Москвагийн гриппээр өвчилсөн Ерөнхий сайд С.Баяр найман тэрбум ам.долларын үнэтэй Асгатын мөнгөний ордыг Монгол, Оросын тал хамтран эзэмших хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-Д өргөн барьж, хэлэлцэж эхэллээ.
Ерөнхийлөгчийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугарын зөвшөөрлөөр "Монголросцветмет" нэгдлийн ерөнхий захирал О.Эрдэнэ Асгатын мөнгөний ордыг Оросын "Полиметалл"-тай хамтран эзэмших гэрээ байгуулсан. Гэтэл уг гэрээг иргэний хөдөлгөөнүүд болон эх оронч сэтгэлтэй хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчид Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, ард түмэнд ашиггүй болсон хэмээн үзэж хүчтэй эсэргүүцснээр тухайн үеийн Ерөнхий сайд М.Энхболдын Засгийн газар эх оронч шийдвэр гаргаж "Полиметалл"-тай хийсэн гэрээг цуцалсан билээ. Мөн уг гэрээг байгуулахад гар бие оролцож, ард түмний эрх ашгийг уландаа гишгэсэн Д.Сугар, О.Эрдэнэ нарт хариуцлага тооцох үүрэг ч өгсөн байдаг. Гэвч угхариуцлага тооцох асуудал нь салхинд хийсч, эх орныхоо баялгыг наймаалагчид гэмшсэн шинжгүй явах болсон. Үүгээр ч зогсохгүй харийнхантай нийлэн төр засгаа дарамтлах болсон гэдэг. Тэдний "заллага"-аар ирсэн гийчид Асгатын мөнгөний ордын тухай байнга хөндөж, сүүлдээ Лондонгийн шүүхэд өгнө хэмээн их сүрээр далайлгаад амжсаныг ард түмэн тод санаж байгаа.
Дээрх гэрээг цуцалсан нь М.Энхболдын Засгийн газар огцрох хөшүүрэг болсон. Харин Ерөнхий сайд С.Баяр уг гэрээг зүсийг нь хувиргаж УИХ-д дахин тавьж эхэллээ. Монголчууд Асгатын мөнгөний ордыг олон улсын тендергүйгээр "Полиметалл"-д өгөх ямар өртэй юм бэ. Хэрэв Асгатын мөнгөний ордыг ашиглах тендерийг олон улсын хэмжээнд зарлаж, үүнд "Полиметалл" ялбал ард түмэнд дургүйцэх шалтгаан байхгүй.
Уг ордын талаар шуугиж эхлэх үед өдөр тутмын нэгэн сонинд "Асгатын мөнгөний орд их өрөнд ивлаа" хэмээн нийтлэгдэж байсан.
Одоо өрнөж байгаа үйл явдлыг ажиглахад энэ нь батлагдаж байна. Их өрийг 2003 оны сүүлчээр шийдэх үеийн байдлыг эргэн санацгаая. Их өрийг тэгэлэхэд хөөрцөглөсөн түмэн минь халаасаа сэгсрэн байж баярын шампанск авч буудуулсан. Энэ үед Ерөнхий сайдаар Н.Энхбаяр, Сангийн сайдаар Ч.Улаан, ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдаар С.Баяр, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ч.Хүрэлбаатар, Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөр Ё.Отгонбаяр нар ажиллаж байв.
Тэгвэл эдгээр хүн одоо ямар өндөр сэнтийд тухалсныг харцгаая. Ерөнхийлөгчөөр Н.Энхбаяр, Ерөнхий сайдаар С.Баяр, Сангийн сайдаар Ч.Улаан, Түлш, эрчим хүчний сайдаар Ч.Хүрэлбаатар, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ё.Отгонбаяр томилогдож, суга дэвшжээ. Өөрөөр хэлбэл, их өрийн бригад төрийн толгойд гарсан байна. Энэ бүхнийг тохиолдол гэж үзэх үү. Ч.Хүрэлбаатарыг нүүрсний асуудал эрхэлсэн сайд болгох гэж хоёронтоо зүтгүүлж, Ч.Улааныг Сангийн сайдаар байс хийгээд л томилох шаардлага бий гэж үү.
С.Баяр Ерөнхий сайд болохдоо анх удаа ард түмнийхээ өмнө инээмсэглэв. Түүний царайд баярын мишээл тодорч, хацар нь туяарч байлаа. Тэрбээр цээжиндээ байсан бул хар чулууг аваад хаячихсан юм шиг харагдаж байлаа. Тэр Ерөнхий сайд болсноос хойш төгөлдөршил, атрын гуравдугаар аян зэрэг сайхан зүйлээ ярьж, хаа явсан газраа уучлал гуйж явдаг болсон. Гэтэл тэр үүгээрээ хөшиг хийн, ард түмний анхаарлыг өөр зүйл сатааруулчихаад араар нь Асгат, Таван толгойн орд газрыг Оросод өгөх бузар санаархлаа хэрэгжүүлж байгаа юм биш биз. Иргэний хөдөлгөөний нэгэн удирдагч С.Баярыг чийгийн улаан өт гэж нэрлэж, наранд гаралгүйгээр үйл хэргээ гүйцэлдүүлдэг хэмээн хэлсэн. Оросын олигархиуд манай томоохон орд газруудыг сонирхдогоо нуудаггүй. Тэгвэл энэ сонирхол нь "чийгийн улаан өт"-ийг наранд гаргахад хүргэв үү. Монгол Улс Москвагаас хамааралгүйгээр 17 жилийн турш явж ирсэн. Гэтэл С.Баяр төрийн өндөр суудалд заларснаас хойш Москвагийн гриппээр Монгол Улсыг дахин өвчлүүлж мэдэх нь.
Гэвч энэ бүхний эсрэг зогсох хүчин байгаа гэдэгт найднам. УИХ дахь Ардчилсан намын зөвлөл, М.Энхболдын Засгийн газарт ажиллаж байсан УИХ-ын гишүүд Асгатын мөнгөний ордыг "Полиметалл"-д өгөхгүй гэдэгт ард түмэн итгэж байна. Ард түмэн уг ордыг "Полиметалл"-д тендергүйгээр өгөхөд хэн нь кноп дарах вэ гэдгийг анхааралтай ажиглаж сууна. Хэрэв найман тэрбум ам.доллараар үнэлэгдэх улсын баялгыг Оросын талд өгөхөөр санаархсан гишүүд саналаа нэмэрлэвэл тэдэнд итгэх ард түмний итгэл ирэх сонгуулиар алдарч мэдэх юм.
Г.Батзориг
From:
http://news.gogo.mn/r/15707#goh_header_table
No comments:
Post a Comment