Thursday, January 10, 2008

Ордуудын хувь заяа шийдэгдэх мөч ойртож байна

Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулахаар зэхэж байна. Улсын хөрөнгөөр хайгуул хийсэн ордыг төр бүрэн эзэмших, хувийн компани оролцсон бол 51 хувийг засаг мэдэх тухай гол санаануудыг нэмэлт, өөрчлөлтөөр даруй шигтгэж өгөх бололтой. Энэхүү засварыг ард нийт дэмжих магадлал өндөр агаад харин хоёр ордын хувь заяаны төлөө Монгол Улсын Их хурал хуульдаа томоохон засвар оруулж буйгаас эмээх бизнесмэнүүд дотоод , гадаадад бас олширчээ.

Засгийн газраас томилсон Ажлын хэсэг болоод "Энержи ресурс"-ын тав дахь уулзалт хэлэлцээрийн ширээний ард хэдхэн хоногийн дараа дахин үргэлжилнэ. Гэвч тэрхүү хэлэлцээрт оролцогч нэг тал буюу Засгийн газрын байр суурь тун хатуу байж мэднэ. Үндэсний компаниуд Тавантолгойн ордын хувьцааг өнөөдөртөө эзэмшиж байгаа. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны эцэст "Энержи ресурс"-тэй ажлын хэсгийнхэн дугуй ширээнээ тойрон суугаад байх шаардлага үгүй болох билээ. Гарц олоод, хаалга саваад гарах хангалттай боломж төрд байгаа учир үндэсний компаниуд үнэндээ мухардалд орчихсныг тэмдэглэе. Тавантолгойн лицензийг хэдэн жил хадгалсныхаа төлөө тэдгээр компани засгаас их мөнгө нэхээд суучихсан мэт өрөөсгөл ойлголт нийгэмд түгсэн нь ч үнэнд нийцэхгүй юм.

Тавантолгой, Оюутолгой төслүүдээс Монголын эдийн засагт үзүүлэх үр өгөөжөөр хэлэлцээр, гэрээнүүдийн эцсийн чансааг тодорхойлно. Цаг хугацааны шүүлтүүр бидний өмнө байна. Юуны өмнө хоёр ордын хангалттай хувьцааг халаасандаа хийж байж зангарагтай дуугарахыг төр эрмэлзэж байна. Төрийн, хувийн эзэмшил холилдсон төлөөлөл Тавантолгойн лицензийг худалдах олон улсын тендер хамтран зарлавал төслийн харц булаах чанар суларна гэдэгт Ерөнхий сайд эргэлзэхгүй байна. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт хийх гээд зүтгээд байгаа эхний үндэслэл энэ. Ийм байр суурьтай маргах монгол хүн цөөн биз.

Тэгвэл төр ордуудын хувьцааны олон хувийг гартаа атгасны уршиг хоёр дахь шатанд гарч ирэхийг одоохондоо дурдах хүн цөөн байна. Тавантолгойн зуун хувийг, Оюутолгойн тал гаруйг өөртөө төвлөрүүлэхийн тулд эдгээр аварга бүтээн байгуулалтад төр хөрөнгө чинээ хандивлах учиртай. Чухам тэрхүү том мөнгөн дүнг хөрөнгө оруулагчаасаа тодорхой хугацаанд зээлэх тухайд монголчууд ямар ойлголттой байгаа билээ?

Уриалгахан зээлдэгч бидэнд олдох нь дамжиггүй. Харин зээлдэгчийн тавих аятайхан болзлууд нь ард түмний ордуудаасаа ашиг хүртэх гэсэн өдрийг чилийсэн он жилүүдэд өртөөлөн холдуулаад байна. Зээлийн өр, хүүгийн төлбөр, татварын хөнгөлөлттэй нөхцөл мөнөөх 100 болоод 51 хувийн ихээхэн эрх мэдлийн ард нуугдаж буйг өнгийж харахыг хүсье.

Түүнчлэн уриалгахан зээлдэгчийн нэр ус хэзээ хэрхэн өөрчлөгдөхийг монголчууд таашгүй. Эдүгээ Би Эйч Пи Биллитон Рио Тинтог 130 гаруй тэрбум ам. доллараар худалдаж авна гэсэн яриа хөөрөө дэлхийн бизнесийн ертөнцөд ид шуугиан тариад байна. Энэ хоёр аварга компанийн хувьцааг давхар эзэмшигч олон байгааг бодохул яваандаа Би Эйч Пи нь Риогоо залгичих үйл явц бодитой болж чадах. Дэлхийн хамгийн том хоёр ийнхүү нэгдэхээс үнхэлцгээ хагартал айж байгаа Хятадын Засгийн газар төмөрлөг болоод зэс үйлдвэрлэдэг болгоны хувьцааг худалдан авах аянд мордсоныг манай яамдын шинжээчид ажигладаг, цаашдын хандлагыг "зурдаг" байлгүй дээ, эрхбиш. Чухам Хятад, Энэтхэг улсуудын асар их хэрэгцээ нь зэсийн үнэ ханш ойрын жилүүдэд өндөр хэвээр байх шалтгаан болно. Хэрэв Би-Эйч Пи болоод Рио Тинтогийн хоршил жил жилийн зэсийн суурь үнийг зах зээлд зарлаад эхэлбэл тэрхүү монополиос Хятад улс хамгийн түрүүнд сэрэмжлэх юм. Сэрэмжтэй хятадууд Рио Тинтогийн Оюутолгойд эзэмшдэг хувиас худалдаж авахаар түншиж эхэлснийг монголчууд зах зухаас нь сонссон шүү дээ.

Мөнөөх л Би Эйч Пи Биллитон , Рио Тинто хоёр зэс төдийгүй нүүрсний дэлхийд дээгүүрт тооцогдох олборлолт явуулж байна. Тавантолгойд харц унагаж буй бас нэг сонирхогч гэсэн үг. Аваргуудын толгойд магадгүй Монголын хоёр ордын хувь заяаг холбон зангидах алсын хараа багтана. Аанай л хятадууд энэ санаархлыг саармагжуулахаар эрчимтэй ажиллана. Газар зүйн байршлаараа тун тохиромжтой холбогдох Оюутолгой болоод Тавантолгойн баялагордуудын уурхайг эрчмийн нэг эх үүсвэрээр холбон, төмөр замыг ч хоршин ашиглах боломж энд харагдана.

Эдүгээ дэлхийн зах зээл дээр эрчимтэй явагдаж байгаа нэгдэх, нэгийгээ худалдан авах хувилбарууд, зууны тодотголтой том хэлцэл арилжааны нүүдлүүдийг таах эрсдэлийг Монголын Засгийн газар ордуудын хувьцаагаараа дамжуулан үүрч байна. Өнгөрсөн жил "Алкан"-ыг "Рио Тинто", "Арселор"-ыг "Миттал" групп худалдан авсан лугаа Риогийн хувьцаанд Хятадын Хөгжлийн банк үнийн санал хэлэх өдөр ойрхон харагдана.

Бид өнөөдөртөө ордуудынхаа хувьцааг төрийн эрх мэдэлд төвлөрүүлэх тухай ярилцаж суугаа. Гэвч айсуй өдрүүдэд хэнтэй хоршиж ажиллах, төрөөс ард түмэндээ амласан бэлэн мөнгөний бороо хэзээ орох тухай асуултад хэн ч тодорхой хариулж үл чадна. Харин бидний өдгөө хүсч чадах ганц зүйл гэвэл төслүүдийг ажил хэрэг болгох асар том бүтээн байгуулалтын хаялганд үндэсний компаниудаа бэхжүүлээд авах боломжийг ашиглах явдал билээ. Магадгүй энэ нь Тавантолгой, Оюутолгойгоос алтан бороо асгарахыг ам ангайн хий хүлээж хэвтэхээс хамаагүй олон жилийн өгөөжтэй , үр хойчдоо өвлүүлэх ажлын, боловсрол мэдлэгийн үлдэцтэй алхам болно. Үндэстэн дамнасан хөрөнгө оруулагчдыг эх нутагтаа татах хүслийн золиосонд үндэсний хэдхэн компани гоморхохоос илүүтэйгээр "Маde in Mongolia" брэндийн тухай монгол мөрөөдөл бүдгэрэх магадлал байна.

Л.Болормаа

From:

http://news.gogo.mn/r/15230#goh_header_table

No comments: