Wednesday, January 16, 2008

А.Мурат: Асгатыг өөрсдөө ашиглахад технологийн хүндрэл байхгүй

-Тэнд туршилтын, дунд оврын баяжуулах үйлдвэр байгуулахад болоод л явчихна-

Асгатын мөнгөний ордын хувь заяаны талаар УИХ-ын гишүүн А.Мурат Засгийн газраас өөр байр суурьтай байна. Мөн түүнийг тойргийнхоо сонгогчдод баталгаагүй архи илгээхээр зэхээд байсныг хураасан гэсэн мэдээлэл түгсэн юм. Энэ талаар өөрөөс нь тодруулав.

-Асгатын мөнгөний ордыг сайн мэдэх хүний хувьд түүнийг эзэмших талаар та ямар бодолтой байгаа вэ?
-Би олон нийтийн байгууллагын шугамаар Тайланд зэрэг орноор долоо хоног яваад өчигдөр /уржигдар/ орой ирлээ. Энэ хооронд Засгийн газраас Асгатын ордын 50 хувийг төрийн мэдэлд авч, 50 хувьд нь "Полиметалл"-тай гэрээ хийх асуудал оруулж ирсэн байна. Би хувьдаа үүнийг дэмжихгүй. Би өөрөө Асгатад ажиллаж байсан, ажлын анхны гараагаа тэндээс эхэлсэн хүн. Асгатыг гаднын хөрөнгө оруулалтгүйгээр манайх өөрөө ашиглах 100 хувийн боломжтой. Тийм их том орд биш шүү дээ. Урьд нь гаднын туслалцаагүйгээр өөрсдөө хайгуул хийж ордыг илрүүлээд, олборлолт хийгээд сая тонн хүдэр гаргачихсан. Одоо хажууд нь бэлэн байна. Технологийн айхавтар хүндрэл байхгүй. Оюутолгой, Тавантолгой шиг биш. Тэнд бол гаднын хөрөнгө оруулалт шаардлагатай.

-Дотоодоосоо хөрөнгө оруулалт хийх боломжтой гэж та үзэж байна уу?
-Худалдаа, үйлдвэрийн шинэ сайдыг томилогдож байхад би хэлж байсан. "Болдог бол Эрдэнэтээс хөрөнгө оруулах боломж хайгаач. Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийг жижиг уурхайнуудад хөрөнгө оруулалт хийдэг толгой үйлдвэр болгооч. Ийм бодит нөхцөлийг судлаач" гэж хэлж байсан. Асгатад туршилтын, дунд оврын баяжуулах үйлдвэр байгуулахад болоод л явчихна. Мөнгөний үнэ маш өндөр болчихлоо. Нэг унц нь долоо, найман мянган төгрөг байна. Гаргаад бэлтгэчихсэн хүдрийг баяжуулаад концентрац гаргачихсан байхад үйлдвэрийнхээ үнийг олоод авчихна. Өөрсдөө хийж чадах юмаа өөрсдөө хийе л дээ. Тэнд ажиллаж байсан боловсон хүчин нь байж байгаа шүү дээ. Туршилтын журмаар, 1990 оны үед өөрсдөө нэг тонн мөнгөний концентрац гаргаж байсан. Энэ инженерүүд байж л байна.

-Та эзгүй хойгуураа тойрогтоо хэдэн авдар баталгаагүй архи "шахах" гэж байгаад баригдсанаа мэдсэн үү?
-Харин тийм. Сонгууль дөхөөд ирэхээр хүмүүст бодож сэтгэхгүй юм гэж алга. Хүний мууг үзэх дуртай хүн олширсон байна. Би өөрөө архи хэрэглэдэггүй, архины бизнесээс цээрлэдэг хүн. Архи ямар ч байсан хүнд сайн зүйл авчрахгүй. Ийм хүнд архины хэрэг нааж байгаа нь эмзэг санагдсан.

-Танай аймгийнхан шашныхаа жаягаар ч архи хэрэглэдэггүй байх аа?
-Тийм шүү дээ. Баян-Өлгийд баасан гаригт архи худалддаггүй. Энэ бол Монголын хуульд байхгүй зүйл. Шашны онцлог ч бий. Архи бэлэглэх гэдэг ойлголт ч байхгүй. Наурызийн баяраар айхавтар их бэлэг сэлт зэхдэггүй. Архийг хэрэглэдэггүй.

-Тэгээд та яагаад архитай холбогдчихов?
-"Сэрүүлэг" сонин санал асуулгаар шалгарсан төрийн түшээдээр календарь гаргаж тойргуудад нь тараасан юм билээ. Миний тойрог дээр очсон календарь нь "Миний нутаг Баян-Өлгий" гэсэн нэртэй. Гайтай юм шиг тийм нэртэй архи бас байдаг юм байна. Тэр хоёрыг улс төр сонирхдог зарим нөхөд холбосон шиг байна. Түүнд би нэг их санаа зовохгүй байгаа. Манай тойргийнхон миний ганц үздэггүй юм бол архи гэдгийг сайн мэднэ. Мэргэжлийн хяналтынхнаас ч энэ тухай мэдэж байгаа хүн алга.

Хаанаас
http://www.news.mn/news?section=news&page=show&content=news&id=6361

No comments: