Wednesday, January 16, 2008

“БНМАУ-ын төлөө зүтгэе” кино үзэгчдийг байлдан дагуулж байна

“Тэнгис” кино театрын дэлгэцнээ гарсан энэ оны эхний бүтээл болох “БНМАУ-ын төлөө зүтгэе” кино үзэгчдийг байлдан дагуулж байна. Хуучны жинтэй уран бүтээлүүдийг санагдуулсан, түүхэн сэдэвт энэхүү киног кино шүүмжлэгчид өндрөөр үнэлж байгаа гэнэ.


Монгол Улсын тусгаар тогтнох түүхэн хэцүү цаг үед болсон үйл явдлуудаас сэдэвлэн хийсэн уг кинонд эх орны тусгаар тогтнол эмзэг, хэврэг байсан үед үзэл бодол, итгэл үнэмшилдээ үнэнч, жинхэнэ эх орончид өөрсдөө хэлмэгдэн амь насаа алдаж байсан тухай өгүүлдэг. Тухайн үед жинхэнэ эх орончид гадна зүсээ хувирган сэтгэл буруулсан өөдгүй этгээдүүд ч олноор нуугдаж байсныг уг кинонд “Бурхан төрөхийн өмнө буг төрдөг” хэмээх их аграмбын үгээр илэрхийлсэн гэж хэлж болно.

“БНМАУ-ын төлөө зүтгэе” кино нь хайртай, дотно бүх хүмүүсээ алдсаны эцэст хувь заяа, дотоод сэтгэлийн зөрчил тэмцэл нь өөрийг нь хэлмэгдүүлж байгааг ойлгож буй Дарамбалсангийн дүрээр илэрхийлэгддэг. Мөн түүний эргэн тойрон дахь хүмүүсийн дүр ч тухайн цаг үеийн хүнд хэцүү байдлыг ил тодоор өгүүлэхэд дөхөм болжээ. Киноны гол баатар Дарамбалсан өөрийн чин үнэнчээр итгэсэн коммунист үзэл санаа, эх орны тусгаар тогтнолын төлөө аргагүйн эрхэнд хамгийн эрхэм дотно андыгаа ч гэсгээн цээрлүүлдэг. Энэ үед холын аймагт нэгэн хувилгаан төрж, ард олны сэтгэлийг үймрүүлж, хувьсгалт засгийн эсрэг бослого дэгдээх гэж байгаа тухай мэдээлэл дотоодыг хамгаалах яаманд ирж, энэ аюулыг таслан зогсоох даавгаврыг шилдэг чекист Дарамбалсанд даалгадаг юм.

Өөрийн дотны найзаа өөрийнхөө гаргасан тушаалаар цаазаар авсандаа сэтгэлийн гүн шаналалтай байсан Дарамбазар эсэргүүний ар гэр хэмээгдэн ажил, сургуулиасаа хөөгдөж, зовж яваа найзынхаа гэргий гэргий болон өнчин хүүг нь асран тэжээхээр шийдэж, хөдөө нутагт дагуулан явна. Хөдөө нутагт ирж байдлыг газар дээр нь судлах явцдаа Дарамбалсан үнэхээр хувилгаан төрж, ард олныг амар амгалан болгоно гэдэгт бат итгэсэн эгэл хүмүүсийг нүдээр хардаг. Энэ даалгаврыг биелүүлэх явцад түүний багт найзыг нь хилсээр гүтгэн хороолгосон өөдгүй этгээд байсныг эцсийн мөчид олж мэддэг. Харамсалтай нь, түүний хайртай бүсгүй, найзынх нь гэргий Дүүрэнжин үнэн мөнийг олж мэдэж чадалгүй, Дарамбалсанг өөрийнх нь нөхрийг санаатайгаар худал бичгээр гүтгэж алуулсан хэмээн бодож орхин явлаа.

Эх орныхоо төлөөх тэмцэлд найзыгаа, хайртай бүсгүйгээ, хүнд итгэх итгэлээ алдсан нь түүний хувьд хамгийн хүнд зовлон байв. Гэвч эцэст нь тэрээр нөр их зүтгэл гарган, эр хайсан мөнөөх хувилгаан нь өөрөө байсан гэдгийг мэдэх нь түүний туулсан амьдралын хамгийн гашуун үнэн байлаа. Ингээд Дарамбалсанд “хувилгаан” хэмээгдэж, ард олонд шүтэгдэж амьдрах уу, чин үнэнч зүтгэсэн коммунизмдаа үнэнч үлдэж, өөрийгөө илчлэх үү гэсэн эргэлзээ төрж эхэлдэг. Гэвч түүнийг эцсийн мөчид эх орныхоо төлөө гэсэн чин сэтгэл нь дийлж, хувилгаанаар тодорсноо илчлэн, өөрийгөө цаазлах ялын тогтоолыг өөрөө уншсанаар кино төгсөнө.

Хаанаас
http://www.news.mn/news?section=news&page=show&content=news&id=6357

No comments: