“Энержи ресурс” консорциумын Удирдах зөвлөлийн дарга Ж.Оджаргал, Тавантолгойн асуудлаар Засгийн газраас томилсон ажлын хэсгийн ахлагч, Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү нар хэлэлцээрийн ширээнд нүүр тулан ярилцах болсоор лавтай хагас сарын хугацаа өнгөрч байна. Өнгөрөгч оны сүүлчийн өдрүүдэд хоёр талын анхны хэлэлцээр эхэлсэн. Гэвч он дамжин үргэлжилж буй энэ асуудал өнөө хэр нь тодорхой шийдвэрт хүрээгүй байна. Тавантолгой бол Азид төдийгүй дэлхийн анхаарлыг татсан асар том ач холбогдол бүхий орд газар.
Энд нэг хоёр жилийн бус, хагас зууны турш ашиглан үр өгөөжийг нь хүртэх стратегийн орд газрын асуудал яригдаж байгаа. Энэ утгаараа Монголын Засгийн газар болон “Энержи ресурс” консорциумын хооронд өрнөж буй уг хэлэлцээрийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид анхааран ширтэж байна. Өнөөдрийг хүртэл хоёр тал дөрвөн ч удаа уулзаж ярилцаад байгаа хэр нь ямар нэгэн үр дүнд хүрсэнгүй. Шулуухан хэлэхэд “Энержи ресурс” буюу үндэсний компаниудын байр суурь Засгийн газраас тулгаж буй бодлоготой зөрөлдсөөр байгаа юм. Энд ямар шалтгаан байгааг бодит байдал дээр тодорхойлох гэж оролдъё.
600 орд газрын хувь заяа
Тавантолгойн орд газрыг 100 хувь төрийн мэдэлд төвлөрүүлэх Ерөнхий сайд С.Баярын санаачлагыг бизнесийнхэн тун цочирдсон байдлаар хүлээж авсан нь үнэн. Үүнийг Ж.Оджаргал нуусангүй. Ашигт малтмалын 600 орчим орд газрыг улсын төсвөөр хайгуул хийн илрүүлсэн байдаг талаар тэрбээр яриандаа онцлон дурдсан. Энэ орд газрыг эзэмшиж буй хүмүүсийн эрх ашиг Тавантолгойн ард давхар хөндөгдөж байгаа нь нууц биш. Үүнээс улбаалаад нэг бус үндэсний компанийн бизнесийн эрх ашиг, хувь заяа амьсгал даран түгшсэн өдрүүдийг үдэж байна.
Үнэндээ бол төрийн өмчөөр хайгуул хийж илрүүлсэн орд газар бүрийг 100 хувь өөртөө төвлөрүүлэх гэж оролдвол бидний унаж босон, хожиж хожигдон туулсан ардчиллын он жилүүд нуран унах нь маргах аргагүй бодит байдал юм. Харин ажлын хэсгийн ахлагч, Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү Тавантолгойн баялгийг хайж олоход төрөөс зарцуулсан зардлыг “Энержи ресурс” хэрхэн барагдуулж ирснийг сонирхож байна. Мэдээж, энэ бол байх ёстой асуулт. Гэхдээ, орд газрыг ашиглаж, бодит ашиг орж ирснээс хойш тооцоо дугуйлах учиртай асуудал болов уу. Хоёр талын хэлэлцээрийн нэг ойлгомжгүй зүйл нь энэ байлаа.
86:14 ба Үндэсний компаниудын байр суурь
Хоёр талын байр суурь хол зөрөөд байгаагийн шалтгаан нь 86:14 гэсэн энэ танил тоо. М.Энхболдын Засгийн газрын үед төрийн төвшинд тохиролцсон энэ тоон хуваарилалтыг С.Баярын танхимынхан зөвшөөрөхийг хүсэхгүй байна. Харин “Энержи ресурс” түрүүчийн Засгийн газартай тохиролцож, өнөөг хүртэл итгэл үнэмшил болгож ирсэн дээр хуваарилалтаас татгалзах тухай бодохыг ч хүсэхгүй байгаа.
Энэ байр сууриа Ж.Оджаргал нэг бус удаа илэрхийлсэн. Ажлын хэсгийн ахлагч Х.Наранхүү Тавантолгойг 100 хувь төрд төвлөрүүлэн, бодлогоо боловсруулах асуудлыг шамдуухан тавьсаар буй. Тэгэхээр үнэн хэрэгтээ энд “Энержи ресурс” буюу үндэсний компаниудад оногдож байгаа 14 хувийн асуудал л яригдаж буй юм. Үндэсний компаниудын зүгээс Засгийн газартай хийж буй хэлэлцээр, албан ёсны тохиролцоо, нэгдсэн шийдвэрийг төрийн төвшинд баталгаажуулна гэж Х.Наранхүү амласан. Гэвч үндэсний компаниуд тэдний энэ амлалтад итгэхгүй байна. М.Энхболдын Засгийн газарт эхлээд 50, дараа нь 36 хувийг нэмж өгөхдөө энэ тохиролцоо нь хууль ёсны баталгаатай шийдвэр гэдэгт “Энержи ресурс” итгэж байсан нь мэдээж. Тэгэхээр М.Энхболдын шийдвэрийг С.Баяр үгүйсгэж, С.Баярын хийсэн тохиролцоог өөр хэн нэг нь будаа болгоно гэж эмээхээс ч аргагүй. Үл итгэлцлийн энэ байдал нь хэлэлцээр гацаж буй бас нэг шалтгаан юм.
Гурван хувилбар
Ажлын хэсгээс гурван ч хувилбарыг үндэсний компаниудын тодотгол болж байгаа “Энержи ресурс”-д санал болгож буй. Энэ талаар Х.Наранхүү хэвлэлд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн нь бий. Тавантолгойд эзэмшиж буй хувь болон лицензийг нь төр авч, оронд нь өөр аль нэгэн орд газрыг өгөх эхний хувилбар байж болохыг тэрбээр үгүйсгэсэнгүй. Үүнээс гадна Тавантолгойг ашиглах бодлогыг тодорхойлсны дараа энэ үйл хэрэгт оролцох гадаад, дотоодын компаниудаас дутахааргүй боломжийг “Энержи ресурс”-д үлдээж болохыг ажлын хэсгийн ахлагч онцолж дурдлаа. Хамгийн муу хувилбар нь Тавантолгойг ашиглаж эхэлсний дараа “Энержи ресурс”-ын энэ төсөлд цацсан зардлыг нөхөн олговор маягаар эргүүлэн төлөх явдал. Гэхдээ зориуд хэлэхэд Засгийн газраас тавьж буй дээрх гурван өөр саналын аль аль нь бодит байдлаас дэндүү хол, бас үнэмшилгүй сонсогдож байгааг үгүйсгэмгүй. Магадгүй тийм ч болохоор Ж.Оджаргал 86:14 гэсэн хувилбар дээр баттай зогсч үлдэхээр шийдсэн байж болох. Энд өнөөх л итгэл үнэмшлийн асуудал хэлэлцээрийн сөрөг тал болон яригдаж байна.
Мөнгөний зөрчил ба зорилгын нэгдэл
Хэрэв анзаарсан бол хоёр талын аль аль нь Тавантолгойд зориулсан зардалтай холбоотой асуудлыг хөндөн тавьж байгаа. Засгийн газар Монголын төрөөс Тавантолгойн орд газрын эрэл хайгуулд зарцуулсан зардлын талаар хөндөн, энэ мөнгийг “Энержи ресурс” төлсөн үү хэмээн асууж байна. Гэтэл “Энержи ресурс” Тавантолгойг ашиглахын өмнөтгөл судалгааны ажилд зориулсан 8.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаа асуудал болгон тавьж буй юм. Ингэхээс ч аргагүй. Нөхцөл байдлыг дүгнэвэл хоёр талын аль аль нь мөнгө гаргасан. Гэхдээ нэг нь нөгөөгийнхөө эхлүүлснийг гүйцээх маягаар зардал гаргажээ.
Эндээс хэдийгээр мөнгө зардлын зөрчил харагдаж байгаа боловч Засгийн газрын эрэл хайгуул хийн эхлүүлсэн ажлыг “Энержи ресурс” судалгааны төвшинд зардал гарган үргэлжлүүлж, ингэснээрээ нэг зорилгын төлөө хэн хэн нь зогссоор ирснийг нотолж байна. Магадгүй, гаргасан зардлаа нэг нэгнээсээ нэхээд, талцаад суухын оронд хамтраад ажиллах боломж бас бий. Аль аль тал нь мөнгө гаргажээ. Бас хоёул ажил хийсэн байна. Энэ бол хоёр талыг нэг байр сууринд хүргэж болох адил үзүүлэлт. Нэг нь нөгөөдөө итгэхгүй, гаргасан зардлыг нь үл ойшоох төвшинд асуудлыг хурцатгаад суугаад байх нь төрийн болон бизнесийн ёс зүйд таарахгүй гэдгийг хэн хэн нь ухаарах учиртай.
Хэлэлцээр гацаанд орох уу?
Х.Наранхүү, Ж.Оджаргал нарын хэн хэн нь үүнийг үгүйсгэсэнгүй. Гэхдээ тэд хоёул хэлэлцээр гацаанд орвол хэн хэндээ ашиггүй гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Гацаанд орохгүй байж болох нэг хувилбар бий. Тэр нь ажлын хэсгийн ахлагч Х.Наранхүүгийн хэлсэн Тавантолгойд “Энержи ресурс”-ийн оролцоог бататгах явдал. Тэгвэл “Энержи ресурс” 14 хувиа авч үлдэх гэж мэрийж байгаа. Хоёр талын сонирхол энэ хувилбар дээр нэгдэж байгааг зөв ашиглаж, гарц болгон хувиргах хэрэгтэй байж ч болох.
Хоёр тал адилхан л зардал гаргасан. Адилхан цаг хугацаа зориулсан. Адилхан ашигтай бизнес хийж Тавантолгойг эргэлтэд оруулахыг хүсч байна. Тэгээд яагаад ойлголцож болохгүй гэж?
Засгийн газар Тавантолгойг ашиглахад “Энержи ресурс”-ийн оролцоог бататгах талаар ярьж байна. “Энержи ресурс” үүнийг л хүсч байна. Гэхдээ 14 хувь гэсэн агууламжийг авч үлдэх замаар асуудлыг шийдэх гэж мэрийж байна. Энэ тооны цаана Тавантолгой дахь үндэсний сонирхол, монголчуудын эрх ашиг нуугдаж байгаа гэдгийг ойлголцох л үлдээд байх шиг.
Р.Эмүжин
From:
http://news.gogo.mn/r/15362#goh_header_table
No comments:
Post a Comment