Tuesday, January 8, 2008

Оросын олигархиуд Монголын банк санхүүгийн салбарын 35 хувийг хяналтдаа авчээ

-Сахалтай хүүхдүүд улс төр болж тоглож байхад Монголын хувь заяанд нөлөөлөх эрх мэдэл гадаадын нөлөө бүхий этгээдүүдийн гарт шилжиж байна-

 Ийм гарчигтай мэдээллийг texconten.livejournal.com сайтад тавьжээ. Мэдээллийн эхэнд дурдсанаар бол оросын олигархи О.Дерипаскагийн мэдэлд байдаг “Базовый элемент” компанийн Монголын нутаг дэвсгэр дээрх активт уул уурхайн салбарын 35 орчим лиценз эзэмшдэг “Бату майнинг” компанийн 30 хувь, Плехановын нэрэмжит их сургуулийн салбар 100 хувь, XY микрорайон дахь орос хотхон, Кредит банк, Тээвэр хөгжлийн банк зэрэг багтдаг аж. Түүнээс гадна С.Громовын эзэмшиж байсан бүх активыг О.Дерипаскад шилжүүлж өгөх бэлтгэл ажил дуусчээ. Үүнд “АПУ” компанийн 43 хувь, “Монгол даатгал” компани, Дарханы мах комбинат, Эрхүү хот дахь амралтын газар, “Чингис хаан” банк зэрэг орж байна. Энэ бүхнийг нэгтгэж үзвэл О.Дерипаскагийн гарт Монголын банк санхүүгийн салбарын 35 хувь төвлөрчээ. “2008 оны хавраас тэрбээр энэ хөрөнгөө барьцаалан алт олборлох лиценз авч Монголын алт олборлолтын салбарыг залгихаар төлөвлөж байна” гэж сайтын мэдээлэлд дурдсан байна. Үүний үр дүнд нинжа нарын олборлодог 10 орчим тонн алт түүний гарт орж, уул уурхайн салбараас Хятад, Солонгосын жижиг мафийн бүлэглэлүүд шахагдах болно.

“Айвенхоу Майнз” компанийн охин компани болох “Gobi Energy” компанийг ч О.Дерипаска мэдэлдээ оруулжээ. Тэрээр Р.Фрийдландтай Сингапурт уулзан түүнийг дарамталж, Р.Фрийдланд ч буулт хийж охин компаниа өгсөн гэх мэдээлэл байдгийг сайтын мэдээнд дурдсан байна. “Gobi Energy” нь 60 орчим лиценз, Овоот, Тавантолгой , Нарийнсухайтын ордын орчимд ихээхэн хэмжээний талбайг эзэмшдэг аж. Р.Фрийдланд “Gobi Energy”-г 250 сая ам.доллараар зарсан гэх бөгөөд түүний дотор Мардайн ордын орчмоос уран олзворлох хоёр, гурван лиценз ч багтсан ажээ.

“Монголчууд бие биеэсээ өө хайж хэмлэлцэж байх зуур өмнө нь бидний сургийг нь л дуулдаг байсан үндэстэн дамнасан, зохион байгуулалттай домогт гэмт бүлэглэлүүд Монголд байр сууриа бэхжүүлж, төгсгөлийн шатанд бүгдийг бүрэн хяналтдаа авах бэлтгэлээ хангаж дуусаад байна. Сахалтай хүүхдүүд улс төр болж тоглож байхад Монголын хувь заяанд нөлөөлөх эрх мэдэл гадаадын нөлөө бүхий этгээдүүдийн гарт шилжиж байна” гэж мэдээлэлд дурджээ.

Монголд ОХУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга С.С.Собянин чимээ багатайхан шиг айлчлаад буцсан билээ. Сайтын мэдээллийг эх сурвалж болгон үзвэл тэрээр стратегийн хэд хэдэн төлөвлөгөөтэй ирсэн аж.

-Талууд уул уурхайн салбарт нэгдсэн зохицолд хүрч чадахгүй байгаа учир жижиг компаниуд үеэ өнгөрөөж, “Базовый элемент”, “Ренова”, “Северсталь” зэрэг үндэстэн дамнасан акулууд гарч ирэх цаг болсон.

-Маргаантай асуудлуудаас түр зуур хөндийрч, Улаанбаатар төмөр зам, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Монголросцветмет зэрэг хамтарсан үйлдвэрүүдийн активийг сайжруулах чиглэлээр ажиллах

-Монголын бизнесийн бүлэглэлүүдийн дотоод зөрчлийг өөрт ашигтайгаар эргүүлэх. Үүнд нэг талаас “Энержи ресурс”, нөгөө талаас уул уурхайн салбараас бялуу хүртэлгүй хоцорсон Женко Баттулга, Б.Жаргалсайхан нарыг хараандаа авах,

-“MCS” группын Ж.Оджаргал “Энержи ресурс” консорциумын захирлуудын зөвлөлийн дарга болсон тул түүний тухай мэдээллийг яаралтай цуглуулах,

Түүний оффшор тооцоонууд, татвараас нууж байгаа аргыг нь ч олсон. Жижигхэн зах зээл дээр ажилладаг атлаа яаж тийм их капитал хуримтлуулж чадсан нь сонирхол татаж байна гэжээ.

-О.Дерпискагийн бие төлөөлөгч гэх буриад эмэгтэй Монголд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэрээр Женко Х.Баттулгатай Бээжинд хэдэнтээ нууцаар уулзжээ. Тэд Х.Баттулгыг хүсэл, амбиц ихтэй, гол нь монголчуудыг дотроос нь хагалж чадах хүн гэж тооцсон бололтой. Оросын олигарх түүнд санхүүгийн дэмжлэг амалжээ. Оросууд “Сентрал Азиа Майнинг” компанид хөрөнгө оруулж, түүний зарим хувийг худалдаж авахаар тохирсон бололтой.

-О.Дерпискагийн “Союз” банк Хадгаламж банкны тендерт амжилтгүй оролцсон юм. Одоо тэрээр ХХБ, Эрдэнэтэд барих катодын үйлдвэрийг сонирхож байна. Х.Баттулга түүнд дуулиан шуугианд өртөхгүйгээр бага багаар туслахаар болсон.

-Х.Баттулга Шивээ-Овоогийн ордын лицензийг цуглуулах даалгавар авсан бололтой байдаг.

-С.Собянин Ханты-Мансийн автономит тойргоос их улс төрд орсон. Түүний анхны хандивлагч нь “Сибнефть”-ийн Р.Абрамович байсан бөгөөд түүний мөнгөөр Кремлийн албанд орж амжсан. Хуучин түнш нь “Сибнефть”, “Газпром”-ыг худалдсанаас хойш С.Собянин аажмаар түүнээс холдож шинэ эзэн болох О.Дерпискагийн ивээлд орсон. Түүний айлчлалын гол зорилго нь Эрдэнэтийн 49 хувийг “Базовый элемент”-д шилжүүлэхийг ятгах явдал байв. Энэ бүтэхгүй бол 1,5 тэрбум ам.долларт хүрээд байгаа Монголын гадаад өрийг Дерписка Парисын клубын зарчмаар худалдаж авах төлөвлөгөө ч бий аж. Нэг сайхан өдөр Дерписка цуглуулж авсан өрөө Монголоос нэхэхэд л эдийн засгийн хавханд хавчуулснаа монголчууд мэднэ гэж тооцоолжээ.

Хэрэв монголчууд эв нэгдэлтэй байж чадахгүй бол буцаад л түүхий эд нийлүүлэгч хавсрага, колони орон болоход ойрхон байгааг сайтын мэдээнд сануулсан байна. О.Дерписка нь Оросын мафийн загалмайлсан эцэг М.Черныхийн шавь явсан, хожим өрсөлдөгч нь болжээ. М.Черных өдгөө “Русал” компанийн 20 хувийг нэхэмжлэн Лондонгийн шүүхэд хандаад байгаа агаад 12 тэрбум ам.доллараар түүнийг үнэлжээ.

Хаанаас

http://www.news.mn/news?section=news&page=show&content=news&id=5740

No comments: