Friday, January 11, 2008

Газар нутгииг минь гадаадынхан Хонконгийн бирж дээр арилжиж байна

Энд бид архины хордлогын талаар шуугиж, мэргэжлийн хяналтын газрын Батбаатарыг хална, халахгүй гэсэн ядмагхан улс төрөө дэглэж байх зуур эх орны минь уул нугыг хятадууд Хонконгийн бирж дээр худалдаж байх юм. Хэрвээ та итгэхгүй байгаа бол www.mongolia-energy.com сайтыг одоохон нээгээд үз. Тэр сайтад Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь Хөшөөтийн нүүрсний уурхайн талаар дэлгэрэнгүй танилцуулаад, хувьцааг нь арилжиж мөнге олж байгаа үйл явцыг та үзэх болно.


Хятадууд "Монголиа Энержи" ХК гэгчийг байгуулаад өөрсдийгөө эзэд нь гэж зарлаад товч намтраа зурагтайгаа тавьж, Монгол Улсын Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас авсан хайгуулын болон олборлолтын лицензийг хүчинтэй хугацаатай нь сурталчилж байгаад мөнгө тоншиж байгаа нь тэр. Тухайлбал, "Манай компани Монгол Улсын баруун хэсэг буюу Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг. Хөшөөтийн уурхай Хятадын Шинжаан мужаас 310 км зайд оршдог, 34000 га газрыг хамардаг нүүрсний томоохон орд юм. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй бөгөөд яаралтай хувьцаа худалдан авсан тохиолдолд ашиг олно. Мөн Шинжаанаас Хөшөөт рүү темөр зам татах учир хөрөнгө оруулагч хайж байна.

Юуны өмнө 40 сая юаний хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа" гэх мэтээр бичжээ. Тэгэхээр "Монголиа Энержи" компанийн хувьцаа Хонконгийн хөрөнгийн бирж дээр 0276 кодоор арилжаалагдажбайгаа бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн хаалтын ханш нь 6.80 хонконг доллар байна. Олборлолтын лицензүүд нь гэхэд л 1640А, 4322А, 6525А, 11887А, 11888А, 1414А 11889А, 11890А гэсэн дугаартай байх юм. Нийт олборлолт хийх талбай нь 34,265 га газар байна.

Лицензийн хүчинтэй хугацаа 70 жилээр олгогдсон бөгөөд хамгийн сүүлд гэхэд 2007 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр олгосон байх юм. Ингэж л Монголын газар шороог хятадууд бирж дээрээ зарж, ашиг олж, эгээ л өөрийн өмч мэт дураараа дургиж байгаа нь энэ. Тэгэхээр Хөшеөтийн уурхайг яагаад ийн сэмхэн наймаалах болов. Энэ уурхай юугаараа бусдын анхаарлыг татсан тухай товчхон өгүүлье. Хөшөөтийн уурхай гэдэг нь Ховд аймгийн Сутай хайрхануулын арбэлд оршдог.

Анх 1967 онд оросуудын тусламжтайгаар хайгуул хийж 2,4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй хэмээн тогтоожээ. Гэвч нөөцийг нь бүрэн тогтоож чадаагүй бөгөөд илрээд байгаа нь л энэ болохоос цааш нь хайгуул хийвэл 3,4-4,4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй хэмээх таамаглал бий аж. Гэтэл дэлхийг шуугиулж буй Өмнөговь аймаг дахь Тавантолгойн нүүрсний орд газар 6,5 тонн нүүрсний нөөцтэй гэж байгаа. Тэгэхээр Хөшөөтийн уурхай манай улсын хоёр дахь томоохон нүүрсний орд байж таарах нь. Гэтэл Стартегийн ордын жагсаалтад эл уурхайн нэр байхгүй. Хайгуул нь улсын нөөцөөр хийгдчихсэн асар их нөөцтэй орд газрыг мэдэлгүй Стратегийн орддоо тооцолгүй үлдээнэ гэдэг юу л бол. Тэгэхээр энд сэжиг бүхий хоёр эрхмийн нэр заавал дурдагдах учиртай болоод байна.

МАХН дангаар төр барьсан он жилүүд буюу 2000-2004 онд Байгаль орчны сайдаар ажиллаж байсан У.Барсболд, М.Энхболдын Засгийн газарт мөн яамны сайдаар ажилласан И.Эрдэнэбаатар нарыг энд хардах үндэслэлтэй юм. Учир нь энэ хоёр сайд хоёулаа Ховдын Цэцэг сумынх харьяат бол хоёулаа Байгаль орчны сайдаар ажилласан. У.Барсболдын хувьд өнгөрсөн зун баахан канадчууд дагуулчихсан Хөшөөтөөр очсон бөгөөд тэднийгээ хөрөнгө оруулагчид хэмээн танилцуулж байсныг нутгийн зарим хүн гэрчилж байна. Баялаг нөөцтэйг нь мэддэг атлаа Стратегийн ордод оруулалгүй авч үлдээд хятадуудад лицензийг нь зарж цааш нь борлуулах боломжийг олгосон хүн бол эрх мэдэл бүхий этгээд байх нь лавтай.

Ганцын ширхэг огцорсон сайд дангаараа энэ ажлыг хийж чадахгүй нь мэдээж. Тиймээс Стратегийн орд газруудыг нэрлэж заасан Үйлдвэр, худалдааны яамны тодорхой албан тушаалтнууд үүнд холбогдох нь гарцаагүй. Мөн төрөөс зуун хувийн хөрөнгө оруулалттай байгуулагдсан "Эрдэнэс МGL" энэ тухай мэдэж байгаа болов уу. АМХЭГ энэ талаар ямар тайлбар хийх нь бас сонирхол татна. Лиценз олгосон он, сар,өдрүүдийг ажвал 2004 оны арванхоёрдугаар сарын 17, 20-нд хайгуулын 8976Х, 8994Х лицензийг есөн жилийн хугацаатайгаар олгожээ.

Тэр үед Үйдвэр, худалдааны сайдаар одоогийн "Эрдэнэт" үйлдвэрийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ч.Ганзориг ажиллаж байсан билээ. Харин дараагийн олборлолтын зургаан лицензийг 2006 онд Б.Жаргалсайхан гишүүнийг Үйлдвэр, худалдааны сайдаар ажиллаж байх үед олгогджээ. Харин 2007 онд лиценз тус бүрийг 70 жилийн хугацаатайгаар олгосон байх бөгөөд энэ хугацаанд Б.Жаргалсайханы "өв залгамжлагч" Ц.Даваадорж ажиллаж байсан. Он тооллын хэлхээсийг харвал хэн хэн сайдын үед лицензүүдийг олгож байсан нь тодорхой байна. Энэ сайдуудаас эхэлж хариуцлага нэхвэл хэргийн эзэн баригдах магадлал өндөртэй.

"Монголиа Энержи" компанийн Монгол дахь төлөөлөгчийн газарт ажилладаг гэх тав зургаан хятад залуу "хамер" жип уначихаад баахан хамгаалагч дагуулчихсан сүр бараатайхан явдаг талаар ч мэдээлэл байна. Тэд Энхтайваны гүүрний баруун талд орших өндөр шилэн барилгад байр түрээсэлдэг бололтой. Өөрсдийгөө манай улсад 100 хувийн хөрөнгө оруулж байгаа сүрхий амьтад болгон тайлбарладаг гэнэ. Гэтэл үнэн хэрэгтээ тусгаар тогтносон Монгол Улсын газар нутгаас хэлтэлж аваад хаа байсан Хонконгийн бирж дээр арилжаалж байгаа "хулгайн анчид" төдийхөн. Уул шиг их мөнгөтэй ямар ч баян хятад миний эх орныг хэлтэлж хуурайлж зарах эрхгүй билээ.

Мөнгө хараад төрсөн эхцйгээ ч худалдаж мэдэх сайдуудын балгаар бурхнаас ч харамлаж байх газар нутгаа нэг л өдөр бүрмөсөн алдсан байвал яана. Тиймээс монгол ахан дүүс минь юун архины хордлого, цаана чинь газар нутгийг минь Хонконгийн бирж дээр арилжаалж байна шүү.

Л.МӨНХБАЯСГАЛАН

Хаанаас: http://www.news.mn/news?section=news&page=show&content=news&id=6089

No comments: