Оюутолгой, Асгат, Тавантолгойн орд газрууд олны анхаарлын төвд дахин орж ирлээ. С.Баярын Засгийн газар стратегийн чухал ач холбогдол бүхий уг орд газруудыг хэрхэн ашиглах төрийн бодлогын тулах цэгийг хатгах оролдлогыг тууштай хийж эхэлсэн нь үйл явдлыг ийнхүү дахин улаан шугамд авчраад байгаа юм.
Үндэсний баялаг болох уг орд газруудыг эргэлтэнд оруулахын тулд төр эхлээд бодлогоо боловсруулах учиртай. Гэхдээ үүний тулд нэгэнт эзэнтэй шахам болчихоод байсан Асгат, Тавантолгой, Оюутолгойтой холбоотой асуудлуудыг эргүүлж татан, эрх зүйн хувьд төрд төвлөрүүлэх шаардлага тулгарсан нь эхний босго байлаа. С.Баярын энэ алхмыг олон нийт талархан угтсан нь нууц биш. Тэгэхдээ өнөөдрийг хүртэл үндэсний эрх ашиг хөндсөн уг орд газруудад эзэн болж, тодорхой хэмжээгээр хөрөнгө оруулалт хийсээр ирсэн, ямар нэгэн байдлаар ашиглах санаачлага гарган ажиллаж өнөөг хүрсэн хөрөнгө оруулагчдад энэ талархал бас хамаатай нь үнэн юм. Ямартай ч эхний удаад С.Баярын Засгийн газар Асгатын асуудлыг шийдэж чаджээ. Засгийн газрын төвшинд гэдгийг онцолж хэлэх нь зөв биз.
Баян-Өлгий аймгийн нутагт оршдог, Оростой хил залгадаг Асгатын мөнгөний орд газрын лицензийг “Монросцветмет” эзэмшиж ирсэн бөгөөд хойд хөршийн “Полиметалл” компанитай хамтран ажиллахаар бодлого боловсруулж байсныг уншигчид мэднэ. Гэвч 75:25 гэсэн тоон харьцаа монголчуудын сэтгэлийг зовоож, Асгатыг тойрсон үйл явдлыг гацаанд оруулаад байсан билээ. Харин Монголын Засгийн газар дээрх тоон харьцааг 50:50 болгож чаджээ. Тодруулж хэлбэл “Монросцветмет” болон Монголын Засгийн газрын хооронд өрнөсөн хэлэлцээр амжилттай өндөрлөлөө хэмээн дүгнэж болно. Асгатын мөнгөний ордтой холбоотой саналаа Засгийн газар өнгөрөгч долоо хоногт УИХ-д оруулсан талаар мэдээлэл ирэв. Тэгэхээр Асгат УИХ-ын шийдвэрийг хүлээж, ингэснээрээ энэ орд газрыг ашиглах ажил нэг алхам урагшилжээ.
Тавантолгойн нүүрсний орд газар эдүгээ хэлэлцээрийн төвшинд уяатай байгаа. Үйлдвэр, худалдааны сайд Х.Наранхүүгээр ахлуулсан ажлын хэсэг болон “Энержи ресурс” компаниудын хооронд гурав дахь хэлэлцээр хэдийнэ хийгдээд байгаа. “Энержи ресурс” М.Энхболдын Засгийн газрын үед тохиролцсон 86:14 гэсэн хувилбар дээр зогсч буйгаа нэг бус удаа мэдэгджээ. Монголын Засгийн газрын байр суурь өнөөг хүртэл тодорхойгүй байгаа нь хэлэлцээрийн явцад төвөг учруулж байгаа бололтой. Хэдийгээр хоёр тал тохиролцоонд хүрч чадаагүй боловч ойлголцох боломжтой гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрч буй нь олзуурхууштай. Тавантолгойг эргэлтэнд оруулах төрийн бодлогоо боловсруулж байж дараагийн асуудлаа шийдэх гэж мэрийн байгаа Засгийн газрыг энд буруутгах утгагүй.
Өнөөдрийг хүртэл Тавантолгойд хөрөнгө оруулж, судалгаа хийн төсөл боловсруулсаар ирсэн “Энержи ресурс”-ынхны байр суурийг хүндэтгэх нь байх ёстой гарц. Хоёр талын хэлэлцээр цаашид хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй байгаа боловч эцсийн үр дүн нь үндэсний эрх ашигт нийцэж байх учиртайг хаа хаанаа бодолцох учиртай. Тавантолгой дахь монголчуудын оролцоог тодотгохыг хичээж байгаа “Энержи ресурс” энэ итгэлээ хэлэлцээрийн явцад баталгаажуулахыг хүсч байгаа аж.
Оюутолгойн тогтвортой байдлын гэрээ мөн л төрхөмдөө буцаж, 50:50 гэсэн хувилбарыг Засгийн газраас гаргаж тавьсаар байна. Хөрөнгө оруулалт нь хийгдээд эхэлчихсэн гэдэг утгаараа Тавантолгой, Оюутолгойн хувьд хэлэлцээр сунжирч, хоёр тал тохиролцоонд хүртлээ төөрөлдөхийг үгүйсгэхгүй. Нэгэнт зогсоолоосоо хөдөлчихсөн галт тэрэгний асуудал яригдаж байгаа ийм тохиолдолд Засгийн газрын зүгээс илүү уян хатан хандах шаардлага тулгарч байж болох юм.
Ялангуяа Тавантолгойн хувьд өмнөх Засгийн газрын байр суурийг хүндэтгэх, үүгээрээ төрийн залгамж чанарыг эрхэмлэх нь байх ёстой нэг учиг. Учир нь хэлэлцээр монголчуудын хооронд явагдаж байгаа. Юутай ч Асгат УИХ-ын шийдвэрийг хүлээж, Тавантолгой хэлэлцээрийн төвшинд “дуншин”, Оюутолгой ойлголцлын эхний шатыг харзнан “угтах танхимд” хүлээж байна.
Хаанаас
http://news.gogo.mn/r/15030#goh_header_table
No comments:
Post a Comment