлыг татаж байна гэдгийг л хэлмээр байна.

-Асгатад олборлолт явуулах нь хүнд нөхцөлд тооцогддог. Уул геологийн ийм хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан туршлага танай компанид бий юү?
-Бидний сонирхлыг татдаг орд газрууд бүгд л байгалийн хүнд нөхцөлтэй нутагт байдаг. Манай компанийн алт, мөнгө олборлож буй газрууд бүгд байгалийн хүнд нөхцөлтэй. Жишээ нь, бидний олборлолт явуулж буй Магадан мужийн Дуган, Хабаровскийн Лунное зэрэг нь байгалийн хүнд нөхцөлд тооцогддог. Мөн Асгаттай нэлээд төстэй газар олборлолт явуулах төслийг манай компани хэрэгжүүлж байгаа. Хамгийн гол нь манай компани геологийн судалгаа хийхээс эхлээд бэлэн бүтээгдэхүүн гаргах хүртэл цогц үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Энэ талаар нэлээд туршлага хуримтлуулсан. Байгалийн хүнд нөхцөлд олборлолт явуулах гэдэг нь өөрөө “Полиметалл” компанийн гол имиж. Ашигт малтмал газар дээр ил байдаггүй шүү дээ.

-Асгатад хамтран олборлолт явуулж эхэллээ гэж бодоход Монгол улсын төсөвт хэдий хэмжээний орлого төвлөрүүлэх вэ?
-Энэ талаар тодорхой зүйл ярихад арай эрт байна. Ямар ч байсан бүгдийг тэгээс эхэлнэ гэсэн үг. Юу ч байхгүй хазгай газар үйлдвэр байгуулна, ашигт малтмал олборлоно, шинээр ажлын байр бий болно, танай улсад татвар төлнө, нөхөн сэргээлт хийнэ, тус бүс нутгийн хөгжүүлнэ гэдгээ “Полиметалл” компанийнхан сайн ойлгож байгаа. Манай компани олборлолт явуулж буй бүс нутгийнхаа өмнө нийгмийн хариуцлага хүлээдэг. Үүнийг манай олборлолт явуулж буй бүс муж, хязгааруудын захирагчид ч онцлон дурддаг. Мэдээжийн хэрэг Асгатад ч мөн л ингэж ажиллах болно.

-Хэрэв хамтарсан компани байгуулсан тохиолдолд Монголын тал эзэмшиж буй 50 хувьцаатайгаа дүйцэхүйц хэмжээний хөрөнгө оруулах ёстой юу?
-Энэ асуудлыг бид хэлэлцээ хийж байж шийднэ. Өнөөдрийн байдлаар бол манайх Монголын талыг төлөөлж ямар компанитай хэлэлцээ хийх нь тодорхойгүй байна. Ямар ч байсан “Полиметалл” компани нь Асгатын орд газарт олборлолт явуулахын тулд нэлээд хэмжээний хөрөнгө оруулахад бэлэн байгаа.

-Танай компанийн хувьд Монголын талын эзэмших хувьцааг Засгийн газар зээмших нь ашигтай юу, эсвэл Монголросцветмет ХХК байх нь дээр үү?
-Бидэнд ялгаагүй, аль нь ч байсан болно. Хамгийн гол нь бидний хамтын ажиллагаа эцсийн утгаараа хоёр улсдаа, ард түмэндээ, орон нутагтаа, компаниуддаа харилцан ашигтай л байх ёстой. Бидэнд орд газрыг эзэмших ажилд оролцох эрхтэй хамтран ажиллагч хэрэгтэй. Манай компанийн хувьд “Монголросцветмет” ХХК-ийнхантай ажил хэргийн холбоотой. Монголын Засгийн газрын хувьцаагаа итгэж өгөх компанитай ч мөн тийм байдлаар нягт хамтран ажиллах болно.



From:

http://www.news.mn/news?section=interview&page=show&content=interview&id=198

No comments: