Улаанбаатар хотын утаа жилээс жилд нэмэгдсээр байна. Өнгөрсөн жилд утаагүй болох талаар ярьсаар ирсэн боловч өнөөдөр багассан зүйл алга. Энэ талаар Нийслэлийн байгаль хамгаалах газраас гаргасан судалгааг үзлээ.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс ялгаран гарч буй утаа нь хүний амьсгалах түвшинд ойр зайд буюу хоёр метр өндөрт цацагддаг бөгөөд түүний найрлагад амьсгалын замын цочмог болон архаг өвчин, харшлын эмгэг үүсгэх, элэг, бөөр, уушгийг гэмтээх, зүрх судас, мэдрэл сэтгэхүйн системийн эрхтний үйл ажиллагааг алдагдуулах, амьсгал боох, хорт хавдар үүсгэх үйлчилгээтэй нүүрстөрөгчийн исэл, азотын исэл, нүүрс устөрөгч, хүхэрлэг хий, хар тугалга зэрэг 200 гаруй төрлийн хорт бодис байдаг.
Улаанбаатар хотын зарим хорооллын агаар дахь бохир бодисын агууламжийн явцаас харахад Толгойт, Баянхошуу, Сүхбаатар дүүргийн долоо, аравдугаар хороо, Яармаг, Зурагт орчмын агаарын бохирдол хотын бусад хэсгээс харьцангуй их, хүхэрлэг хийн агууламж мөн л их хэмжээгээр байдаг байна.
Утаанд хүүхэд бүр илүү хорддог
Хүүхэд агаарын бохирдолд маш их мэдрэг, насанд хүрсэн хүнтэй харьцуулахад хурдан амьсгалж биеийн нэг кг жиндээ амьсгалаар авах хортой бодисын хэмжээ илүү байдаг нь тэдний уушиг агаарын бохирдолд илүү өртдөг байна. Нөгөө талаас хүүхэд хөдөлгөөн ихтэй учир амаараа амьсгалдгаас агаарын хор нь хамраар шүүгддэггүй нь тэдний хөгжиж гүйцээгүй уушигны эд, эсийг гэмтээх магадлал өндөр гэж үздэг байна.
Улаанбаатар хотод хүүхдийн нийт өвчлөлд агаарын тоос хамгийн их буюу 38.3 хувь, нийтдээ бохирдуулагч хүчин зүйлс 43.1 хувь болдог. Судалгаагаар хүүхдийн амьсгалын эрхтний өвчлөлт агаарыг бохирдуулагч хүчин зүйлийн үзүүлэх нөлөө 93.7 хувь, хүүхдийн бронхитын өвчлөлд агаарын бохирдол 91 хувиар нөлөөлж байгаа судалгаа байна.
Манай орон жилд 8.2 сая тонн нүүрс олборлож ашигладгаас 5.2 сая тонн нь Улаанбаатар хотод тээвэрлэгдэн ирж утаа болдог.
Үүнээс 3.6 сая тонныг дулааны цахилгаан станцууд, нэг сая тонн илүү нүүрсийг бага оврын халаалтын зуух, 600 мянган тонн нүүрсийг гэр хорооллын айл өрхүүд хэрэглэж байна гэсэн тооцоо гарсан байна. Нийслэлийн есөн дүүрэгт бага болон дунд оврын нам даралтын зуух 1378, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ердийн зуух 128100, дулааны цахилгаан станц гурав, тээврийн хэрэгсэл 92706 байна. Үүнээс гадна хотын агаарыг бохирдуулахад хувь нэмрээ оруулдаг тоосгоны үйлдвэр 19, хайрганы үйлдвэр 32, арьс шир боловсруулах үйлдвэр 76, автомашин засварын газар 314, асфальтын үйлдвэр дөрөв, шатахуун түгээх газар, нефть хадгалах агуулах 166 байна.
Нийслэлд Багануур, Налайх, Алаг толгойн нүүрсийг голдуу хэрэглэж байгаа бөгөөд эдгээр нүүрсэнд хүний биед хортой олон төрлийн бодис агуулагдаж байдаг. Өглөө бүр хотыг битүү хучсан энэ их утаанд мөнгөн ус, хар тугалга ч хүртэл байдаг гэнэ. Нүүрснээс жилд дунджаар силициум 134.81 тонн, мөнгөн ус 0.0038 тонн, хар тугалга 0.086 тонныг агаарт цацаж бидний уушиг хүрээлэн байгаа орчинд шингэдэг гэсэн үг. Эдгээрээс хавдар үүсгэгч нь кадми, хар тугалга, мөнгөн ус, никель, диоксин зэрэг найман төрлийн бодис харшлын өвчлөлд хром, мөнгөн ус, зэс, никель, бериллм зэрэг бодисууд байдаг аж.
Д.Одонцэцэг
From:
http://news.gogo.mn/r/15607#goh_header_table
No comments:
Post a Comment