Монгол Улсын Засгийн Газар болон “Айвенхоу Майнз Монголиа Инк” ХХК-ийн хооронд байгуулах Хөрөнгө Оруулалтын Гэрээ
Ашигт малтмалын тухай хуулийн 29 дүгээр зүйлийг үндэслэн:
Нэг талаас Монгол Улсын Засгийн газраас эрх олгосноор Монгол Улсын Сангийн сайд, Үйлдвэр, худалдааны Сайд, Байгаль орчны Сайд (цаашид хамтад нь “Засгийн газар” гэх) болон,
Нөгөө талаас хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар хүсэлт гаргасан Монгол Улсад үүсгэн байгуулагдсан, аж ахуйн нэгжийн 2657457 дугаар бүхий улсын бүртгэлийн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 00-218 дугаар бүхий гэрчилгээтэй, ашигт малтмал ашиглах 6709A тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч Айвенхоу Майнз Монголиа Инк XXK (цаашид “Хөрөнгө оруулагч” гэх):
Хөрөнгө оруулагч нь Канад Улсын “Айвенхоу Майнз Лимитед” компанийн санхүүжилтээр энэхүү гэрээг байгуулах өдрийг хүртэл 400 сая гаруй ам. долларын хөрөнгө оруулалтыг оруулсан;
“Айвенхоу Майнз Лимитед” нь Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хуулийн дагуу бүртгэлтэй “Рио Тинто Интернэйшнл Холдингс Лимитед” (цаашид “Рио Тинто” гэх) компанитай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний дагуу Рио Тинтогийн зүгээс “Оюу Толгой” төсөлд болон Хөрөнгө оруулагчид “Айвенхоу Майнз Лимитед” компанийн хувьцааг эзэмших замаар хөрөнгө оруулахыг хүлээн зөвшөөрсөн;
зэргийг харгалзан харилцан тохиролцсоны үндсэн дээр Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаа явуулах нөхцлийг нь тодорхой хугацаанд тогтвортой байлгах зорилгоор Хөрөнгө оруулалтын энэхүү гэрээ (цаашид “Гэрээ” гэх)-г 2007 оны [ ] сарын [ ] ны өдөр дараахи нөхцлөөр байгуулав.
1. Ерөнхий зүйл
1.1. Энэхүү Гэрээ нь Хөрөнгө оруулагчийн Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах 6709А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд байрлах “Оюу толгой” ордод ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, боловсруулах үйл ажиллагаа явуулах хугацаанд татварын орчинг тогтвортой байлгах, Хөрөнгө оруулагч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлийн үнээр борлуулах, олсон орлогоо чөлөөтэй захиран зарцуулах эрхийг нь баталгаажуулах, хөрөнгө оруулалтын хэмжээ, хугацаа, ашигт малтмалыг хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд хохирол багатай олборлох, байгаль орчныг нөхөн сэргээх, бусад төрлийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх, бүс нутгийг хөгжүүлэх, ажлын байр шинээр бий болгох, өмчид учирсан хохирлыг нөхөн төлөх, Гэрээг цуцлах үндэслэл, Гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулна.
1.2. “Ашигт малтмалын тухай” хуулийн 4.1.11-д заасны дагуу “Оюу толгой”-н орд нь үндэсний аюулгүй байдал, улсын болон бүс нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх хэмжээний, эсхүл жилд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 5 хувиас дээш хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой тул ”стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд” гэж үзнэ.
1.3. Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө “Оюу толгой” ордод нийт 400 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг оруулсан бөгөөд энэхүү Гэрээний дагуу “Оюу Толгой” төсөлд Айвенхоу Майнз Лимитед болон “Рио Тинто” компаний санхүүжүүлэлтээр нийт 2,7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах тул “Ашигт малтмалын тухай” хуулийн 29 дүгээр зүйлийн 3-т заасны дагуу гэрээг гучин (30) жилийн хугацаатайгаар байгуулав.
1.4. Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын хуулийн дагуу шаардлагатай бүхий л түрээс, лиценз болон зөвшөөрлүүдийг авах хүсэлтээ гаргах бөгөөд Засгийн газар хуулиар зөвшөөрөгдсөн хүрээнд тухайн түрээс, лиценз болон зөвшөөрлүүдийг авахад нь Хөрөнгө оруулагчид тусална.
1.5. Гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн энэхүү гэрээний заалт нь тогтвортой мөрдөгдөнө. Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш Хөрөнгө оруулагчид илүү таатай нөхцөл олгох аливаа хууль, тогтоомж, олон улсын гэрээ Монгол Улсад батлагдвал, тухайн таатай нөхцлийг эдлэх хүсэлтээ Хөрөнгө оруулагч Сайдад бичгээр гаргаж болно. Тухайн хууль, тогтоомж, олон улсын гэрээг хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн Хөрөнгө оруулагч уг таатай нөхцлийг эдлэх болно.
1.6. Хөрөнгө оруулагчийг үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ чөлөөтэй борлуулах, экспортод гаргах, олон улсын зах зээлийн үнээр борлуулах, үүнээс олсон төгрөгийн болон гадаад валютын орлогоо чөлөөтэй захиран зарцуулах эрх болон нөхцлөөр хангана.
1.7. Энэхүү гэрээ нь 6709A тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл болон 15.2 дугаар зүйлд заасан Оюу Толгой төслийг бүрдүүлж байгаа аливаа бусад ашиглалтын тусгай зөвшөөрлийг ашиглах Үндсэн үйл ажиллагаа болон түүнтэй холбоотой үйл ажиллагаанд хамаарна.
1.8. “Ашигт малтмалын тухай” хуулийн дагуу болон энэхүү Гэрээний “Хавсралт-2”-д хавсаргасан Хувь Нийлүүлэгчдийн гэрээнд заасан харилцан тохиролцсон нөхцлөөр Хөрөнгө оруулагчийн хувьцааны 34 хувийг Төр эзэмшинэ.
1.9. Хөрөнгө оруулагч нь Монгол Улсад үйлдвэрлэсэн тоног төхөөрөмж, түүхий эд материал, хангамжийн материал сэлбэг хэрэгсэлүүд болон ажил үйлчилгээ нь үнэ, зардал, хугацаа, хэмжээ болон чанарын хувьд өрсөлдөхүйц болон олдоцтой тохиолдолд эхний ээлжинд Монгол Улсаас худалдан авч хэрэглэнэ.
1.10. Энэхүү Гэрээ болон Хувь Нийлүүлэгчдийн Гэрээний дагуу Хөрөнгө оруулагчийн хувьцааны 34%-ийг Төрд шилжүүлснээр “Ашигт малтмалын тухай” хуулийн 5-р зүйлийн заалтын хүрээнд Хөрөнгө оруулагч, мөн Оюу Толгой төсөлд Төрийн оролцоог хангах, хөрөнгийн биржээр хувьцаа арилжаалахтай холбогдуулан хүлээх аливаа үүргүүдээс Хөрөнгө оруулагчийг цаашид бүрмөсөн чөлөөлнө.
1.11. Энэхүү Гэрээгээр зохицуулагдаагүй аливаа харилцааг Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр Монгол Улсад мөрдөгдөж байсан хууль, тогтоомжинд заасны дагуу зохицуулна.
1.12. Энэхүү Гэрээнд хэрэглэгдсэн нэр томьёог Гэрээний “Хавсралт-1”-д заасны дагуу ойлгоно.
2. Татварын орчин
2.1. Энэхүү Гэрээний дагуу Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан албан татварын хувь, хэмжээ болон татвар ногдуулах аргачлалын дагуу Монгол Улсын “Татварын ерөнхий хууль” –ийн 16, 17 дугаар зүйлд заасан доорхи татвар, төлбөр, хураамжийг төлнө. Үүнд:
1/ аж ахуйн нэгжийн орлогын албан татвар;
2/ гаалийн албан татвар;
3/ нэмэгдсэн өртгийн албан татвар;
4/ онцгой албан татвар;
5/ авто бензин, дизелийн түлшний албан татвар;
6/ ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр;
7/ хувь хүний орлогын албан татвар;
8/ зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татвар
9/ орлогыг нь тухай бүр тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээ хувиараа эрхлэгч иргэний орлогын албан татвар
10/ бууны албан татвар;
11/ нийслэл хотын албан татвар;
12/ нохойны албан татвар;
13/ өв залгамжлал, бэлэглэлийн албан татвар;
14/ үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар;
15/ улсын тэмдэгтийн хураамж;
16/ ус, рашаан ашигласны төлбөр;
17/ авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар;
18/ ашигт малтмалаас бусад байгалийн баялаг ашиглахад олгох эрхийн зөвшөөрлийн хураамж;
19/ байгалийн ургамал ашигласны төлбөр;
20/ түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр;
21/ агнуурын нөөц ашигласны төлбөр, ан амьтан агнах, барих зөвшөөрлийн хураамж;
22/ газрын төлбөр;
23/ ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр.
24/ Энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын хуулиар тогтоосон бусад төлбөр, хураамж.
2.2. Хөрөнгө оруулагчийн төлбөл зохих аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээ нь 0-3.0 тэрбум төгрөгний албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 10 хувиар, 3.0 тэрбум төгрөгнөөс дээш албан татвар ногдуулах жилийн орлого олсон бол 300.0 сая төгрөг дээр 3.0 тэрбум төгрөгнөөс дээш давсан орлогын дүнгийн 25 хувиар нэмж албан татвар ногдуулна.
2.3. Талууд доорхи зүйлийг зөвшөөрөв. Үүнд:
2.3.
2.3.1. Оюу Толгой төслийн үйлдвэрлэсэн нийт алтыг олон улсын зах зээлд өрсөлдөхүйц үнээр Монгол Улсын Төв Банкинд худалдахаар санал болгосон тохиолдолд Оюу Толгой төслийн үйлдвэрлэсэн алтыг үнийн өсөлтийн албан татвараас чөлөөлнө.
2.3.2. энэхүү Гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд Оюу Толгой төслөөс олборлосон болон үйлдвэрлэсэн нийт зэсийн хүдэр болон зэсийн бүтээгдэхүүнд (аль ч хэлбэрээр байж болно) дор дурдсан тохиолдлуудад үнийн өсөлтийн албан татвар ногдуулахгүй. Үүнд:
i) ил уурхайгаас Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөс хойш таван жилийн дотор, эсхүл энэхүү Гэрээний 12.1-д заасан шалтгаанаар уг таван жилээс хойших хугацаанд Хөрөнгө оруулагч дангаар, эсвэл нэг болон түүнээс дээш гуравдагч талтай хамтран Монгол Улсад хайлуулах үйлдвэрийг барьж байгуулах; болон
ii) тухайн хайлуулах үйлдвэр нь жилд 500,000 тонноос доошгүй баяжмал боловсруулах хүчин чадалтай байх.
2.3.3. Энэхүү Гэрээний 2.3.2(i)-д заасан хугацаанд хайлуулах үйлдвэр баригдаагүй тохиолдолд Гэрээний 2.31.2 дугаар зүйлд хамааруулан тухайн хугацааг хүртэл төлбөл зохих Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг ногдуулах бөгөөд уг хугацаа дууссанаас хойш гурван (3) сарын дотор тухайн татварыг Хөрөнгө оруулагч бүрэн нөхөн төлөх болно.
2.4. Хөрөнгө оруулагчийн дараахи орлогод дор дурдсан хувь хэмжээгээр татвар ногдуулна:
2.4.1. ногдол ашгийн орлогод арван (10) хувиар;
2.4.2. эрхийн шимтгэлийн орлогод арван (10) хувиар;
2.4.3. үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогод хоёр (2) хувиар;
2.4.4. хүүгийн орлогод арван (10) хувиар;
2.4.5. эрх борлуулсны орлогод гучин (30) хувиар.
2.5. Холбогдох Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнээс олсон орлогод хорин (20) хувийн орлогын албан татвар ногдуулна.
2.6. Талууд доорхи зүйлийг зөвшөөрөв. Үүнд:
2.6.1. Хөрөнгө оруулагчийн хувьцааг шууд, эсхүл Монгол Улсад байрладаггүй салбар компаниараа дамжуулан “Айвенхоу Майнз Лимитед” компаний болон/эсхүл “Рио Тинто” эзэмшиж байгаа бол тухайн хувьцаанд Хөрөнгө оруулагчийн төлөх ногдол ашигт 0%-ийн албан татвар ногдуулна. Монгол Улсад байрладаггүй бусад Хувьцаа эзэмшигчдийн ногдол ашигт Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай гэрээ, байхгүй бол Монгол Улсын хуулиар албан татвар ногдуулна.
2.6.2. Хөрөнгө оруулагчийн “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто”-д болон/эсхүл Монгол Улсад байрладаггүй салбар компанид төлсөн хүүгийн, эрхийн төлбөр, техникийн болон удирдлагын зардалд холбогдох Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай гэрээ, байхгүй бол Монгол Улсын хуулиар энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс хойш тогтворжсон хувь хэмжээгээр албан татвар ногдуулна.
2.7. Талууд доорхи зүйлийг зөвшөөрөв. Үүнд:
2.7.1. Энэхүү Гэрээний дагуу Хөрөнгө оруулагчийн албан татвар ногдуулах орлогыг энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр үйлчилж байсан “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 16 дугаар зүйл, “Ашигт малтмалын тухай” хуулийн 61 дүгээр зүйлийг тус тус үндэслэн тодорхойлно. Татварын аль нэг жилд гарсан алдагдлыг (үүнд 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнөх алдагдал орно) тухайн алдагдал гарсан жилийн дараахь дараалсан татварын таван (5) жилийн хугацаанд албан татвар ногдуулах орлогоос хасч тооцож болно. 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаархи хөрөнгөнд хуримтлуулж бүртгэсэн дүнг тэрхүү хугацааг хүртэл гарсан алдагдалд оруулахгүй.
2.7.2. Хөрөнгө оруулагчийн 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд хүлээсэн алдагдал, хөрөнгөнд хуримтлуулан бүртгэсэн зардал, ирээдүйд албан татвар ногдох орлогоос хасч тооцох зардал болон холбогдох татвар ногдуулалт, төлөлтийн тооцоог Татварын алба баталгаажуулна.
2.8. Засгийн газрын зүгээс “Оюу Толгой” төслийн эдийн засгийн ач холбогдлийг харгалзан үзэж Хөрөнгө оруулагчийн 2007 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш “Оюу Толгой” төсөлд хөрөнгө оруулах тул ”Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 19 дүгээр зүйлийн дагуу нийт хөрөнгө оруулалтын 10 хувьтай тэнцэх албан татварын хөнгөлөлтийг Хөрөнгө оруулагч эдэлнэ. Энэхүү хөнгөлөлтийг “Оюу Толгой” төслийн үйлдвэрлэл, үйлчилгээг шинээр бий болгох, эсхүл эрхэлж байгаа үйлдвэрлэл, үйлчилгээг өргөтгөх, шинэчлэх зорилгоор элэгдэл байгуулах үндсэн хөрөнгөд оруулсан хөрөнгө оруулалтад үзүүлнэ.
2.9. Аж ахуйн үндсэн үйл ажиллагааны орлогоос бусад орлого олох зорилгоор хөрөнгө худалдан авахад хөрөнгө оруулалт хийгдсэн бол энэхүү Гэрээний 2.8-д заасан хөнгөлөлт үзүүлэхгүй.
2.10. Энэхүү Гэрээний 2.8-д заасан хөнгөлөлтийн дүн нь тухайн татварын жилд ”Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 17.1-д заасны дагуу ногдуулсан албан татварын дүнгээс их байвал илүү гарсан хэсгийг ашигтай ажилласан дараагийн гурван (3) жилд шилжүүлэн хөнгөлнө.
2.11. Энэхүү Гэрээний 2.8-д заасан хөнгөлөлтийг Хөрөнгө оруулагчийн үндсэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн өдрөөс эхлэн тооцно.
2.12. Хөрөнгө оруулагчийн гадаад улсад төлсөн албан татварт ”Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 19 дүгээр зүйл болон Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай гэрээний дагуу хөнгөлөлт үзүүлж болно.
2.13. Хөрөнгө оруулагчийн албан татвар ногдох орлогоос энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 15 дугаар зүйлд зааснаас бусад мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан нийт зардлыг хасч илүү гарсан хэсгийг нь татварын тайлангаар гарсан алдагдал гэнэ.
2.14. Энэхүү Гэрээний 2.13-т заасан алдагдлыг уг алдагдал гарсан татварын жилийн дараахь дараалсан таван (5) жилийн албан татвар ногдуулах орлогоос хасч тооцно.
2.15. Энэхүү Гэрээний 2.14-т заасны дагуу албан татвар ногдуулах орлогоос аль нэг татварын жил хасагдах алдагдлын хэмжээ нь албан татвар ногдуулах орлогын дүнгийн тавин (50) хувиас хэтрэхгүй байна.
2.16. Хөрөнгө оруулагч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд хийсэн хайгуулын ажлын зардал болон уурхайн эдэлбэрийг ашиглалтад бэлтгэсэн зардлыг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш таван (5) жилийн хугацаанд шулуун шугамын аргаар тогтмол хэмжээгээр үйлдвэрлэлийн зардалд оруулан тооцож, шимтгэлийн сан байгуулна.
2.17. Хөрөнгө оруулагч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмших, шилжүүлэх, талбайг шилжүүлэн авахтай холбогдон гарсан зардлыг тухайн тусгай зөвшөөрөл хүчинтэй байх хугацаанд жил тутам шулуун шугамын аргаар тогтмол хэмжээгээр үйлдвэрлэлийн зардалд оруулан тооцож, шимтгэлийн сан байгуулна.
2.18. Үйлдвэрлэл болон дэд бүтцэд Хөрөнгө оруулагчийн зарцуулсан эд хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэлийн санг тэдгээр барилга, байгууламжийн ашиглагдах хугацаанд тогтмол хэмжээгээр байгуулж, тэдгээртэй холбогдон гарах зардлыг тухайн санхүүгийн жилийн үйлдвэрлэлийн зардалд оруулан тооцно.
2.19. Оюу Толгой төсөлтэй холбоотой зайлшгүй шаардлагаар хийгдсэн бүх төрлийн зардлууд үүнд засвар, үйлчилгээний зардал болон бусад зардлыг үйлдвэрлэлийн зардалд тооцно.
2.20. “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хууль болон энэхүү Гэрээнд зааснаас бусад тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварыг импортолсон болон үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний албан татвар тооцох үнэлгээний арван (10) хувиар ногдуулна.
2.21. Талууд доорхи зүйлийг харилцан тохиров. Үүнд:
2.21.1. Хөрөнгө оруулагчийн “Оюу Толгой” төслийн хэрэгцээнд зориулан барилгын ажил гүйцэтгэх хугацаанд түр болон байнгын хугацаагаар хэрэглэхээр импортолсон болон авто бензин болон дизелийн түлшнээс бусад бүх төрлийн бараа материал, тоног төхөөрөмж, (үүнд түүхий эд үүгээр хязгаарлагдахгүй бусад бараа материал), үйлдвэр цех, машин, тоног төхөөрөмж (сэлбэг хэрэгсэл үүнд орно), тээврийн хэрэгсэл (үүнд седан кузовтэй автомашин орохгүй) болон нисэх онгоцонд гаалийн албан татвар ногдуулахгүй.
2.21.2. Барилгын ажил гүйцэтгэх хугацаа дууссаны дараа “Гаалийн тухай” хууль болон “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай” хуулийн дагуу энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш тогтворжсон хувиар гаалийн албан татвар ногдуулна
2.22. Экспортод гаргасан дараахь бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тэг хувь /“0”/-тай тэнцүү байна:
2.22.1. худалдах зориулалтаар Монгол Улсын нутаг дэвсгэрээс Хөрөнгө оруулагчийн экспортод гаргасан бөгөөд гаалийн байгууллагад мэдүүлсэн бараа, бүтээгдэхүүн;
2.22.2. Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадаад улсад, гадаад улсаас Монгол Улсын нутаг дэвсгэрт, түүнчлэн Монгол Улсын нутгаар дамжуулан бусад улсад гаргасан зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ;
2.22.3. гадаад улсад үзүүлсэн (албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан) үйлчилгээ;
2.22.4. үйлчилгээ үзүүлэх үед Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаагүй гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээ (түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан).
2.23. Хөрөнгө оруулагчийн хүсэлтийн дагуу Гүний гааль, гаалийн баталгаат агуулах болон гадаадын иргэдийн асуудал хариуцсан байцаагчийг Оюу Толгойд хяналт шалгалт хийлгэх зорилгоор ажиллуулж болно.
2.24. Хөрөнгө оруулагч өөрийн хөрөнгөөрөө хилийн боомтыг барьж байгуулсан болон засаж тохижуулсан тохиолдолд уг хөрөнгийн хэмжээгээр Хөрөнгө оруулагчийн албан татвар ногдох орлогоос хасч тооцно.
2.25. Хөрөнгө оруулагчийн үндсэн үйл ажиллагаанд шаардагдах буцааж гаргах нөхцөлтэй импортолсон тоног төхөөрөмжийг гаалийн хяналтанд байлгах бөгөөд түр горимоор импортолсон тоног төхөөрөмжид гаалийн татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулахгүй.
2.26. Хөрөнгө оруулагч түр горимоор импортлосон тоног төхөөрөмжийг хугацаанд нь Монгол Улсын нутаг дэвсгэрээс буцаан гаргаагүй бол гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татварыг энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байсан хувь хэмжээгээр нөхөн ногдуулна.
2.27. Хөрөнгө оруулагч өөрийн хэрэгцээнд зориулан импортлосон болон дотоодын зах зээлээс худалдан авсан авто бензин, дизелийн түлшинд авто бензин, дизелийн түлшний онцгой албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, авто бензин, дизелийн түлшний албан татвар, болон гаалийн албан татварыг энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байсан хууль, тогтоомжид заасан хувь хэмжээгээр ногдуулна.
2.28. Хөрөнгө оруулагчид эгүүлэн олгох нэмэгдсэн өртгийн албан татварыг Хөрөнгө оруулагчийн төлөх бусад албан татварт суутган тооцож болно.
2.29. Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд оролцон Монгол Улсад байнга болон түр хугацаагаар оршин сууж хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэд, хувь хүний орлогын албан татварыг арван (10) хувиар төлнө.
2.30. Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсын иргэд хувь хүний орлогын албан татварыг арван (10) хувиар төлнө.
2.31. Талууд доорхи зүйлийг зөвшөөрөв. Үүнд:
2.31.1. Энэхүү Гэрээний 2.31.2-д зааснаас бусад тохиолдолд энэхүү Гэрээний хүчин төгөлдөр байх хугацаанд уг гэрээний заалт нь түүнийг байгуулснаас хойш батлагдсан татварын хууль, тогтоомжийн заалтаас үл хамааран тогтвортой мөрдөгдөнө.
2.31.2. Энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсны дараа батлагдсан аливаа хууль, тогтоомж, эсхүл давхар татварын гэрээгээр тогтоосон хувь хэмжээ нь энэхүү Гэрээнд заасан албан татварын хувь хэмжээнээс доогуур, эсхүл Хөрөнгө оруулагчийн төлбөл зохих албан татварыг бууруулахаар бол тухайн доогуур тогтоогдсон албан татварын хувь хэмжээ, татварын бууралт нь Хөрөнгө оруулагчид мөн адил үйлчилнэ.
2.32. Хөрөнгө оруулагч, түүнтэй харилцан хамаарал бүхий этгээдэд зах зээлийн үнээс хямд буюу өндөр үнээр бараа борлуулсан, ажил хийсэн, үйлчилгээ үзүүлсэн, бараа, хөрөнгө шилжүүлсэн бол тухайн бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо харилцан хамааралгүй этгээдийн хооронд хийгдсэн түүнтэй адилтгах бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнийг жишиг болгон Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа Хөгжлийн Байгууллагаас хэвлэн нийтлүүлсэн шилжүүлгийн зарчмыг баримтална.
2.33. Хөрөнгө оруулагчийн төсөвт төлөх болон төлбөр хийх албан татвар, төлбөр, хураамжийг тооцох зорилгоор Хөрөнгө оруулагч нь санхүүгийн бүртгэлээ ам.доллараар хөтөлж болно. Төгрөгөөр төлөх албан татвар, төлбөр, хураамжийг тооцохдоо тухайн үед мөрдөж буй валютын ханшийг үндэслэн ам.долларыг төгрөгт шилжүүлэн тооцно.
2.34. Дор дурдсан гүйлгээг (үүнд бүх хийгдсэн болон хүлээн авсан төлбөр орно) Монгол Улсын хууль, тогтоомжийн дагуу ногдох албан татвараас чөлөөлнө.
2.34.1. Хөрөнгө оруулагчийн хувьцааг Хувьцаа эзэмшигчдийн Гэрээнд заасны дагуу Төрд шилжүүлэх эсхүл шинээр гаргаж олгосон тохиолдолд;
2.34.2. “Айвенхоу Майнз Монголиа Инк” ХХК-д Төрийн эзэмших хувьцаанд ногдох хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх зорилгоор Төрд зээл олгох, олгосон зээлийг болон түүний хүүг эргүүлэн төлөх тохиолдолд;
2.34.3. Хөрөнгө оруулагчийн хувьцааг Төрд шилжүүлэх, эсхүл шинээр гаргаж олгох үйл ажиллагааны хүрээнд Хөрөнгө оруулагчийн сонгосон хуулийн этгээдэд Хөрөнгө оруулагчийн аливаа хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхэд; түүнчлэн
2.34.4. Хөрөнгө оруулагчийн толгой компанид өөрчлөлт оруулахгүйгээр Хөрөнгө оруулагчийн хувьцааг эзэмших эрхийг “Айвенхоу Майнз Лимитед” болон “Рио Тинто” компанийн хооронд (түүний дотор тэдний салбаруудын хооронд) шилжүүлэхэд.
2.35. Энэхүү Гэрээний 3.7 дугаар зүйлийн дагуу төлбөл зохих ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 12.1.14 дүгээр зүйлийн дагуу татвар ногдох орлогоос хасагдах зардалд оруулж тооцно.
2.36. Энэхүү Гэрээний 3.8 дугаар зүйлийн дагуу төлбөл зохих ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай” хуулийн 13 дугаар зүйлийн дагуу элэгдэл хорогдлын шимтгэл байгуулах бие бус хөрөнгөд оруулж тооцно
2.37. Хэрэв тухайн сард Хөрөнгө оруулагчид эгүүлэн олгох нэмэгдсэн өртгийн албан татвар нь хөрөнгө оруулагчийн төлөх ёстой нэмэгдсэн өртгийн албан татвараас илүү гарсан тохиолдолд татварын албанаас дараах арга хэмжээг авна.Үүнд:
2.37.1 дараагийн сар, улирал, жилд төлөх ёстой нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно;
2.37.2 Төвлөрсөн буюу орон нутгийн төсөвт төлөх ёстой бусад төрлийн албан татварын төлөлтөөс хасч тооцно;
2.37.3 нэмэгдсэн өртгийн албан татварыг илүү төлсөн тохиолдолд илүү гарсан хэсгийг Татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн 21.1.3 дугаар зүйлийн дагуу буцаан олгоно.
2.38. Засгийн газар болон Хөрөнгө оруулагч нь Хөрөнгө оруулагчийн ирээдүйд төлөх татварыг сайн дураар урьдчилан төлөх, мөн тэрхүү урьдчилсан төлбөрийг татварын гүйцэтгэлээс хэрхэн тооцож суутгах асуудлаар бичгээр тохиролцож болно. Тохиролцоонд хүрсэн тохиолдолд тэр нь Хөрөнгө оруулалтын гэрээний бүрэлдэхүүн хэсэг болно. Урьдчилсан төлбөрт жилийн 3 хувийн хүү тооцох бөгөөд Хөрөнгө оруулагчийн төлөх татварын дүнгээс бүрэн суутгаж дуусгах буюу эсвэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тохиолдолд илүү төлөлтөөс хасч тооцох, эгүүлэн олгож дуустал хүү бодно.
3. Хөрөнгө оруулагчийн үндсэн үйл ажиллагаа
3.1. Хөрөнгө оруулагч нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших “Оюу Толгой”-н зэс, алтны ордын 6709А дугаарт ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй. Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1.6-д заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрлийг 20, 20 жилээр сунгуулж болно.
3.2. Талууд доорхи зүйлийг зөвшөөрөв. Үүнд:
3.2.1. Энэхүү Гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд Хөрөнгө оруулагч нь ашиглалтын 6709A тоот тусгай зөвшөөрлийн талбайд дэд бүтэц болон бусад холбогдох байгууламжийг барих, ажиллуулах болон ашигт малтмалын хайгуул явуулах эрхтэй.
3.2.2. Энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр болон байгуулагдсанаас хойш Хөрөнгө оруулагч нь ашигт малтмал олборлох болон боловсруулах үйл ажиллагааг “Оюу Толгой”-н ордын 6709А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн ил аргаар олборлох хэсэг буюу ‘’ Krassovsky 1942 E 106o 47’30” N 42o 58’30”, Krassovsky 1942 E 106o 47’ 30” N 43o 03’ 00”, Krassovsky 1942 E 106o 55’ 00” N 43o 03’ 00” and Krassovsky 1942 E 106o 55’ 00” N 42o 58’ 30”’’ солбилцол бүхий талбайд явуулна.
3.2.3. Хөрөнгө оруулагч нь 6709А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд орших Оюу Толгой ордын далд аргаар олборлох хэсэг буюу “Krassovsky 1942 E 106o 47’30” N 42o 58’30”, Krassovsky 1942 E 106o 47’ 30” N 43o 03’ 00”, Krassovsky 1942 E 106o 55’ 00” N 43o 03’ 00” and Krassovsky 1942 E 106o 55’ 00” N 42o 58’ 30’’солбилцол бүхий талбайд далд уурхайн ашигт малтмалын нөөцийг тогтоож, Улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, техник, эдийн засгийн үндэслэлийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгуууллагад хүргүүлсний дараа энэхүү Гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд далд аргаар олборлох хэсэгт ашигт малтмал олборлох болон боловсруулах үйл ажиллагааг явуулах бүрэн эрхтэй. Хүндэтгэх шалтгаангүйгээр нөөцийг бүртгэхээс татгалзах, эсхүл хойшлуулахгүй бөгөөд Хөрөнгө оруулагч нь Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгуууллагад нөөцийн мэдэгдлийг хүргүүлсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор нөөцийг бүртгэнэ.
3.2.4. Энэхүү Гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд Хөрөнгө оруулагч нь 6709А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд ашигт малтмалын хайгуул хийж тогтоосон бусад нөөцийг улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, тэхник, эдийн засгийн үндэслэлийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгуууллагад хүргүүлсний дараа тухайн орд газруудад ашигт малтмал олборлох болон боловсруулах үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй. Хүндэтгэх шалтгаангүйгээр нөөцийг бүртгэхээс татгалзах эсхүл хойшлуулахгүй бөгөөд Хөрөнгө оруулагч нь Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад нөөцийн мэдэгдлийг хүргүүлсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор нөөцийг бүртгэнэ.
3.3. Талууд доорхи зүйлийг зөвшөөрөв. Үүнд:
3.3.1. Энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр боловсруулсан байсан “Оюу Толгой”-н ордын ил уурхайн хэсгээс олборлох, боловсруулах ашигт малтмалын тухай техник, эдийн засгийн үндэслэл болон Оюу Толгой ордын далд уурхайн хэсэгт явуулсан хайгуул, үнэлгээний урьдчилсан тооцоонд үндэслэн Хөрөнгө оруулагч нь Оюу Толгойн ордын ил, далд уурхайн хэсгээс үйл ажиллагааныхаа эхний гучин (30) жилд дор дурдсан хэмжээний хүдрийг олборлож боловсруулахаар тооцсон бөгөөд уг хүдрийг боловсруулснаар Хөрөнгө оруулагч нь дор дурдсан хэмжээний зэс, алт, мөнгө үйлдвэрлэнэ.
Олборлох хүдэр болон зэс, алт, мөнгөний урьдчилан тооцоолсон хэмжээ дараахи байдлаар байна.
Жил | Он, сар, өдөр | Олборлох хүдрийн хэмжээ /мянган тонноор | алт /унц | зэс/ тонн | мөнгө/унц |
1 | 2009 | 20,000 | 280,000 | 113,000 | 635,500 |
2 | 2010 | 43,000 | 1,017,000 | 306,000 | 1,685,600 |
3 | 2011 | 43,000 | 475,000 | 317,000 | 1,899,000 |
4 | 2012 | 43,000 | 814,000 | 438,000 | 2,543,000 |
5 | 2013 | 44,000 | 383,000 | 578,900 | 3,190,700 |
6 | 2014 | 60,000 | 715,000 | 816,800 | 4,428,300 |
7 | 2015 | 60,000 | 630,000 | 877,700 | 4,870,700 |
8 | 2016 | 60,000 | 636,000 | 924,600 | 5,163,500 |
9 | 2017 | 60,000 | 575,000 | 871,800 | 4,659,900 |
10 | 2018 | 20,000 | 280,000 | 113,000 | 635,500 |
11 | 2019 | 54,000 | 613,000 | 810,100 | 3,928,800 |
12 | 2020 | 47,000 | 496,000 | 639,200 | 3,092,500 |
13 | 2021 | 56,000 | 497,000 | 632,600 | 3,237,700 |
14 | 2022 | 60,000 | 438,000 | 594,800 | 3,137,900 |
15 | 2023 | 60,000 | 336,000 | 493,100 | 2,669,100 |
16 | 2024 | 64,000 | 290,000 | 486,000 | 2,616,200 |
17 | 2025 | 72,000 | 292,000 | 607,500 | 3,322,500 |
18 | 2026 | 72,000 | 275,000 | 619,300 | 3,245,500 |
19 | 2027 | 64,000 | 231,000 | 552,100 | 2,639,700 |
20 | 2028 | 60,000 | 195,000 | 530,100 | 2,479,800 |
21 | 2029 | 60,000 | 195,000 | 596,800 | 2,674,800 |
22 | 2030 | 60,000 | 225,000 | 673,600 | 2,937,400 |
23 | 2031 | 60,000 | 256,000 | 654,600 | 3,086,400 |
24 | 2032 | 60,000 | 297,000 | 620,300 | 3,100,500 |
25 | 2033 | 60,000 | 315,000 | 576,200 | 2,960,400 |
26 | 2034 | 60,000 | 326,000 | 537,100 | 2,886,400 |
27 | 2035 | 60,000 | 385,000 | 538,800 | 2,958,300 |
28 | 2036 | 60,000 | 414,000 | 509,700 | 2,821,600 |
29 | 2037 | 59,000 | 406,000 | 505,300 | 2,729,800 |
30 | 2038 | 60,000 | 364,000 | 460,300 | 2,375,300 |
31 | 2039 | 57,000 | 337,000 | 416,400 | 2,206,800 |
3.3.2. Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээний 3.3.1-р зүйлд заасан хэмжээний хүдэр олборлох болон боловсруулахад боломжит хүчин чармайлт гаргана. Хөрөнгө оруулагчийн аль нэг жил олборлох болон боловсруулах хүдрийн бодит хэмжээ нь Хөрөнгө оруулагч, эсхүл Засгийн газраас үл хамаарах шалтгааны улмаас өөр байж болно. Иймээс аль нэг жил олборлох болон боловсруулах хүдрийн бодит хэмжээг Хөрөнгө оруулагч тодорхойлно. Хөрөнгө оруулагч нь жил бүрийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 48.6 дугаар зүйлд заасны дагуу тайланд тусган Сайдад мэдэгдэнэ.
3.3.3. “Оюу Толгой”-н ордыг ашиглах үе шатыг дараахи байдлаар төлөвлөгдсөн. Үүнд:
i) Ил уурхай 2010 оноос үйлдвэрлэлээ эхэлнэ;
ii) Далд уурхай 2014 оноос үйлдвэрлэлээ эхэлнэ.
3.4. “Оюу толгой”-н ордын олборлолтын үйл ажиллагаанд ашиглах олборлолт, баяжуулалтын техник, технологи нь байгаль орчинд хор нөлөө багатай, Монгол Улс болон олон улсын байгаль орчны норм дүрэм, стандартад нийцсэн орчин үеийн дэвшилтэт технологи байхаас гадна ордыг аль болох хаягдал багатай, өндөр үр ашигтайгаар иж бүрэн ашиглана.
3.5. Хөрөнгө оруулагчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно. Үүнд:
3.5.1. экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан;
3.5.2. дотоодод борлуулсан буюу ашигласан бол тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн үнийг үндэслэн;
3.5.3. дотоод, гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн.
3.6. Хөрөнгө оруулагчийн үйлдвэрлэсэн баяжмалыг хайлуулах, цэвэршүүлэхтэй холбогдон гарсан зардлыг олон улсын зах зээл дээрх дундаж үнээр тооцно.
3.7. Хөрөнгө оруулагч 6709А ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайгаас олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүх бүтээгдэхүүний энэхүү Гэрээний 3.5-ийн дагуу тооцсон борлуулалтын үнэлгээнээс энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс тогтворжсон таван (5) хувиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож төлнө.
3.8. Хөрөнгө оруулагч нь жил бүр ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн гектар тутамд энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр тогтворжсон 15 ам.долларын төлбөр төлнө.
3.9. Хөрөнгө оруулагч нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу тайланг Монгол болон Англи хэл дээр гаргаж Сайдад хүргүүлж болно.
3.10. Хөрөнгө оруулагч нь уурхайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хаах бол нэг жилээс доошгүй хугацааны өмнө мэргэжлийн хяналтын албанд энэ тухай албан бичгээр мэдэгдэх бөгөөд уг албаны гаргасан журмын дагуу зохих бэлтгэлийг хангаж дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:
3.10.1. уурхайн талбайг нийтийн зориулалтаар ашиглахад аюулгүй болгох, байгаль орчныг нөхөн сэргээх талаар холбогдох арга хэмжээг бүрэн авах;
3.10.2. уурхан эдэлбэр байсан газрыг нийтийн зориулалтаар ашиглахад аюул учирч болзошгүй бол түүнээс сэргийлэх арга хэмжээ авах;
3.10.3. тухайн нутгийн захиргааны байгууллага, эсхүл мэргэжлийн хяналтын албанаас талбайд үлдээхийг зөвшөөрснөөс бусад техник хэрэгсэл, тоног төхөөрөмж болон эд хөрөнгийг талбайгаас гаргах.
3.11. Хөрөнгө оруулагч уул уурхайн үйлдвэрлэлийн улмаас үүсч бий болсон, аюул учруулж болзошгүй газруудыг зохих масштабын газрын зураг дээр нарийвчлан тэмдэглэж, шаардлагатай тэмдэг, дохио, сануулгыг уурхайн эдэлбэрийн орчинд байрлуулах бөгөөд газрын зургийг мэргэжлийн хяналтын алба болон тухайн сум, баг, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгнө.
3.12. Хөрөнгө оруулагч “Ашигт малтмалын тухай ” хуулийн 45 дугаар зүйлд заасны дагуу уурхайг хаах үед тавигдах шаардлагыг бүрэн биелүүлж, уурхайн хаалтын менежментийн хөтөлбөрийг боловсруулж, уурхай хаахтай холбогдолтой зардлыг ашиглалт дуусахаас долоон (7) жилийн өмнөөс хуримтлуулах бөгөөд уг зардал нь хөрөнгө оруулагчийн албан татвар ногдох орлогоос хасагдана.
4. Газрын харилцаа
4.1. Хөрөнгө оруулагч нь “Оюу Толгой” төслийн үйл ажиллагаанд шаардагдах газар ашиглахтай холбоотой холбогдох зөвшөөрөл, лицензийг “Газрын тухай” хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу авна. Хөрөнгө оруулагч “Оюу Толгой” төсөлд шаардагдах газар ашиглахтай холбоотой шаардлагатай бүх зөвшөөрөл, лицензийг Хөрөнгө оруулагч авахад нь Засгийн газар тус дэмжлэг үзүүлнэ. Ялангуяа Хөрөнгө оруулагч “Оюу Толгой” төслийн хэрэгцээнд шаардлагатай Засгийн газрын өмчид харьяалагдах аливаа газрыг (үүнд авто зам, цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх байгууламж, эсхүл эрчим хүч дамжуулах шугам сүлжээ, усан хангамж, холбогдох барилга байгууламж болон төмөр зам эсхүл харилцаа холбооны зориулалтад шаардлагатай газар) ашиглахад нь Засгийн газар, Хөрөнгө оруулагчтай хамтран ажиллана.
4.2. Засгийн Газар нь “Газрын тухай” хууль болон “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хуульд заасны дагуу зөвхөн тусгай хэрэгцээ, эсвэл олон нийтийн ашиг сонирхлын үүднээс ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу олгогдсон талбайд хамаарах газрыг авах, эсхүл хуваарилахаас өөр аргагүй болсон тохиолдолд Хөрөнгө оруулагчаас газрыг буцааж авч болно. Хэрэв Хөрөнгө оруулагчийн эзэмшилд байгаа аливаа газрыг Засгийн газар буцааж авах тохиолдолд үүнээс үүдэн “Оюу Толгой” төсөлд тусах нөлөөллийг багасгах талаар Засгийн газар Хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах бөгөөд ялгаварлан гадуурхахгүй зарчимд тулгуурлан Монгол Улсын хууль болон олон улсын зарчмыг үндэслэн тогтоосон хэмжээний нөхөн олговрыг Хөрөнгө оруулагчид олгоно.
4.3. Уурхайн эдэлбэрийн ашиглалт явуулж байгаа газрын нөхөн сэргээлттэй холбоотой асуудлыг “Газрын тухай” хууль, Газар Ашиглах Гэрээ, Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан болон энэхүү Гэрээнд тусгайлан заасны дагуу Хөрөнгө оруулагч бүрэн хариуцна.
4.4. Газар ашиглах гэрээг Хөрөнгө оруулагчийн үндэслэл бүхий хүсэлтийн дагуу тодорхой хугацаагаар байгуулах бөгөөд уг гэрээний хугацаа нь гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан Газрын тухай хуульд зөвшөөрсөн дээд хугацаанаас хэтрэхгүй байна. Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан Газрын тухай хуулийн дагуу уг газар ашиглах гэрээ нь сунгагдана. Газар ашиглах гэрээ дуусгавар болох, хүчингүй болох үед Хөрөнгө оруулагч тухайн газар дээр байрлах бүх үйлдвэр, байшин болон бусад барилга байгууламж, үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч хэвээр байх ба тухайн нутгийн засаг захиргаа, эсхүл Мэргэжлийн Хяналтын байгууллагаас үлдээхийг зөвшөөрснөөс бусад бүх, машин, тоног төхөөрөмж болон эд хөрөнгийг талбайгаас зөөн шилжүүлнэ.
4.5. Газар ашигласны төлбөрийг “Газрын тухай” болон “Газрын төлбөрийн тухай” хуулийн дагуу тогтоох бөгөөд энэхүү гэрээг хүчин төгөлдөр болох үед тогтворжсон хувь хэмжээгээр уг төлбөрийг ногдуулна. Хөрөнгө оруулагчийн төсөвт төлсөн газар ашигласны төлбөрүүд нь албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцогдох болно.
5. байгаль орчин
5.1. Хөрөнгө оруулагч Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн биелэлтийг хангаж ажиллах ба “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай” хуулийн дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэж хэрэгжүүлнэ.
5.2. Хөрөнгө оруулагч нь “Оюу Толгой” төслийн хүрээнд байгаль орчны дүрмийг мөрдөхөд шаардлагатай зөвшөөрөл, лицензийг “Байгаль орчны тухай” хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу авна. “Оюу Толгой” төслийн хүрээнд байгаль орчны дүрмийг мөрдөхөд шаардлагатай зөвшөөрөл, лицензийг Хөрөнгө оруулагч авахад нь Засгийн газар тус дэмжлэг үзүүлнэ.
5.3. Хөрөнгө оруулагч Байгаль орчныг хамгаалах жил бүрийн төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг хариуцна.
5.4. Хөрөнгө оруулагч нь байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгож байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах тухайн жилийн төсвийн 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг тухайн жил эхлэхээс өмнө байршуулна.
5.5. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлсэний дараа уг хөрөнгийг Хөрөнгө оруулагч жил бүр буцааж авах эрхтэй.
5.6. Хэрвээ Хөрөнгө оруулагч аль нэгэн жилд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлээгүй бол энэхүү гэрээний 5.4-т заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг Хөрөнгө оруулагчаас үл маргах журмаар гаргуулна.
5.7. Хөрөнгө оруулагч нь үндсэн үйл ажиллагаатай холбоотой байгаль орчны шинжилгээ хийх, мониторингийн иж бүрэн үнэлгээний мэдээ, тайланг хагас жил тутам Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Байгаль орчны хяналт шинжилгээгээр агаар, ус, хөрс, амьтан, ургамал болон газрын хэвлийд сөрөг нөлөөлөл үзүүлсэн нь тогтоогдвол сөрөг нөлөөллийг арилгах арга хэмжээг өөрийн хөрөнгөөр зохион байгуулж, байгаль орчинд учруулсан шууд хохирлыг нөхөн төлнө.
5.8. “Оюу Толгой” төслийн үйл ажиллагаанаас урьдчилан тааварлах боломжгүй, нөхөж болшгүй байгаль, экологийн сөрөг нөлөөлөл, үр дагавар үүссэн тохиолдолд Хөрөнгө оруулагч экологит учирсан хохирлын нөхөн төлбөрийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын холбогдох байгууллагатай хамтран боловсруулсан нөхөж болшгүй хохирол гарсан байгалийн баялгийн экологи-эдийн засгийн үнэлгээний дагуу төлнө.
5.9. Засгийн газар нь Хөрөнгө оруулагчид “Оюу Толгой” төслийн бүтээн босголтын ажлыг гүйцэтгэх, хүлээлгэн өгөх, үйл ажиллагаа явуулахад хөрөнгө оруулагчийн өөрийн олж илрүүлсэн усны эх үүсвэрийг усны асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллагаас хэлэлцэн баталсан, зөвлөмж болгосон хэмжээ, горимоор ашиглуулах зөвшөөрлийг олгоно.
5.10. Хөрөнгө оруулагч уурхайг ашиглалтад оруулах, олборлолт хийх зорилгоор зайлуулсан, ашигласан гадаргын болон гүний усны төлбөрийг ус, рашаан ашигласны төлбөрийн тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, төсөвт төлнө. Усны төлбөрийн хувь хэмжээ нь энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөр тогтворжсон байна. Хөрөнгө оруулагчийн төлсөн гадаргын болон гүний усны төлбөр нь албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцогдох болно.
5.11. Хөрөнгө оруулагч нь өөрийн нээж олсон усны эх үүсвэрийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах давуу эрхтэй боловч усны нөөц нийтийн ашиглалтад байна.
5.12. Хөрөнгө оруулагчийн хүсэлтийн дагуу ус ашиглах гэрээг “Усны тухай”, “Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай” болон бусад хууль тогтоомжуудад заасны дагуу байгуулна. Ус ашиглах гэрээг 20 жилээс доошгүй хугацаагаар байгуулах бөгөөд уг гэрээг 5, 5 жилээр сунгаж болно.
5.13. Хөрөнгө оруулагч нь:
5.13.1. Усны тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан ус ашиглахад тавигдах шаардлага, ус ашиглах гэрээ болон байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд заасан нөхцөл, шаардлагыг дагаж мөрдөнө;
5.13.2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээгээр тогтоосон усны эх үүсвэрийн хүрээнд ундны болон мал аж ахуйн хэрэгцээний усны одоогийн байгаа хэмжээ, чанарыг бууруулахгүй тогтоосон хэмжээнд байлгана;
5.13.3. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд заасны дагуу “Оюу Толгой” төслийн нөлөө шууд тусах сумын төвүүдийг эрүүл ахуйн шаардлага хангасан усаар хангана.
5.14. Хөрөнгө оруулагч нь Усны тухай хууль тогтоомж болон ус ашиглах гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлж байсан бол энэхүү гэрээний хугацааг сунгасан тохиолдолд ус ашиглах гэрээг сунгах бөгөөд хүндэтгэх шалтгаангүйгээр сунгахаас татгалзахгүй.
5.15. Хөрөнгө оруулагч нь “Оюу Толгой” төсөлд хэрэглэх усны хэрэглээг аль болох багасгах, усны нөөцийг зохистой ашиглах, усыг дахин ашиглах зорилгоор орчин үеийн арга, технологийг нэвтрүүлэн хэрэгжүүлнэ.
5.16. Хөрөнгө оруулагч нь уурхайг бүхэлд нь, эсвэл хэсэгчилэн хаах үед уурхайг хаахтай холбогдуулан байгаль орчны нөхөн сэргээлтийг уурхайг хаах үед Монгол Улс болон Олон улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандарт, нормын дагуу бүрэн хийж гүйцэтгэнэ.
6. дэд бүтэц
6.1. Талууд дэд бүтэцтэй холбоотой дараах зүйлийг харилцан тохиролцож байна. Үүнд:
6.1.1. “Оюу Толгой” төслийн богино болон урт хугацааны цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор тодорхойлно;
6.1.2. “Оюу Толгой” төслийн бүтээн байгуулалтад шаардлагатай богино болон урт хугацааны цахилгаан эрчим хүчний хэрэгцээг Засгийн газар Монгол Улсаас, тухайлбал “Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн систем” хөтөлбөрийн хүрээнд тухайн бүс нутгийг цахилгаанаар хангах хөтөлбөр, түүний өөрчлөлттэй уялдуулан цахилгааны дотоод дахь эх үүсвэр, нөөц бололцоог ашиглан Монгол Улсын Эрчим Хүчний Системээс найдвартай хангана;
6.1.3. Хөрөнгө оруулагч “Оюу Толгой” төслийн богино болон урт хугацааны цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахтай холбоотой стратеги төлөвлөгөө боловсруулахдаа Засгийн Газрын үндэслэлтэй саналд тулгуурласан нэгдсэн шийдэлд хүрнэ;
6.1.4. Хөрөнгө оруулагч нь Монгол Улсад “Оюу Толгой” төслийн бүтээн байгуулалтад хамгийн тохиромжтой байршилд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх барилга байгууламжийг барих, ажиллуулах эрхтэй. Уг цахилгаан эрчим хүч нь “Оюу Толгой” төслийн барилгын ажил болон үйл ажиллагааны үе шатанд “Оюу Толгой” төслийн богино болон урт хугацааны цахилгааны хэрэгцээг хангах болохыг Талууд хүлээн зөвшөөрөв.
6.2. “Оюу Толгой” төслийн хэрэгцээ шаардлагыг хангах, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь гүйцэтгэх үүднээс цахилгаан эрчим хүчний хамгийн зохистой, найдвартай эх үүсвэрийг тодорхойлох талаар Засгийн Газар, Хөрөнгө оруулагч нар харилцан итгэлцлийн үндсэн дээр нээлттэй хамтран ажиллана.
6.3. Талууд доорхи зүйлийг зөвшөөрөв. Үүнд:
6.3.1. Хөрөнгө оруулагч нь цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, эрчим хүчний барилга байгууламж барихад шаардлагатай бүх лиценз, зөвшөөрлийг энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан Эрчим хүчний тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу авна. Засгийн газар хуулийн дагуу зөвшөөрсөн хэмжээнд тухайн лиценз, зөвшөөрлийг авах ажилд Хөрөнгө оруулагчид туслалцаа үзүүлнэ.
6.3.2. Эдгээр лиценз, зөвшөөрлийг Хөрөнгө оруулагчийн хүсэлтийн дагуу энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан Эрчим хүчний тухай хуулиар зөвшөөрөгдсөн хамгийн дээд хугацаагаар, дахин хамгийн дээд хугацаагаар сунгагдах эрхтэйгээр (Хөрөнгө оруулагч сунгалт хүссэн тохиолдолд) олгогдоно.
6.3.3. Хөрөнгө оруулагч, эсхүл харилцан хамаарал бүхий этгээдийн барих болон ажиллуулах цахилгаан эрчим хүчний үйлдвэрт үйлдвэрлэсэн бүх эрчим хүчийг Хөрөнгө оруулагч нь Оюу Толгой төслийн хэрэгцээнд дангаар ашиглах болон тухайн үйлдвэрийн эрчим хүч дамжуулах болон түгээх шугам нь байгаль орчин, эсхүл хүмүүсийн ердийн амьдралд сөрөг нөлөө үзүүлэхгүй тохиолдолд лиценз, зөвшөөрөл шаардагдахгүй.
6.4. Эрчим хүчний дэд бүтцэд шаардагдах газар ашигласны төлбөр, хураамж нь Эрчим хүчний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зохицуулагдаж, энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр тогтворжсон хувь хэмжээтэй байна.Хөрөнгө оруулагчийн төлсөн эрчим хүчний дэд бүтцэд шаардагдах газар ашигласны төлбөр, хураамж нь албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцогдох болно.
6.5. Талууд доорхи зүйлийг зөвшөөрөв. Үүнд:
6.5.1. Хөрөнгө оруулагчийн эрчим хүч, тээвэр, дэд бүтцийн холбогдолтой бусад төлбөр, хураамж нь энэхүү Гэрээнд өөрөөр заагаагүй бол Эрчим хүчний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу зохицуулагдаж, энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр тогтворжсон хувь хэмжээтэй байна. Хөрөнгө оруулагчийн төсөвт төлсөн эрчим хүч, тээвэр, дэд бүтцийн холбогдолтой бусад төлбөр, хураамж нь албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцогдох болно.
6.5.2. Засгийн газар Хөрөнгө оруулагчийг цахилгаан эрчим хүчээр хангах тохиолдолд Хөрөнгө оруулагчийн төлөх бүх үнэ, тариф, төлбөр, хураамжийг Засгийн газар болон Хөрөнгө оруулагчийн хооронд байгуулах гэрээгээр тодорхойлно.
6.6. Талууд доорхи зүйлийг зөвшөөрөв. Үүнд:
6.6.1. Хөрөнгө оруулагч нь авто болон төмөр зам, дамжуулах хоолой болон бусад замын байгууламж барьж байгуулахдаа Монгол Улсын авто, төмөр замын тээврийн нэгдсэн сүлжээ, хөгжлийн стратегитэй нягт уялдуулан, гэрээ хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байсан хуулийн заалт болон техникийн шаардлагыг мөрдлөг болгоно.
6.6.2. Хөрөнгө оруулагчийн барьж байгуулсан авто болон төмөр зам, дамжуулах хоолой, бусад замын байгууламж нь нийтийн хэрэгцээнд байх албагүй болохыг Засгийн газар хүлээн зөвшөөрч байна. Хэрэв Хөрөнгө оруулагчийн барьж байгуулсан авто болон төмөр зам, дамжуулах хоолой, бусад замын байгууламж нь нийтийн хэрэгцээнд ашиглагдах тохиолдолд Хөрнгө оруулагч тухайн авто болон төмөр зам, дамжуулах хоолой, бусад замын байгууламжийг ашиглаж буй иргэд, байгууллагаас ашиглалтын төлбөр, хураамж авах замаар тэдгээрийг барихад гарсан зардлыг нөхөн авч болно. Хөрөнгө оруулагч гуравдагч талтай байгуулсан аливаа гэрээний нөхцлийн дагуу Хөрөнгө оруулагчийн барьж байгуулсан авто болон төмөр зам, дамжуулах хоолой, бусад замын байгууламжийг ашиглаж буй гуравдагч талтай холбогдон гарсан, эсхүл гуравдагч тал төлсөн аливаа нэхэмжлэл, үйлдэл, хохирол, алдагдал, хариуцлага, зардал, төлбөрийн хариуцлагыг гуравдагч тал эсхүл Засгийн газрын өмнө хүлээхгүй. Засгийн газар гуравдагч тал болон/эсхүл Засгийн газарт гарсан эсхүл гуравдагч тал болон/ба Засгийн газар төлсөн тухайн нэхэмжлэл, үйлдэл, хохирол, алдагдал, хариуцлага, зардал, төлбөрийн хариуцлагаас Хөрөнгө оруулагчийг чөлөөлнө.
6.6.3. Хөрөнгө оруулагчийн барьж байгуулсан болон эзэмшиж буй төмөр зам, дамжуулах хоолой болон бусад тээврийн барилга байгууламжуудыг гурав дахь тал ашиглах тохиолдолд Хөрөнгө оруулагчийн хүлээж авахуйц нөхцлийн дагуу ашиглалтын гэрээг байгуулна.
6.7. Хөрөнгө оруулагчийн хүсэлтэд үндэслэн “Оюу Толгой” төслийн тээврийн дэд бүтэцтэй холбоотой тусгай зөвшөөрлийг хуулийн дагуу олгох ба төлбөр, хураамж нь гэрээ хүчин төгөлдөр болох өдөр тогтворжсон хувь хэмжээтэй байна. Хөрөнгө оруулагчийн төлсөн тээврийн дэд бүтэцтэй холбоотой төлбөр, хураамж нь албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцогдох болно.
6.8. Хөрөнгө оруулагч нь Оюу Толгой төслөөс “Гашуун сухайт”-ын хилийн боомт хүртэл доорхи нөхцлүүдийн дагуу олон улсын чанартай зам барина. Үүнд:
6.8.1. Тус замын чигийн талаар Засгийн газартай тохирох боловч уг зам нь ямар ч тохиолдолд зардал өртгийн хувьд ашигтай, аль болох “Оюу Толгой” төсөл, Гашуун Сухайтын хилийн боомтыг хооронд нь шууд холбосон байх;
6.8.2. Хөрөнгө оруулагч зам барих ажлын зардлыг гаргах бөгөөд энэхүү зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцно;
6.8.3. Засгийн газар өөрийн хөрөнгөөр тухайн авто замын засвар, үйлчилгээ хийх болон гуравдагч этгээдээс зам ашигласны төлбөр хураамжийг хураах үүргийг хүлээнэ;
6.8.4.Хөрөнгө оруулагч энэхүү гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд зам ашигласны бүхий л төлбөр хураамжаас чөлөөлөгдөнө;
6.8.5. Тус зам нь олон улсын зам тул Засгийн газар тухайн замтай холбогдох хууль зүйн хариуцлагыг дангаар хүлээнэ.
6.9. Хөрөнгө оруулагч “Оюу Толгой” төсөлтэй холбогдуулан онгоц хөөрөх, буух зурвас байгуулж, ажиллуулж болно. Тухайн нисэх буудал нь нислэгийн аюулгүй байдлын шаардлагыг хангаж байгаа эсэхэд Засгийн газраас холбогдох хууль, тогтоомжийн дагуу хяналт тавих эрхтэй.
7. Хөдөлмөр, ажиллах хүч
7.1. Хөрөнгө оруулагч нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн хамгааллын холбогдох хууль, тогтоомжуудыг мөрдлөг болгоно.
7.2. Хөрөнгө оруулагчтай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа Монгол Улсын иргэн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулна.
7.3. Хөрөнгө оруулагчийн ажиллуулж буй гадаадын иргэд нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд сайн дураараа даатгуулж болно.
7.4. Талууд доорхи зүйлийг хүлээн зөвшөөрөв:
7.4.1. Хөрөнгө оруулагч нь Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах үүрэг хүлээх бөгөөд дор дурдсан барилгын ажлын явцад тухайн хуулийн этгээдэд ажиллагсдын 75 хувиас доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байна.
i) Ил уурхай болон ил уурхайд шаардагдах барилга, байгууламж, үүнд боловсруулах үйлдвэр болон баяжуулах үйлдвэр, хайлуулах үйлдвэр болон цахилгаан станц барихад нарийн мэргэжлийн ажиллах хүчин шаардлагтай үед;
ii) Далд уурхай болон далд уурхайд шаардлагатай барилга байгууламжыг барихад нарийн мэргэжлийн ажиллах хүчин шаардлагатай үед.
7.4.2. Ил уурхай болон далд уурхайн үйл ажиллагаа явуулах үед нийт ажиллагсадын 90-ээс доошгүй хувь нь Монгол Улсын иргэн байна.
7.4.3. Хөрөнгө оруулагчийн авч ажиллуулсан гадаад ажиллагсдын хувь нь энэхүү Гэрээний 7.4.1 болон 7.4.2-д заасан хувиас хэтэрсэн тохиолдолд “Ашигт малтмалын тухай” хуулийн 43 дугаар зүйлийн дагуу хэтэрсэн ажлын байр тутамд хөдөлмөрийн сарын хөлсний доод хэмжээ болох 69000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төлбөрийг энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болсон өдрөөр тогворжуулан төлнө. Хөрөнгө оруулагч нь дээрх төлбөрийг “Оюу Толгой” төслийн үйл ажиллагаанд шаардагдах Монгол Улсын иргэдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх болон шинээр сургахад энэхүү Гэрээний 7.5-д заасны дагуу зарцуулна.
7.4.4 Хөрөнгө оруулагч нь “Оюу Толгой” төсөлд шаардлагатай мэргэшил бүхий инженер-техникийн ажилтан Монгол иргэдийн тоог өрсөлдөөний зарчмаар аль болох нэмэгдүүлэх талаар бүхий л хүчин чармайлт гаргана. Тухайлбал, Үйлдвэрлэл эхэлснээс хойш 5 жилийн дотор инженер –техникийн ажилтнуудын 51-ээс доошгүй хувь, 10 жилийн дотор 70-аас доошгүй хувь нь Монгол иргэд байх талаар бүхий л арга хэмжээг авна.
7.4.5 Хөрөнгө оруулагч нь Монгол иргэдийг уул уурхайн салбарын мэргэжил, ялангуяа инженер-техникийн чиглэлээр мэргэжил эзэмшихэд туслах зорилгоор оюутны тэтгэлгийн хөтөлбөр хэрэгжүүлнэ.Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 6 жилийн туршид бакалаврын түвшинд суралцаж буй 200 оюутанд тэтгэлэг олгоно. Эдгээр тэтгэлгээс 100 оюутныг гадаад оронд сургахад зориулах бөгөөд үлдсэн хэсгийг Монгол Улсын их, дээд сургуульд суралцагчдад олгоно. Тэтгэлэг нь сургалтын зардал болон амьжиргааны зардлыг хамарна. Тэтгэлэг авсан оюутнууд нь “Оюу Толгой” төсөл болон гадаад бусад орны уурхайд ажиллах, дадлагажих боломжтой болно.
7.5. Хөрөнгө оруулагч нь жил бүрийн сургалтын төлөвлөгөөндөө дараахь ажлыг тусган хэрэгжүүлнэ. Үүнд:
7.5.1. үндсэн үйл ажиллагааны газар дээр сургалт зохион байгуулж, ажиллагсдынхаа ур чадварыг дээшлүүлж дадлагажуулах;
7.5.2. хөрөнгө оруулагчийн ойрын болон дунд хугацааны ажиллах хүчний нөөцийн төлөвлөгөөний дагуу ажиллагсдыг сургах; болон
7.5.3. өөрсдийн сонгосон ажиллагсдыг гэрээт нөхцлөөр Монгол Улсад эсвэл гадаадад сургаж мэргэжлийг нь дээшлүүлнэ.
7.6. Хөрөнгө оруулагч нь гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсний төлөө төлөх ажлын байрны төлбөр нь энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох үед мөрдөгдөж байсан хууль, тогтоомжид заасны дагуу 1 сард гадаадын иргэн бүрт Монгол Улсын Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна.
7.7. Хөрөнгө оруулагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын болон Олон улсын эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүйн ажиллагааны стандартыг мөрдлөг болгоно.
8. Хөрөнгө оруулагчийн эрх, үүрэг
8.1. Энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол Хөрөнгө оруулагч Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, Монгол Улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.
8.2. Энэхүү Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 8,9,10 –р зүйлүүд нь Хөрөнгө оруулагчийн “Оюу Толгой” төсөлд болон уг төсөлтэй холбоотой хийгдсэн бүх хөрөнгө оруулалтад хамаарна.
8.3. Хөрөнгө оруулагч нь энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан “Ашигт малтмалын тухай” хуульд заасны дагуу өөрийн тодорхойлсон менежмент, маркетингийн зарчмын дагуу үйл ажиллагаагаа явуулна.
8.4. Хөрөнгө оруулагч нь Монгол Улс дахь өөрийн сонгосон арилжааны банкинд болон гадаад орны банкинд данс нээж өөрийн сонгосон валютаар чөлөөтэй, саадгүйгээр гүйлгээ хийж болно.
8.5. Хөрөнгө оруулагч нь өнөөг хүртэл Монгол Улсад нийт 400 сая гаруй ам долларын хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр энэхүү гэрээнд гарын үсэг зурснаас хойш таван (5) жилийн хугацаанд нийт 2.724 тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг дараах хуваарийн дагуу хийхээр төлөвлөж байна;
Жил | Хөрөнгө оруулалтын жил | Хөрөнгө оруулалтын хэмжээ /мян ам. доллар | Мөнгөн тэмдэгт |
1 | 01.01.2007-12.31.2007 | 580,000 | Ам.доллар |
2 | 01.01.2008-12.31.2008 | 904,000 | Ам.доллар |
3 | 01.01.2009-12.31.2009 | 1,040,000 | Ам.доллар |
4 | 01.01.2010-12.31.2010 | 200,000 | Ам.доллар |
5 | 01.01.2011-12.31.2011 | - | Ам.доллар |
| Нийт хөрөнгө оруулалт | 2,724,000 | |
8.6. Хөрөнгө Оруулагч “Оюу Толгой” төслийн дараалал, хөрөнгө оруулалтын хуваарьт хугацаа, тухайн хөрөнгө оруулалтын жилд хийх хөрөнгө оруулалттай холбоотой зардлын хэмжээг өөрчлөх тохиолдолд Сайдад бичгээр урьдчилан мэдэгдэнэ.
8.7. Хөрөнгө оруулагч нь тухайн хөрөнгө оруулалтын жилд оруулсан хөрөнгө оруулалтын тайлангаа дараагийн хөрөнгө оруулалтын жилийн эхний улиралд багтаан Сайдын баталсан маягтын дагуу гаргаж, Сайдад хүргүүлэх бөгөөд энэхүү тайланг Сайдад хүргүүлэхээс өмнө тайлангийн аудитыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, нягтлан бодох бүртгэлийн аудитийн компаниар хийлгэсэн байна.
8.8. Хөрөнгө оруулалтыг бэлэн мөнгө, техник, тоног төхөөрөмж, түүхий эд, бараа материал, оюуны болон аж үйлдвэрийн өмчийн эрх зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн бүх хэлбэрээр хийх эрхтэй.
8.9. Хөрөнгө оруулагч нь бүс нутгийг хөгжүүлэх, орон нутагт дэмжлэг тусламж үзүүлэх, ажлын байр, бизнес шинээр бий болгоход дэмжлэг үзүүлнэ.
9. Засгийн газар болон сайдын эрх, үүрэг
9.1. Засгийн газар энэхүү гэрээнд тохиролцсон Хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн болон санхүүгийн орчныг Гэрээний хугацааны туршид тогтвортой мөрдөх талаар энэхүү Гэрээнд заасан баталгаа, нөхцлөөр хангах үүргийг хүлээнэ.
9.2. Энэхүү гэрээнд гарын үсэг зурсны дараа Сайд уг гэрээний нөхцлийн тухай мэдэгдлийг холбогдох газруудад хүргүүлнэ.
9.3. Засгийн газар Хөрөнгө оруулагчийн Монгол Улсад хийсэн хөрөнгө оруулалтыг бүрдүүлж буй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, тэдгээртэй холбогдсон эд хөрөнгийн эрх, оюуны болон аж үйлдвэрийн өмчийн эрхийг хууль бусаар хураахгүй. Сайд нь Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу Хөрөнгө оруулагчийн эзэмшиж буй зөвхөн Оюу Толгой төсөлтэй холбоотой аливаа тусгай зөвшөөрлийг хууль бусаар цуцлахгүй.
9.4. Засгийн газар Хөрөнгө оруулагчийн хүсэлтийг үндэслэн Гашуун Сухайтын олон улсын хилийн боомтыг Монголын талаас байнгын ажиллагаатай болгоход бололцоотой бүх арга хэмжээг авна.
9.5. Хөрөнгө оруулагч энэхүү гэрээний дагуу хүлээсэн үүргээ Давагдашгүй хүчин зүйлээс өөр шалтгаанаар биелүүлэлгүй 6 сар өнгөрвөл үүргээ биелүүлээгүй тухай болон түүнийг засахыг шаардаж Сайд, Хөрөнгө оруулагчид бичгээр мэдэгдэл өгнө. Мэдэгдэл өгснөөс хойш ажлын 60 хоногийн дотор Хөрөнгө оруулагч уг мэдэгдэлд заасан үүргийг биелүүлэх талаар зохих арга хэмжээ аваагүй тохиолдолд Сайд гэрээг цуцлах эрхтэй. Энэхүү 9.5 дугаар зүйлийн дагуу тус гэрээтэй холбогдон гарсан маргааныг Талууд шийдвэрлэж байх үед тухайн мэдэгдлийг өгөхгүй.
9.6. Засгийн газар энэхүү гэрээний биелэлтийн талаар Хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах бөгөөд энэхүү гэрээний хамтын зорилгод хүрэхийн тулд хэрэгцээтэй арга хэмжээнүүдийг авна.
9.7. Хөрөнгө оруулагч Сайд, Засгийн газраас энэхүү гэрээний дагуу болон түүнтэй холбогдуулан зөвшөөрөл авах шаардлага гарч, хүсэлтээ Засгийн газарт тавьсан тохиолдолд уг хүсэлтийг хүндэтгэх шалтгаангүйгээр татгалзах, эсхүл хойшлуулахгүй.
10. Гадаадын хөрөнгө оруулалтыг хамгаалах
10.1. Монгол Улсад оруулсан гадаадын хөрөнгө оруулалт нь Үндсэн хууль, Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон Олон Улсын гэрээгээр баталгаажсан эрх зүйн хамгаалалтыг эдэлнэ.
10.2. Хөрөнгө оруулагчийн өөрийн хөрөнгө, бусад эд хөрөнгийг гагцхүү нийтийн ашиг сонирхлын үүднээс энэхүү гэрээ хүчин төгөлдөр болох өдөр мөрдөгдөж байсан ’’Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хууль, “Газрын тухай” хууль, “Ашигт малтмалын тухай” хуулийн дагуу ялгаварлан гадуурхахгүй байх зарчмын үндсэн дээр Засгийн Газраас бүрэн хэмжээгээр нөхөн төлөх нөхцлөөр дайчлан гаргаж болно.
10.3. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол дайчлан гаргуулсан эд хөрөнгийн нөхөн төлбөрийн хэмжээг түүнийг дайчлан гаргуулсан буюу дайчлан гаргуулах тухай нийтэд мэдэгдсэн өдрөөс өмнөх үеийн үнэлгээгээр тодорхойлно. Нөхөн төлбөрийг бүрэн хэмжээгээр саадгүй шуурхай гүйцэтгэнэ.
10.4. Монгол Улс Хөрөнгө оруулагчид оруулсан хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулахад Монголын хөрөнгө оруулагчдад олгодгоос дутуугүй тааламжтай нөхцөл олгоно.
11. гэрээ дуусгавар болох
11.1.Дараах тохиолдолд гэрээ дуусгавар болно:
11.1.1. Гэрээний хугацаа дууссан болон энэхүү гэрээний 15.8-р зүйлийн дагуу Хөрөнгө оруулагч гэрээг сунгаагүй тохиолдолд;
11.1.2. Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Гэрээний эрх бусдад шилжсэн тохиолдолд ;
11.1.3. Хөрөнгө оруулагч гэрээг цуцлах тухай хүсэлт гаргасны дагуу хоёр тал харилцан тохиролцсон тохиолдолд;
11.1.4. Аж ахуйн нэгж дампуурсан, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн заалтыг удаа дараа ноцтой зөрчсөний учир эрх бүхий байгууллагаас үйл ажиллагааг нь бүрэн зогсоосон тохиолдолд болон Сайд үйл ажиллагаагаа сэргээхийг шаардсан мэдэгдэл Хөрөнгө оруулагчид өгснөөс хойш ажлын 120 өдрийн дотор үйл ажиллагаагаа сэргээгээгүй тохиолдолд; эсхүл
11.1.5. Энэхүү гэрээний 9.5-д заасны дагуу Сайд гэрээг дангаар цуцалсан тохиолдолд.
11.2 Гэрээ дуусгавар болох нь 6709А тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл, Засгийн газраас Хөрөнгө оруулагчид олгосон бусад лиценз, зөвшөөрлүүд, эсхүл Хөрөнгө оруулагч болон Засгийн газрын хооронд байгуулсан бусад гэрээнд нөлөөлөхгүй.
12. гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл
12.1 Давагдашгүй Хүчин Зүйлийн улмаас энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ бүгдийг, эсхүл аль нэгийг нь биелүүлээгүй бол ийнхүү биелүүлээгүйн улмаас гарах үр дагаварт Талууд хариуцлага хүлээхгүй. Давагдашгүй Хүчин Зүйлийн улмаас Гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэх нь энэхүү Гэрээний ямар нэг нөхцөл, үүрэг, болзлыг дагаж мөрдөхгүй гэсэн ойлголт биш бөгөөд уг биелүүлэх боломжгүй байдал үргэлжлэх хугацаанд тухайн үүрэг хариуцлагыг биелүүлэхийг болон холбогдох цаг хугацааны шаардлагыг түр зогсоосон гэж үзнэ. Давагдашгүй хүчин зүйлийн улмаас үүргээ биелүүлж чадахгүй болсон тал нь нөгөө талдаа шалтгаанаа бичгээр мэдэгдэх бөгөөд гарах үр дагаварыг Талууд харилцан тохиролцож шийдвэрлэнэ. Талууд харилцан өөрсдийн эрх мэдлийн хүрээнд гарсан үр дагаврыг арилгах бүхий л боломжтой арга хэмжээг авна. Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал гэдэгт гэрээний Хавсралт 1-д заасан нөхцөл байдал хамаарна.
13. Маргаан шийдвэрлэх
13.1. Энэхүү Гэрээтэй холбогдон үүссэн аливаа маргааныг дор дурьдсанаар шийдвэрлэнэ. Үүнд:
13.1.1 Аливаа маргааныг Талууд аль болох харилцан тохиролцож талуудад ашигтай байхаар шийдвэрлэнэ. Хэрэв маргаан гарсан тухай мэдэгдэл явуулснаас хойш жар (60) хоногийн дотор Талууд нэгдсэн шийдвэрт хүрч зөвшилцөхгүй бол уг маргааныг 13.2-т заасны дагуу шийдвэрлэнэ.
13.2. 13.1-д заасан нөхцлийг хангасны дараа, маргааныг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдөр мөрдөгдөж байсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Олон Улсын Худалдааны Хуулийн Комиссийн Арбитрын Дүрэм (НҮБОУХХК Дүрэм)-ээр тодорхойлсон журмын дагуу зайлшгүй дагаж мөрдөх арбитрын шүүхээр шийдвэрлүүлнэ. Шүүхийн үйл ажиллагаа дараах нөхцлийн дагуу явагдана:
13.2.1. Арбитрын шүүх гурван (3) шүүгчээс бүрдэнэ;
13.2.2. Арбитрын гурван (3) шүүгчийг НҮБОУХХК-ийн дүрмийн 7 болон 8–д заасны дагуу томилох болно;
13.2.3. Арбитрын үйл ажиллагаа Англи хэл дээр явагдана;
13.2.4. Арбитрын шүүх ажиллагааг Монгол Улсын хуулийн дагуу захирагдаж тайлбарлагдана;
13.2.5. Арбитрын үйл ажиллагааг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хотод явуулна;
13.2.6. Арбитрын шүүх ажиллагааг Лондонгийн Олон Улсын Арбитрын Шүүх явуулна.
13.3. Арбитрын шийдвэр нь Талуудын хувьд эцсийн байх бөгөөд уг шийдвэрийг зайлшгүй дагаж мөрдөнө. Уг эцсийн шийдвэрийг зохих шүүх эрх мэдэл бүхий аль ч шүүх хэрэгжүүлж болно. Засгийн Газар Арбитрын шийдвэрийг бүрэн дагаж мөрдөх болон хэрэгжүүлэх бөгөөд тухайн шийдвэрийг даган мөрдөх болон хэрэгжүүлэхдээ аливаа хамгаалалт гаргахгүй болохоо баталж байна.
13.4. Энэхүү Гэрээний 13 дугаар зүйлийн заалт энэхүү гэрээ хүчин төгөлдөр байсан хугацаанд гарах аливаа маргаан, эсхүл энэхүү гэрээ хүчин төгөлдөр байх хугацаанд явуулсан үйл ажиллагаатай холбогдон гарсан аливаа маргаанд хамаарна.
14. эрх үүргийг шилжүүлэх
14.1. Хөрөнгө оруулагч нь Засгийн Газрын зөвшөөрсний дагуу энэхүү Гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ бусдад шилжүүлэх эрхтэй.
14.2. Бусдад эрх, үүргээ шилжүүлэх нь аль нэг талын энэхүү гэрээний дагуу хүлээсэн эрх, үүргийг өөрчлөхгүй бөгөөд нэмэгдүүлэхгүй.
15. бусад зүйл
15.1. Гэрээ нь Хөрөнгө оруулагчийн Монгол Улсын Засгийн газрын холбогдох бусад байгууллагатай “Оюу Толгой” төслийн үйл ажиллагаатай холбогдуулан нэмэлт гэрээ байгуулах эрхийг хөндөхгүй.
15.2. Энэхүү гэрээний нөхцлөөр Хөрөнгө оруулагч нь 6708A, 6710A болон 6711A тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай болон 6709А ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн зэргэлдээ, эсхүл хүрээлэн оршиж буй Хөрөнгө оруулагчийн мэдэл дэх бусад талбайд ашигт малтмалын хайгуул хийж тогтоосон аливаа ордын нөөцийг улсын нөөцийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, техник эдийн засгийн үндэслэлийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захригааны байгууллагад хүргүүлсний дараа дээр дурдсан тусгай зөвшөөрөлд хамрах орд газруудад ашигт малтмал олборлох болон боловсруулах үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй бөгөөд тухайн орд газрууд нь “Оюу Толгой” төслийн нэг хэсэг гэж тооцогдоно. Хүндэтгэх шалтгаангүйгээр нөөцийг бүртгэхээс татгалзах, эсхүл хойшлуулахгүй бөгөөд Хөрөнгө оруулагч нь Геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгуууллагад нөөцийн мэдэгдлийг хүргүүлсэн өдрөөс хойш 90 хоногийн дотор нөөцийг бүртгэнэ.
15.3. Энэхүү гэрээ болон Монгол Улсын хууль тогтоомжийн хооронд зөрүүтэй заалт гарсан тохиолдолд энэхүү гэрээний нөхцлийг даган баримтална.
15.4. Талууд бичгээр харилцан тохиролцсоны үндсэн дээр энэхүү Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
15.5. Талууд энэхүү гэрээний заалтуудыг биелүүлэхэд шаардлагатай бөгөөд тохиромжтой арга хэмжээг авах, хийж гүйцэтгэх болон аливаа баримт бичиг үйлдэх, хүргүүлэхээ харилцан зөвшөөрөв.
15.6. Энэхүү гэрээний дагуу шаардлагатай аливаа мэдэгдэл, харилцаа нь бичгээр үйлдэгдэн явагдах бөгөөд тухайн баримт бичгийг биечлэн, эсхүл шуудан, факсаар шуудангийн хураамж, илгээлтийн төлбөрийг урьдчилан төлсөн байдлаар доор дурьдсан Талын хаягаар хүргэгдсэн өдрийг тухайн баримт бичгийг албан ёсоор хүлээлгэн өгсөн өдөрт тооцно.
Талуудын хаяг:
Сайдад:
_______________________________
_______________________________
Айвенхоу Майнз Монголиа Инк ХХК-д:
_Айвенхоу Майнз Монголиа Инк ХХК
Монгол Улс Улаанбаатар хот – 210349
Баянзүрх дүүрэг, 1 хороо
Залуучуудын Өргөн Чөлөө - 26
"Сөүл" бизнес төв, 7 давхар______________________________
А.Мөнхбат_______________________________
Хэрвээ Талууд хаягаа соливол нөгөө талдаа аль болох шуурхай мэдэгдэнэ.
15.7. Талуудын эрх бүхий этгээд зөвшөөрсний дагуу талууд гарын үсэг зурж, баталгаажуулсан өдрөөс Гэрээ хүчин төгөлдөр болно (цаашид “Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр” гэх).
15.8. Хэрвээ Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээнд заасан нөхцөл шаардлагыг хангасан бөгөөд “Оюу Толгой” төслийн үндсэн үйл ажиллагаанд хийсэн хөрөнгө оруулалтаа хадгалж үргэлжлүүлэх хүсэлтэй бол энэхүү Гэрээ дуусгавар болохоос 2-оос доошгүй жилийн өмнө Засгийн газарт мэдэгдэл хүргүүлснээр Гэрээний хугацааг сунгах эрхтэй. Засгийн газар Хөрөнгө оруулагчийн уг мэдэгдэлийг хүлээн авснаар Гэрээг 20 жилийн хугацаагаар шууд сунгана.
15.9. Монгол Улсын Их Хурлаас хүлээн зөвшөөрч баталснаар энэхүү Гэрээ нь хуулийн адил хүчинтэй байна. Гэрээний хавсралтууд нь энэхүү гэрээний салшгүй хэсэг болно.
15.10. Гэрээг Монгол, Англи хэл дээр тус бүр хоёр эх хувийг үйлдэх бөгөөд Талууд хэл тус бүр дээрхи хувийг хадгална. Гэрээний Монгол, Англи хувь агуулгын болон орчуулгын хувьд зөрвөл Англи хэл дээрх хувийг баримтална.
15.11. Энэхүү Гэрээнд өөрөөр заагаагүй бол энэхүү гэрээ нь Монгол Улсын хуулийн дагуу зохицуулагдаж тайлбарлагдана.
ҮҮНИЙГ ГЭРЧЛЭН ТАЛУУД өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг байлцуулан тус тусын гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулан [ ] өдөр Улаанбаатар хотод энэхүү Гэрээг үйлдэв:
Гэрээ байгуулсан талууд:
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж:
Сангийн сайд:
…………………………… Огноо: ……………………………
Үйлдвэр, худалдааны сайд:
…………………………… Огноо: ……………………………
Байгаль орчны сайд:
…………………………… Огноо: ……………………………
“Айвенхоу Майнз Монголиа Инк” ХХК-г төлөөлж:
…………………………… Огноо: